Э.ОРХОНСҮРЭН

Шинэ он гарснаас хойш эрүүл мэндийн салбар балаг ихтэй байна. Барцад нь гараагүй эмч нар хүний аминд хүрч, зарим нь хүүхэд түлж, хэрэгт орохоо дөхөв. Эмч нарын энэ алдаа мадаг эрүүл мэндийн салбарын­ханд өөрчлөлт шинэчлэл­тийг эрчимтэй хийхэд хүр­гэсэн юм. Эмч нарыг алдаагаа хянах, хийсэн ажилдаа хариуцлагатай хандахыг сануулсан долоо хоногийн аянг зарлав. Мөн эмч нарын дунд энэ жил ямар ажил зохион байгуулж,  эмнэл­гийн тусламж үйл­чил­гээг хэрхэн сайжруу­лахыг ЭМЯ-ны удирдла­гууд хэлэлцсэн. Энэ ажлын эхлэл болгож, сал­барын сайд саяхан эмнэл­гүүдэд гэнэтийн шалгалт хийж  “сандаргав”.  Энэ удаа хамгийн хол, хотын төвөөс нэлээд зайдуу оршдог Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв буюу бидний нэрлэж заншснаар “Шар хадны эмнэлэг”-ийг зорьсон юм. Албаны хүмүүсийн ярьж буйгаар салбарын сайд нь саяхан шинэчлэн бат­лагдсан Сэтгэцийн тухай хуулийн хэрэгжилт, өвчтөнүүдийн орчин нөхцөл, эмч нарын харилцаа хандлагыг со­нир­хохоор явж байгаа нь энэ гэв. Гэтэл сайн сайхан яваа гээд дүр эсгээд байдаг эмнэлгийн дарга нар эхнээсээ хамаг ажил нь зуун задгүй угтсан юм.

 

ЭМНЭЛГИЙН ДАРГА НАР ЭХНЭЭСЭЭ “АСУУДАЛД ОРОВ”

Өөдлөх айл үүднээсээ гэсэн ардын зүйр үг байдаг. Биеэ зөв авч явж чадахгүй өвчтөн бүү хэл эрүүл саруул иргэн ч явахад хальтирч унахаар мөс, цасандаа дарагдсан зам талбайтай угтлаа. Сайдыг ирэв үү, үгүй юу тушаал авсан цэрэг шиг эмч, ажилчид нь хүрз ба­рин гадаа зам, талбайгаа цэвэрлэж эхлэх нь  инээд­мийн жүжиг шиг харагдах ажээ. Энэ мэт ажил нь эмнэлгийн дарга нарыг сонгон шалга­руулалтад оруулах ажлыг түргэсгэв.

Олны дунд буурал түүхтэй энэ  эмнэлэгт  одоо­гоор  420 орчим эмч, ажилтан, 450 ор, 11 тасаг­тайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж.  Сал­ба­рын­хаа сайдыг тус эм­нэлгийн Эмчилгээ эрхэл­сэн орлогч дарга Л.Насан­цэнгэл угтав. Н.Удвал сайдыг очиход  тус төвийн эмч бүсгүй захиралдаа зодуулсан гэсэн гом­дол­тойгоор угтсан юм. Тус төвийн эмч н.Энхтуяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Эрдэнэбаярыг өөрийг нь зодсон хэмээн  гомдоллож байсан юм.  Сайд тус төвийн ерөнхий захи­ралтай уулзах үеэр тэрээр албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр халагдах өргөдлөө бичих гэж байгаагаа дуулгасан байна.

 

СЭМҮТ-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭД “САЙН” ГЭЖ ДҮГНЭВ

Ингээд тус эмнэлгийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж буйг мэдэхээр тасгуудаар явав. Эмнэлгийн хонгил хөл хөдөлгөөн ихтэй байгаа нь  сэтгэцийн эмгэгтэй хүмүүст  групп тогтоодог хурал болж байгаатай холбоотой гэж байв. Энэ хурал долоо хоног бүрийн Мягмар гаригт болдог ажээ. Энэ үеэр иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо. Иргэдийн зүгээс эмнэлгээ муул­сангүй. Харин ч эмч эм­нэлгээ өмөөрч байв. Энэ эмнэлгийн эмч нар биеэ зөв авч явж ч чадахгүй хагас ухаантай хүний ая эвийг олох гэж аав, ээж шиг нь харж хаддаг хэмээн иргэд, ам сайтай байсан. Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчдийн 50 хувь нь харж хандах хүнгүй эмч, эмнэлгийн хяналтад байдаг ажээ.

2000 онд Сэтгэцийн тухай хууль анх батлагдаж байсан. Тэр үед нийгмийн хөгжил, хүмүүсийн сэт­гэхүй, сэтгэцийн өвчлөл бага байжээ. Гэтэл одоо улсын хэмжээнд 22 мянган сэтгэцийн өвчтэй хүн байдгаас нийслэлд 6000 гаруй байдаг байна. Гэтэл 450 ортой тус эмнэлэг 6000 хүнд хүрч үйлчилнэ гэдэг нэг талдаа бэрхшээл ихтэйг илтгэх аж. СЭМҮТ-ийн шинэ эмнэлгийн барилгын эхлээд хэдэн сар болж буй.  Ирэх дөрвөн сард ашиглалтад орох гэнэ.