Д.ГЭРЭЛ

 

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга асан С.Энхжаргалтай ярилцлаа.

-Дархан-Уул аймгийн хэмжээнд өвчлөл хэр байна вэ?

-Өвлийн улиралд то­муугийн өвчлөл нэмэгдэх нь элбэг байдаг. Өнөөд­рийн байдлаар хүүхдийн томуу өвчлөл их байгаа учраас хүүхдийн эмч нарыг уртасгасан цагаар ажиллуулахаас гадна өрхийн эмнэлгүүдийг ажиллуулж байна.

-Өвөлжилт хүндэрч байгаа учраас өвчлөл нэмэгдэх шалтгаан болж байна уу?

-Жилийн жилд өвч­лөлийн байдал арван­нэгдүгээр сарын сүүлээс эхлэн нэмэгддэг. Өнгөр­сөн жилтэй харьцуулахад өвчлөл бага байгаа ч хүндрэл нь илүү байна. Шинэ жил, цагаан сар давхцаад өвчлөл нэмэгдэх тал бий.

-Таныг эцэг, эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох асуудлаар нэлээд их дуугардаг гэж сонссон юм байна. Энэ талаар яриач?

-Миний хувьд Монголын чанарын мене­жерийн дэд тэргүүнээр ажилладаг. Ер нь дээр, дооргүй хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр эрүүл мэндийн салбар иргэдээс өндөр оноо авч чадахгүй байна. Үүний гол шалт­гаан нь хэд хэдэн зүйлтэй холбоотой. Эрүүл мэндийн салбар нь бусад салбартай уялдаж явах ёстой. Нэг үгээр хэлбэл, эрүүл мэн­дийн бодлогыг бусад салбартай уялдуулах­гүй­гээр зөвхөн эмч, эм­нэлгийн ажилтны хариу­цах ажил болгож үлдээж болохгүй. АНУ-д ерөнхий боловсролын сургуульд нь эрүүл чийрэг хүүхэд, эрүүл мэндийн боловсрол гэсэн хоёр стандартаар хичээл ордог. Тэгвэл Монголд эсрэгээрээ. Биеийн тамир, эрүүл мэндийн хичээл нь стандарт байхгүй. Өөрөөр хэлбэл, хүүхдийг цэцэрлэгт байхад нь үсэг, бичиг заахаас илүү гараа зөв угаадаг, хогоо хаяад сурчихдаг, эрүүл мэндийн боловсролыг багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй. Сургуульд нь нас насны онцлогт нь таарсан эрүүл мэндийн боловсролыг сургуулийн стандартад нь оруулах ёстой. Ийм болохоор эмч нарыг хангалтгүй ажиллаж байна гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа юм. Хүн бүр ээж, аав болдог учраас гараа зөв угаадаг, бэлгийн замын халдвараас хамгаалж чаддаг байх бодлого руу ороосой гэж хүсч байна.

-Эрүүл мэндийн сал­барыг өөрчилж шинэчлэх саналаа сайдад хүргүүлсэн гэсэн үү?

-Чанарын үндэсний зөвөлгөөн өнгөрсөн оны төгсгөлд болсон. Үндэсний зөвөлгөөнд гарсан саналаа нэгтгээд Эрүүл мэндийн сайдад бичгээр хүргүүлэхээр болсон. Ингэхдээ улс төржихгүй зөвхөн гарцыг зааж өгнө. Бидний тавьж байгаа санал юу вэ гэвэл нэг­дүгээрт, эрүүл мэндийн салбар бусад салбартай холбоотой байх ёстой. Гэтэл өнөөдөр төрийн нарийн бичгийн дарга энэ асуудлыг хариуцаж байна. Түүний санхүү, харилцаа холбоо бусад салбартай харилцаад ажиллана гэдэг хэцүү. Үүний тулд Ерөнхий сайдын дэргэд чанар хариуцсан зөв­лөлтэй болох хэрэгтэй. Ингэж эрүүл мэндийн салбарт хуримтлагдсан асуудлыг шийдэж болох юм. Хоёрдугаарт, эмнэл­гийн үйлчилгээний тас­ралтгүй байдлыг авахын тулд эмнэлгийг бие даалгах, сэтгэлгээг нь өөрчлөх ёстой. Өнөөдөр гадны орнууд эмнэлгээ зочид буудлын системд шилжүүлсэн байна. Эмнэлэгтээ нэг, хоёр­дугаар зэрэглэл тогтоосон. Харин манайх стандарт байтугай  цагаан хэрэг­лэлээ гаднаас авна. Ор дэвсгэр, дэр нь хуучраад эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа юм. Нөгөө талаас эмнэлгийн ажилчид бол хүн. Тэд эрүүл, аюулгүй орчинд ажиллах эрхтэй. Гэтэл ажиллаж байгаа орчин нөхцөл нь стандарт хангасан юм алга. Энэ мэтчилэн эрүүл хүний төлөө төр, засаг нь ажил­лах ёстой байтал “Эрүүл Монгол хүн” гэсэн аян өрнүүлэхээс өөр ажилгүй байна.  Аяны хүрээнд оношлогоо хийж болж байна. Харин нөгөө өвчтэй хүнээ эмчлэх эмчилгээ нь тасарчихсан. Дархан-Уул аймагт шүдний өвчлөл ямар байгааг тодорхойлоод гаргаад ирсэн. Эргүүлээд эмчлэх гэхээр даатгалын мөнгө нь шийдэгдээгүй байх жишээтэй. Үе шаттай эрүүлжүүлэх системдээ анхаарал тавихаас биш оношлогоо бол асуудал биш. Эмчлэх асуудалдаа анхаарал хандуулахгүй бол хүн амын 60-70 хувь нь шүдний өвчтэй байна. Энэ нь ирээдүйд бөөрний өвчтэй болохын дохио.. Бөөрний өвчтэй бол бөөрний дутагдал болно. Хоёрдугаарт, хоолойны өвчин их байна. Энэ хурц өвчнөө эртхэн анагаахгүй бол эцэст нь хүүхэд, залуус өвчний үүр болж байна. 1987 оноос хойш эрүүл мэндийн салбарт шинэ эмнэлэг бариг­даагүй. Ганц шаардлага хангасан Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг эргүүлээд татан буулгахаар боллоо. Ханид томуу их гараад өвчтний тоо буурахгүй байхад өөр нэг эмнэлгийн байрыг булаана гэдэг байж болохгүй асуудал. Өнөөдөр элэгний мэс засал болоод үе мөч шилжүүлэх мэс заслыг амжилттай хийж байгаа талаар ярьж байна. Тэгвэл тэр мэс заслыг хийж байгаа эмнэлгүүд хэдэн онд баригдсан бэ. Бодоод үз дээ. Шаардлага хангасан ямар ч өрөө алга. Монголчууд зоригтой тулдаа стандартын бус өрөөнд хагалгаа хийж байх шиг байна.

-Эмнэлгийг цахим­жуулах шаардлагатай гэж үзэж байгаа гэсэн. Энэ тухай...?

-Эмнэлэгт очихоор эмч нар бичээд  бичээд л байна. Өвчтнөө үздэггүй. Тэгвэл энэ олон тайлан мэдээгээ цэгцлэх цаг болжээ. Монгол цахим бүртгэлд орсон юм бол эрүүл мэндийн салбарт оруулах ёстой. Нэг өвч­төнөө нийслэл рүү шил­жүү­лэхэд түүний өвчний түүх аль хэдийнэ оччихсон байх хэрэгтэй байна. Тод жишээ гэвэл нэг өвчтөн өрхийн эмчдээ хандаж өвчнөө тоочиж. Өрхийн эмч “Та дүүргийн эмнэ­лэгт ханд” гэвэл нөгөөх маань дахиад л өвчний түүхээ ярина. Ингэж өвчнөө ярьсаар байгаад туйлдаж гүйцэж байна. Цахим мэдээлэл эрүүл мэндийн салбарт ус, агаар шиг хэрэгтэй байгаа юм. Энэ мэтээр эмч нараас хамаарахгүй өөрчлөлтийг хийгээгүй байж эрүүл мэн­дийн салбар унасан байна гэж ярих нь зохисгүй.