Б.ТУУЛ

 

Нийслэлд сүүлийн хэд хоног их хэмжээний цас ороогүй. Гэсэн ч шөнөдөө хяруу унах, хэт хүйтрэх зэргээс болж, замын хальтиргаа гулгаа ихээр үүсч байгаа. Үүнээс болж хүмүүс бэртэж, гэмтэх, хөл гараа хугалах явдал газар авсаар байна. ГССҮТ өдөрт 300 гаруй хүнд үйлчилж, ачааллаа даахгүйд хүрээд байна гэдгийг холбогдох албаныхан хэлж байгаа. Иймээс бэртэлтэй үед юуг анхаарах хэрэгтэй, ямар хоол хүнс хэрэглэх нь  эдгэрэлтийг түргэсгэж, эрүүл мэндэд тустай  байдаг талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах тасгийн эмч Б.Батзоригоос асуулаа.

ХАВАНТАЙ ҮЕД ШОХОЙ ТАВЬЖ БОЛОХГҮЙ

Ясны бэртэл авсан хүмүүс эмчилгээ хийл­гэхийн зэрэгцээ гам сайн барих хэрэгтэй гэдэг. Эмнэ­лэгт хэвтэн эмч­лүүлж байгаа болон ам­булатороор боолт хийлгэж буй өвчтнүүд эмчийн зөвлөгөөг дагах нь ховор байдаг. Тиймээс халь­тиргаа гулгаа ихэссэн энэ үед иргэд  анхаарал бол­гоомжтой явах, бэртэж гэмтсэн үед яаралтай   эмнэлэгт хандах нь чухал.  Гэмтлийн эхэнд үе мөч хавдаж, хавагнах хүндрэл гардаг. Харин хаван бүрэн гүйцэд буусны дараа шохойн бэхэлгээг хийх ёстой. Заримдаа шохой хатахдаа загатнах, үрэх зэрэг таагүй байдал үүсдэг. Гэхдээ өвчтөн шохойг хугацаанаас нь өмнө дур мэдэн богинос­гох, авч болохгүй. Хаван буух үед шохой өөрөө суларч эхэлдэг. Хэрэв та гар, хөл чилж байвал сойх аргыг хэрэглээрэй. Гараа хүссэн хугацаагаараа сойж болдог. Хөлөө 20-30 см орчим өндөрт байр­луулах нь тохиромжтой.

МӨСӨН ЖИН ЦУСАН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛДАГ

Боолт тавиулсны дараа гар, хөлийн хуруугаа сайтар ажиглаж байх нь зүйтэй. Боолтыг буруу хийсэн үед хуруунууд хавдаж, хөхрөх, чинэрч бадарайх, цайх шинж илэрдэг. Энэ үед яаралтай эмчдээ хандах хэрэгтэй. Харин оёдол тавиулсан өдөртөө шархны орчимд хуурай, мөсөн жинг 10-15 минутын хугацаатай тавихыг эмч зөвлөж байна. Жинг тавих хугацаандаа 15-20 минутын завсарлага авч болох юм байна. Ингэснээр цусан хангамжийг алдагдалгүй болгодог аж.

ЯСНЫ БЭРТЭЛТЭЙ ҮЕД ЯМАР ХООЛ ИДЭХ ВЭ?

Ясны бэртэлтэй эмчлүүлэгчид хор багатай хоол идэх нь тохи­ромжтой. Мөн хонь, үхрийн мах нь алдагдсан энерги, уурагийг нөхдөг учир хэрэглэж болно. Сүү цагаан идээ, арвай будаа, шинэ хүнсний ногоо зэрэг шим тэжээлтэй хүнс хэ­рэглэх хэрэгтэй. Исгэлэн тараг, айраг, архи, пиво болон хийжүүлсэн ундаа уухыг хориглодог.  Эдгээр бүтээгдэхүүн нь шарх сэд­рээх, эдгэрэлтийн явцыг удаашруулдаг сөрөг нөлөөтэй. Буруу бэлдсэн ангийн мах ч бас хор болох нь бий. Мөчдийн тогт­воргүй хугаралттай  өвчтөн аль болох чөлөөтэй, чийг даадаггүй, агаар сайн нэвтэрдэг хувцас өмсөх хэрэгтэй.