Эрүүл мэндийн салбар иргэдэд хамгийн ойр дөт байж, итгэж  болох учиртай газар баймаарсан. Салбарынхаа нэрийг унагадаг эмч нарын балгаар энэ салбар өөдлөхөөсөө нэгэнт өнгөрчээ. Өвдөж, зовсон олонд гараа сунгаж энэрэхийн оронд “Дугаар авсан юм уу. Аваагүй бол хэнийг ч үзэхгүй” гэж өрөөндөө гоодож суух эмчтэй дүүргийнхээ эмнэлэгт олонтаа таарч байлаа. Нярайлаад удаагүй тэнхээгээ барж, туйлдсан эмэгтэйд бүүр хүний юм шиг ханддаг сүрхий эх баригч нар эмнэлгүүдэд олширчээ. “Энэ хэдэн төгрөгийн оёдол вэ. Хагалгааг нь яаж оёх билээ” гэж бараг л ярзайлгах уу, жимбийлгэх үү гэх нь холгүй ярилцах эх баригч, сувилагч нарын яриаг дуулаад амаржаад удаагүй эх эгээтэй л орон дээр мажийчхаагүй гэж байв. Хэдэн төгрөг төлснөөр нь хэмжиж оёдол тавьдаг ийм хүйтэн сэтгэлтэй, мөс шиг дотортой хүмүүс өнөөдөр тангараг өргөсөн болж цагаан нөмрөгөөр халхавч хийж төрөх эмнэлгүүдэд ажилламар болж байна. Ажилламар гэж хэлсний учир нь улсаас тогтмол цалин авч дээр нь төрж буй эх бүрээс хууль бусаар төлбөр авч мөнгөндөө тохируулсан үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, асрагч нарын эрхийг хасч, ийм тааруу үйлчилгээтэй эмнэлгүүдийн үүдийг барьчихад яагаад болохгүй гэж.

Зах зээлийн үл үзэгдэгч гарны зохицуулалт, өрсөлдөөний хуулиар тэд ажил, үйлчилгээгээ сайжруулах нь лавтай. Тэднээс тангараг энэ тэр гэж цаасан дээр хараар бичсэн бэлэг, тэмдгийн чанартай хэдэн үгийг биелүүл гэж муйхарлаад яах вэ гэдгийг цаг хугацаа харуулж байх шиг. Муу хэлээд л байдаг хэрнээ Монголын хэдэн төрөх эмнэлгийн даварсан эмч, сувилагч нарын учрыг Авлигатай тэмцэх газрынхан олчихож чадахгүй байгаа нь хэрэгтэй үед нүдээ аниж, чихээ бөглөж, харилцуураа авдаггүйн тод жишээ юм. Төрөх эмнэлгүүдэд жинхэнэ авилга авхай төрхөөрөө залраад удаж байгааг монголын ээжүүд цөм шогширч хэлдэг. Гэсэн атлаа өнөөдрийг хүртэл тэд нарыг оролдолгүй толгойг нь илсээр. “Шинэ хүнтэй болох гэж байгаа юм чинь хэл амгүйхэн мөнгийг нь өгч шулуухан эсэн мэнд амаржвал боллоо” гэсэн хосуудын үг тэдэнд найр тавих нэг үндэс болдог гэж хэлж болно. Хөдөөнөөс ирээд удаагүй бэр маань нэгэн төрөх эмнэлэгт амаржихдаа эмч нарын гарыг хүндрүүлэхгүй  бол “цаашаа явж бай” хэмээн хөөж, орон дээрээ хэчнээн олон гаргаж, буулгаж зовоодгийг хэлээд бурханд залбирч байсан юм, хөөрхий.

Төрөх эмнэлгүүдэд мөнгөгүй эмэгтэй очоод ч бараг хэрэггүй. Арай ядан төрлөө гэхэд эмнэлгийн дарга, даамал, таньдаг хүнээрээ гуйж, хэлүүлж байж аманд нь бүлээн шөл хүргэвэл их юм. Ийм тохиолдолд мөнгө тааруу залуу хосуудад байнга тулгарч байгааг хараад хэлэх ч үг олдоогүйдэг. Бүр ядарсан, зүдэрсэн эмэгтэй төрвөл сувилагч, асрагч нар загнаж, зандарахаас өөр үйлчилгээ үзүүлэхгүй. Хэдэн төгрөг харангуут л  “Яах уу. Ийх үү, шөлөө халбагдуулах уу, хүүхдийг чинь угаагаад ирье, өлгийний аятайхан даавуу олоод ирлээ” гээд л бөмбөрч байгааг үзээд нүдэндээ, чихэндээ итгэхэд бэрх юм билээ.

Саяхны нэг явдал санаанд буулаа. Сүхбаатар дүүргийн цагдаагийн тасагт нэг иргэн гомдол тавихаар ирэхэд “Гутлаа арчиж орж ирсэнгүй” хэмээн зандарч зүй бусаар харьцаж хөөж гаргасан аж. Тэрбээр энэ тухайгаа учирлан цагдаагийн даргад нь гомдлоо бичтэл дарга нь тэр даруй ажилтнуудаа жагсааж иргэн Б-с уучлалт гуйлгажээ. Эмнэлгийн дарга, удирдлагууд түүн шиг болоосой гэж би хүснэ. Улмаар түүнд хүндэтгэл үзүүлж байгууллагынхаа ажил, зовлон, жаргалыг ярьж иргэн цагдаа хоёр эвлэрч,  ойлголцлоор салсан гэж дуулаад энэ төрөх эмнэлгийн эмч нарыг иргэдээс уучлал гуйлгадаг болмоор санагдлаа.  Гэхдээ зүгээр л хэн нэгнээс уучлал эрээд байхгүй л дээ. Төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж цалин, хангамж авч байж үйлчүүлэгчээсээ мөнгө нэхэх, гар харах, танил талдаа үйлчлэх зэргээр зүй бус авир гаргасан л бол тэр эмч, эмнэлгийн ажилтан яагаад үйлчлүүлэгчээсээ уучлал гуйж болохгүй гэж. Нэгэнт л хүний амь насны төлөө хөлс, цусаа урсган шуурхай ажиллана гэж тангараг өргөдөг юм чинь уучлаарай гээд сэтгэл засах хэдэн сайхан үг хэлчих тийм хэцүү гэж үү.