Э.ОРХОНСҮРЭН
“Салимон”, “Нефромон” гэхээр манайхан андахгүй болсон. Дархлаа сэргээх, бөөрний үрэсвэлд хамгийн түрүүнд эдгээр эм бэлдмэлүүдийг уудаг болсон. Харин энэхүү хоёр эмийг зохиогч нь оюуны өмчөө баталгаажуулж олон улсад зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн болгожээ. Энэ талаар тодрууллаа.
-Монголын түүхэнд анх удаа “Салимон”, “Нефромон” эм нь лицензийн эрхийг авсан байна. Энэ эмийнхээ талаар танилцуулаач?
-Энэ эмийг хэрэглэж эхэлсэнээс хойш 14-21 хоногийн хугацаанд эмчилгээний үр дүн илэрдэг нь тогтоогдсон. Манай хүмүүс аливаа эм бэлдмэлийг уугаад л шууд үйлчлэх ёстой юм шиг ойлгодог. Энэ эмийн хувьд 3-4 долоо хоногийн дараа тодорхой үр дүн гарч ирнэ гэж ойлгох хэрэгтэй. Үүний дараа 2-3 сар завсарлаад дараа нь дахин хэрэглэнэ. Энэ хооронд ямар нэг гаж үйлчлэл байхгүй. Хэрэв манай эмийг уугаад өөрт нь байгаагүй ямар нэг гаж нөлөө илэрсэн бол бидэнд хэлэх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд бидэнд цаг алдахгүй мэдээлж байх нь чухал. Хамгийн гол Монголын эм бүтээдэг хүмүүсийн амьдралд шинэ үе ирж байна. Учир нь тус хүмүүсийн шинжлэх ухаан, оюуны өмчийг патентаар нь баталгаажуулж өгдөг боллоо. Өмнө нь бид эм бүтээдэг тэр эмийг хаана үйлдвэрлэхээ мэддэггүй. Лицензийн гэрээ, зохиогчийн эрх, барааны тэмдэгтийн гэрчилгээ зэрэг хуулийн ямар ч заалт байгаагүй.
-Ямар өвчинд хэрэглэж болох вэ?
-Хамгийн гол нь дархлаа тогтоох. Дархлааны дутагдал гэдэг түгээмэл өвчин. Хамгийн хүнд хэлбэр нь ДОХ. Гэтэл дэлхийн эрдэмтэд сүүлийн 50 жилд ургамлын гаралтай эм бүтээх гэж маш их оролдсон. Үүний үр дүнд хоёр бүтээгдэхүүн гаргаж авсан. Нэг нь “Иммунал” нөгөө нь “Салимон” юм. Энэ бүтээгдэхүүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Монголчууд оюуны чадамжаараа муу биш гэдгийг харуулж байгаа нэг илрэл.
-Дэлхийн зах зээлд хэрхэн нэвтрүүлэх бол. Энэ талаар судалж үзсэн үү?
-Дэлхийн зах зээлд нэвтрүүлэх оролдлогуудыг хийнэ. Гэхдээ эхний ээлжийнд Монголынхоо ард түмэнд энэ эмийн ач тусыг таниулах нь чухал. Дараа нь дэлхийн улс орнуудаас хүсэлт санал ирвэл байж болно. Ер нь эмийн практикт бусад орнуудад эм нэвтрүүлнэ гэдэг маш нарийн. Өөрөөр хэлбэл бидний хийсэн судалгааг дахин судлах, хянан шалгах, тодорхойлох зэргээр үзсэний дараа үр дүн сайтай байвал авч ашиглах, үйлдвэрлэж эхэлдэг.
-Энэ эмийн гол түүхий эд нь юу байна вэ?
-Энэ эмийг гаргаж авахдаа ард түмний аман сурвалжаас эх авсан. 1993 онд судалгаа хийж байхад Дундговь аймгийн Өлзий сумаас мэдээ ирсэн юм. манай нутагт нэгэн сонирхолтой ургамал байдаг. Судлах эрдэмтэн байвал ирж судлаач гэсэн. Нутгийн хүмүүс тэрхүү ургамлыг хавганасан болон цусаар шээсэн үедээ хэрэглэдэг гэж зааж өгсөн. Тэгээд энд авчраад амьтанд туршиж үзсэн. 5-6 жил туршсаны дараа үр дүнд хүрсэн. Гол түүхий эд нь нарийн навчит тахилт гэдэг ургамлаас гаргаж авдаг. Үйлчлэгч бодис нь финалт нэгдэл байдаг. Сүүлийн үед манайд бөөрний өвчин их болсон. Бөөрний өвчний хүнд хэлбэр нь бөөрний дутагдалд орох. Тэгээд л бөөр шилжүүлэн суулгах тухай ярьдаг. Тиймээс яагаад эм судлаач бид нар ийм үед нь хэрэглэдэггүй юм гэхэд үүнээс арай хөнгөн үед нь хэрэглэдэг эм бүтээж болдоггүй байна гэж бодсон. Бидний гол зорилго бол химийн биш байгалийн гаралтай үйлчилгээ сайтай эмээр хангах явдал юм.
-Энэ эмийг хэдээс хэдэн насны хүмүүс хэрэглэж болох вэ. Хэрэглэх заавар нь?
-“Салимон” болон “Нефромон” эм нь спиртийн ханд учраас бага балчир насны хүүхэд хэрэглэх хэцүү. Гэхдээ үүний усан хэлбэр бас байгаа. Мөн шахмал хэлбэрээр хийх гэж байгаа. Ингэснээр жирэмсэн болон хүүхэд, настай хүмүүс хэрэглээний олон болоцоо нь гарч ирэх боломжтой юм.
-Сүүлийн үед эмийн зохистой хэрэглээ гэж ярих болж. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Манайхан эмийг хүнс шиг хэрэглэдэг болсон нь үнэн. Хаанахын ямар эм болох ямар нэгэн сөрөг нөлөө гарвал хэнд хандах нь тодорхой бус байдаг. Харин одоо энэ явдлыг үгүй болгож эзэнтэй болгож өгч байна. Монголд байгаа бүх эмийг ийм болгох хэрэгтэй. Үйлдвэрлэсэн компани, хийсэн эзэнтэй нь байлаж шууд эзэнтэй нь харьцах юм. Шууд харьцана гэдэг нь утсаар ч байсан болно. Би таны эмийг уусан одоо ийм байна цаашид яах уу гэх мэтээр.
-“Монос”-ын “Салимон” гэж байдаг энэ бүтээгдэхүүн одоо хэрэглэгдэхгүй гэж ойлгож болох уу?
-Одоо бол “Монос”-ын “Салимон” хэрэглэгдэхгүй. Та бүхэн нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. 2011 оны наймдугаар сарын 17-нд энэ эмүүдийг үйлдвэрлэх, бүтээх, суртачлах онцгой эрх нь нэр бүхий хоёр хүнд шилжсэн. Барааны тэмдэгт газар зүйн заалтын хуулиараа бүтээгдэхүүнийг эзэмшсэн хүн үйлдвэрлэх эрхтэй. Хоёр дах этгээд үйлдвэрлэж болохгүй гээд заасан байгаа. Харин хураах эсэхийг оюуны өмчийн газар шийднэ. Энэ шинэ салимон нь өнөөдөр бүх эмийн сангаар худалдаанд гарч эхэлнэ. Энэ гарсанаас хойш дээрх хуулийн дагуу явна.
-Өмнө байсан “Салимон”-оос юугаараа ялгаатай вэ?
-“Монос”-ын “Салимон” гэдэг чинь М.Амбага, Б.Саранчимэг гэсэн докторуудых. Харин одоо эдгээр эм нь жинхэнэ зохиогч дээрээ эрх нь шилжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл барааны тэмдэгтийн хуулиар онцгой эрхээ бид эзэмшээд “Монос” биш “Тавин-Ус” компанид үйлдвэрлэж байхаар болж байна.
-Чанар үйлчилгээний хувь илүү сайжирсан гэсэн үг үү. Үнэнд өөрчлөлт орох уу?
-Илүү сайжруулсан гэж ойлгож бас болохгүй. Үнэ нь хэвээрээ байна. Гэхдээ сайжруулах гэдэгт үйлдвэрлэж байгаа бодис, түүхий эдийн бэлтгэл байгаль орчноо хамгаалах асуудлаа өөрийн хараа хяналтаа авсан гэж ойлгох хэрэгтэй.
-Энэ хоёроос гадна үйлчилгээний хувьд өөр ургамлын гаралтай эм үйлдвэрлэж байна уу?
-Манай үйлдвэр инновацийн төв 10 орчим эрдэм шинжилгээний ажилтантай. Үүнээс гадна “Туплин долоо”, “Сансар хоёр” зэрэг есөн эм байгаа. Мөн “Маршид” гэж эм хийж байгаа. Энэ эм нь тархины цусан хангамжийн дутагдалтай, инфакт өгсөн хүмүүс уух юм.