Б.ЭНХТУУЛ

Шинэчлэлийн Зас­гийн газар ойрын өдрүүдэд ажлаа тайлагнаад зав муутайхан байна. Салбар, салбарын яамд  хэвлэлийн бага хурал зарлаж, хийж бүтээснээ гэрэл зургийн хальснаа буулгаж, иргэдэд танилцуулж байна.  Үнэн­дээ бол энэ жил улс төр, сонгуулийн дүйвээнээс  болоод иргэдийн олонхи нь хэн хаана юу хийж бүтээгээд байгааг анзаарах сөхөөгүй явна.  Ямар­тай ч сайн ажилла­сан гэх салбар, салбарын  сайд нар “Аливаа зүйлийг хийж амжуулахад, мөн өөрчилж шинэчлэхэд гур­ван сар гэдэг хангалттай хугацаа” хэмээн хэлж байна. Тиймээс энэ удаа иргэдийн анхаарлын төвд байгаа эрүүл мэндийн салбар луу өнгийж үзэхээр шийдэв.  Учир нь хүйтэн сэрүүн орж, хууч өвчин сэдэрсэн энэ үед  хүүхэд, хөгшидгүй л  эмч, эмнэлэг хоёрт хандаж, өвдөж, зов­соноо хэлж явна.  Жилийн дөрвөн улирлын турш, өвөл, зунгүй өвчтөнүү­дийн хөлд дарагдаж, “Өгдөг авдаг, гар хардаг”, “Танил талаараа хэлүү­лэх­гүй л бол тоож хардаг­гүй” хэмээн хэлтэй амтай нэгэнд нь  үгийн муухайд булуулан суудаг газар бол  эмнэлгийнхэн.

 “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэг шиг  энэ мэт асуудал эмч, эмнэлэг хоёрт алаг цоогтой байдаг нь нууц биш. Тэр утгаараа салба­рын сайд солигдоход  бүрт хүмүүс “Хэн гарч, юу хийх бол” хэмээн хүлээж  суудаг.

 

САЛБАРЫН САЙД СОЛИГДООД ГУРВАН САР БОЛЖ БАЙНА

“Энэ удаа эмч мэргэ­жил­тэй хүн гарлаа”, “Эрүүл мэндийн салбарыг мэддэг хүн сайдаар томи­логдлоо” хэмээн эмч, эм­нэлгийн хүн хоёр баярлах. Харин иргэд юу хийж, юуг шинэчилж, өөрчлөхийг нь хүлээж сууна. Би ч бас тэдний нэг. Жирийн нэг иргэний төлөөлөл.  Эрхэм сайдын ажлын 100 хоногт  хийж, хэрэгжүүлсэн аж­лыг бас л сонирхон, сон­жиж сууна. Үнэндээ бол жирийн иргэн надад ч бас  эмчийн харилцаа ханд­лага, эмнэлгийн үйл­чилгээний чанар сайж­раа­сай гэсэн бодол байна.

Ажлын цагаа тасдан барин, авдаг хэдэн төг­рөгөө хасуулж тануулан, ажлаасаа хөөгдөх шахуу улсын эмнэлэгт оочер дугаар аваад зогсдог хүн бидний дунд цөөнгүй бий. Хэдэн өдөр эмнэлгийн хонгилд, эмчийн өрөөний үүд  сахин, хэдэн шинжил­гээний бичгээ халтар бол­тол  бариад, хөлөө чилтэл, зогсдог нь  хэлэхэд ичмээр ч  булавч бултайх ганц үнэн. Ар өврийн хаал­ганд “түл­хүүр”-ийг нь тааруу­лан арай гэж хэв­тэж эмч­лүү­лэх болохоор эм тариа нь тасарчихдаг, эмч нарын шахааны эм тариагаар арав хоноод гардаг хүн ч бидний дунд цөөнгүй бий. Тэр утгаараа энэ сал­барыг өөрчлөгдөж, шинэч­лэг­дээ­сэй гэж хүсэн хү­лээ­дэг, энэ мэт мэдээл­лийг нь чих тавин сонсдог хүн захаасаа аваад дуусах хүртлээ таарах вий.  Тий­мээс энэ салбарын өөрч­лөлт шинэчлэлтэд чих тавья гэсэн юм.

Салбарын сайд солиг­доод гурван сар болж бай­на. Саарал мэдээллүүдийн зарим нь гэгээ татаж байна. Иргэдийн дунд  шүүмжлэл дагуулаад бай­даг эрүүл мэндийн даат­галын тухай,  эмч, эмнэлэг хоёрыг бухимдуулаад бай­даг төсөв, мөнгө, санхүү­жилтын тухай салбарын хүмүүс санал бодлоо урал­дуулж, зарим нэгэн зүй­лийг өөрчилж, шинэчлэ­хээр зориг шулуудаж бай­на. Мөн эмч нарын ёс зүй, зан харилцааны тухай, эмнэлгийн тусламж үйл­чилгээг сайжруулах та­лаар хот, хөдөөгийн 200 гаруй эмч нар хотод ирж, хоёр ч удаа чуулаад буц­сан. Уг уулзалтад ирсэн эмч нар, эмнэлгийн дарга нар чухамдаа аймаг, су­ман­даа хүртэл хурал лекц уншаад, санамж, шаард­лага хүргүүлээд бужиг­нуулж байна гэж нутгийн иргэд ярих. Энэ мэт таа­тай мэдээллүүд иргэн миний хувьд сэтгэлд өег санагдав.

 

“ЭРҮҮЛ ЧИЙРЭГ МОНГОЛ ХҮН” ИРГЭДЭД БАС НЭГЭН БОЛОМЖИЙГ ОЛГОСОН

Эрүүл мэндийн салба­раас саяхан “Эрүүл хүү­хэд” аяныг улс орон даяар зохион байгуулаад ажлыг нь дүгнэсэн. Салбарын сайд ажлаа хүлээж аваад өнгөрсөн сарын дундуур “Эрүүл чийрэг Монгол хүн” аяныг эхлүүлсэн.  Энэ ажлын хүрээнд иргэ­дэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг хийж, эмчийн бичсэн жорын эмийг иргэдэд үнэ төлбөр­гүй олгосон. Мөн  уг  аяны хүрээнд иргэдээс эрүүл мэндийн салбарт шинэч­лэл, өөрчлөлт хийх  санал, хүсэлтийг нь  бас хүлээн авч байгаа гэж ярих.  Энэ мэт санаачлагатай ажлууд нь эрүүл мэнддээ анхаа­рал хан­дуулж чадахгүй байсан зарим хүнд бас нэгэн боломжийг олгов. Засгийн газраас хэрэг­жүүлж буй энэ арга хэм­жээнд хот, хөдөөгийн иргэд тун идэвхтэй хамрагдсан гэж албаны хүмүүс ярьж байна.  Эрүүл мэндийн яамныхан  өмнө нь иргэдээс ирдэг өргөдөл гомдолд  дуншиж байж нэг юм хариу өгдөг байсан. Салбарын сайд солигдоод сарын дотор хариу нь ирдэг болсон гэж ярих хүн бас таарав. Энэ мэт ажил эрүүл мэндийн салбарт өөрчлөлт, шинэчлэлтийг алхам алхамаар урагш­луулж байгаа нь хэн хүнд бас таатай санагдах аж.  

 

ЭНЭ САЛБАРТ АВЛИГА ГЭДЭГ АСУУДАЛ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ БОЛСОН

Одоо “Эрүүл мэндийн салбар эрүүлжиж байна уу” гэж захын нэг хүнээс асуувал “Үгүй” гэж хариу­лах хүн хэтэрхий олон таарна. Яагаад гэвэл, энэ салбарыг шинэчилэхэд 100 хоног битгий хэл ар­ван жил ч багадна. Харин чанарыг нь сайжруулж, алхам алхамаар шинэчи­лэхэд бага багаар гэгээ татсан энэ ажил  нэг өдөр гэрэлтэх нь лав. Энэ ажилд эрүүл мэнддээ анхаа­рал тавихаас эхлээд жирийн иргэн миний хичээл зүтгэл ч бас чухал байх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, эрүүлийг эрхэмлэдэг бүхний, эмч, эмнэлгийн салбарын ажил­чид, албан хаагчид гээд дарга цэрэггүй бүг­дийн оролцоо хэрэгтэй юм. Эрүүл мэндийн салбарт олсон ололт, амжилт их ч цаашид анхаарах, тул­гамд­сан асуудал бас  цөөнгүй байна. Иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгох гэж засаг төрөөс бас хэрэндээ л анхаарч байна. Гэсэн ч эрүүл мэндийн салбарт өвдсөн нэгнээс нь ашиг хардаг, халаас хоосон нэгнийг нь чирэгдүүлдэг. Танил тал ихтэй дарга нар түрүүлж хэвтдэг, тэтгэврийн хэд нь хоног хугацаа алдаад, өвчнөө хүндрүүлээд ор тасаг нь хэзээ сулрах бол гээд сураг тавиад явдаг явдаг гажиг тогтолцоо газар авсаар байгаа нь нууц биш. Энэ салбарт  авлига гэдэг асуудал хэвийн үзэгдэл болсон.  Асрагч, сувилагч, эмч, эмнэлгийн дарга гээд бүгд шат шатандаа авилга авдаг гэлцдэг. Эмнэлгийн асрагч, сувилагч нарт ууттай чихэр, шоколадны цуглуулга зэргийг  өгдөг бол эмч нарт нь дугтуйнд хийсэн мөнгө атгуулахгүй л бол асуудлыг чинь барагтай л бол тоохгүй гэдэг. Энэ мэт асуудал нь энэ салбарын нэр хүндийг унагааж, иргэдийг чирэг­дүүлж байгаа нь нууц биш.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ “ЭРҮҮЛЖҮҮЛЖ” МЭДЭХ ЗУРГААН ТОМ ТӨСӨЛ

Энэ салбарыг “эрүүл­жүүлэхэд” их зүйлийг хийх хэрэгтэй болно. Их ч хөрөнгө зарах шаардлага гарна. Одоо салбарын сайд “Эрүүл мэндийн салбарт  2012-2016 онд хэрэг­жүү­лэх шинэчлэлийн суурь арга хэмжээ” буюу  эрүүл мэндийн салбарт цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зургаан том зүйлийг  яаравчлах хэрэг­тэй юм. Иргэн бүрийг эрүүл мэндийн цахим карттай болгох,   иргэдийн гар дээр ямар ч хяналтгүй орж ирдэг эмийн чанарт анхаарал хандуулах, эмч нарын ёс зүй, зан харил­цааг сайжруулах гээд сая­хан хот, хөдөөгийн 200 гаруй эмч нартай хэлэлц­сэн олон төслийг хэрэг­жүүлчихвэл гэсэн бодол учир мэдэх хүмүүст горьд­лого төрүүлж байна. Эдгээр төслийг яаралтай  хэрэг­жүү­лэх, энэ ажилд шуур­хай­лан орж, эрүүл мэн­дийн салбарт бугшсан идээ бээрийг ша­хаж, тууш­тай арга хэмжээ ав­бал энэ салбар эрүүлжиж мэдэхээр байна.