Эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа шинэчлэлийн асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар 21 аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн удирдлагууд оролцсон хэлэлцүүлгийг энэ сарын 8-нд зохион байгуулсан. Харин энэ шинэчлэлийг хэрхэн хийх, хөдөө орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож цаашид авч хэрэгжүүлэх ажил байдалтай танилцах зорилгоор Эрүүл мэндийн сайд Н.Удвал Увс, Ховд аймагт  ажиллаад иржээ. Тэрээр  Увс аймгийн Өлгий, Ховд аймгийн Буянт сумын эрүүл мэндийн төв,  Зоонозын өвчин судлалын салбар төвийн ажил байдалтай танилцсан юм.

 

УВСАД ХАЛДВАРТ ӨВЧИН БУУРЧЭЭ

Увс аймгийн Улаан­гом хотын Эрүүл мэндийн га­зарт зочилов.  Тус аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүү­лэх байгууллагууд нэлээд хэд байдаг аж. Тухайлбал,   нэгдсэн эмнэлэг нэг, сум дундын эмнэлэг гурав, сумын эрүүл мэндийн төв 15 , багийн их эмчийн салбар хоёр, өрхийн эрүүл мэндийн төв дөрөв, ху­вийн эмнэлэг хоёр байдаг аж.  Тэдний ажил бай­далтай танилцсаны дараа Н.Удвал сайд Шинэч­лэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан “Эрүүл чийрэг Монгол хүн” зорилтын хүрээнд хийгдэх ажил бо­лон эрүүл мэндийн сал­барын суурь шинэчлэлээр хийж буй ажлын талаар танилцуул­сан юм.  Дараа нь тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд ажлаа тайлагнав. Тус аймагт өнгөрсөн онд халд­варт өвчин, ялангуяа халд­варт шар өвчний өвчлөл өндөр байсан тул халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээг эрчимтэй авч, авгалдай устгалын 20 хоногийн кампанит ажил өрнүүлжээ. Үүний үр дүнд 8000 гаруй  өрхийн  бие засах газар болон бохирын цооногт халдвар­гүй­жүү­лэлт хийсэн байна. Мөн “Халдварт өвчний өнөө­гийн байдал цаашид буу­руулах арга зам” семина­рыг эрүүл мэн­дийн бай­гууллагынхаа нийт  ажил­танд  хийж, үйл ажилла­гааг нь эрчим­жүүлсний дүнд халдварт өвчин өмнөх оны мөн үетэй харь­цуу­лахад 61.3 хувиар буурчээ.

 

83 БАГТ ҮЗЛЭГ, ЭМЧИЛГЭЭ ХЙИЖЭЭ

Үүнээс гадна халдварт бус өвчний эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд хамт олны үүрэг оролцоог нэмэгдүүлэх,”Иргэдэд урт наслалт, архи тамхи шинэ үеийн сонголт биш”, “Эрүүл зохистой хооллолт, сургууль тамхигүй орчин, хүн хөгжил-хөдөлгөөн”  сэдэвт аяныг өрнүүлж, үзлэг оношлогооны ажлыг амжилттай зохион байгуул­жээ.  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчид түргэн шуурхай тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор есөн чиглэлийн 68 ажлыг энэ онд төлөвлөж 85.8 хувийн биелэлттэй байгаа гэнэ. Мөн “Нэг сургалт-нэг бүтээлч ажил” аяныг жилийн турш өрнүүлж үр дүнг тооцон ажиллахаас гадна “Алдааны сан” байгуулан эмч, эмнэлгийн ажилчид алдаанаасаа суралцан ажлын чанараа сайжруулах тал дээр санаачилгатай ажиллаж байгаа гэж байв.  Үүнээс гадна “Баг-83” бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд алслагдсан сум, багийн иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын багийг 19 сумын 83 багт үзлэг, эмчилгээ хийжээ. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгээр ар­терийн даралт ихсэх өвч­ний үзлэг 58 хувь, чих­рийн шижин 45.3 хувь, умайн хүзүүний өмөн 73.9 хувь, хөхний өмөнгийн үзлэг 42.8 хувьтай байгаа гэнэ.

                               

 ХОВДОД АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧИН ЭЛБЭГ БАЙНА

Ховд аймаг нь 85400 гаруй хүн амтай. Аймгийн 10 мянган хүнд ногдох эмнэлгийн ор 62, их эмч 14 байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн нэг оронд 159 хүн, нэг их эмчид 708 хүн ногддог байна. Тус аймгийн хэм­жээнд өвчлөлийн тэр­гүүлэх шалтгаанд амьс­галын эрхтэн тогтолцоо, шээс, бэлгийн замын өвчлөл, дотрын өвчин эмгэг ордог гэнэ. Харин нас баралтын тэргүүлэх шалтгаанд цусны өвчин болон хавдар, осол гэмтэл ордог аж. Ховд аймгийн Бүсийн Оношлогоо Эм­чил­гээний Төв нь Засгийн Газрын 194 дүгээр тогтоолоор байгуулагдаж байсан. Бүс нутгийн хүн амын эрүүл мэндийн байдал, тусламж үйлчил­гээний эрэлт хэрэгцээг судлах, эрдэм шинжил­гээний ажил эрхлэх зэрэг зайлшгүй хийгдэх 14 төрлийн 62 оношлогоо, эмчилгээний  43 буюу 69.3 хувийг нь тодорхой хэмжээгээр үзүүлж байна. Салбарын сайд холбогдох албаны хүмүүстэй явж энэ бүхэн­тэй танилцан тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцов. Ховд аймгийн Буянт сумын эмнэлгийн хувьд найман ор хоёр их эмч, 18 ажилтантайгаар эрүүл мэн­дийн тусламж үйлчил­гээ үзүүлдэг байна. Сумын иргэдийн дунд мөн  амьсгалын замын өвчлөл зонхилж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд эхийн болон нялхсын эндэгдэл гаргалгүй ажиллажээ. Тус сумын эрүүл мэндийн төвийн барилга нь 1981 онд ашиглалтад орсноос хойш засвар хийгдээгүй, хана тааз нуралт өгөөд байгаа учир ирэх оноос эмнэл­гийн барилгыг шинээр бариулах асуудлыг шийд­вэр­лэж өгөхийг салбарын сайдаас хүслээ. Мөн аймгийн хэмжээнд тулгамдаад байгаа асууд­лаа сайдад уламжилж санал бодлоо солилцсон юм.  Тухайлбал эмч, мэр­гэжилтнүүдийн лицен­зийн шалгалтыг бүсчилэн орон нутагт авдаг болгох, эмч, эмнэлгийн ажилчдыг элэгний В,С вирусын халдвар илрүүлэх, эмчлэх арга хэмжээнд хамруулах, хөдөөгийн эмч, ажилчид эрүүл мэндийн үзлэгт Улаанбаатар хотод очер дугааргүй үзүүлэх, тусгай эмнэлэгт үйлчлүүлэх асуудлыг зохицуулж өгөх, Засгийн газраас 1111 утсаар иргэдийн санал, хүсэлтийг авдаг болсны нэг адил эмч, эмнэлгийн ажилчдын эрх ашгийг хамгаалах, санал хүсэлт авдаг утас ажиллуулах, эмч, ажилчдын ажлын ачааллыг зохицуулах, норм нормативийг тогтоож өгөх зэрэг хүсэлтийг уул­залтад оролцсон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд сайдад уламжилав. 

Мөн Ховд аймгийн хэм­­жээнд сүүлийн жилүүдэд цусны резус хасах бүлэгтэй хүний тоо нэмэгдэж байгаа тул учир шалтгааныг тодорхойлох судалгааг сум аймгийн төвшинд хийх төсвийг шийдвэрлэж өгөх, Алтай, Мөнххайрхан сумын эрүүл мэндийн төвийн барилгын засварын асууд­лыг шийдүүлэх, халдварт, сүрьеэгийн эмнэлгийн засварын төсвийг шийд­вэрлэх, бүх сумын эмнэлгүүдийн бохир, цэв­рийн холболт, ус, худгийн асуудлыг шийдүүлэх зэрэг ажлуудыг шийдэж өгөхийг онцолсон юм.