Б.ТУУЛ
Элэг, ходоодны хорт хавдар монголд газар авсан гэж хүмүүс ярьдаг. Тэгвэл сүүлийн үед архаг тамхидалт, агаарын бохирдол зэргээс болж уушгины хорт хавдраар цөөнгүй хүн өвчлөх болжээ. Тиймээс энэ тухай зөвлөгөөг Хавдар судлалын төвийн Зөвлөх поликилинкийн Эмэгтэйчүүдийн тасгийн эмч Н.Гиймаагаас авлаа.
УУШГИНЫ ХАВДАР ТАМХИНААС ҮҮДЭЛТЭЙ
Уушги нь цээжний хөндийд байрлах амьсгалын үүрэг гүйцэтгэдэг хос эрхтэн. Баруун уушги нь гурав, зүүн уушги нь хоёр хэсгээс тогтдог. Харин уушгины хавдрыг хоёр бүлэгт хуваадаг. Микроскопийн шинжилгээгээр хавдрын эсийн харагдах байдлаас хамааран жижиг эсийн гаралтай, жижиг эсийн бус гаралтай гэж ангилдаг.
Энэ хоёр төрлийн хавдар нь өөр өөр хэлбэрээр ургаж, өөр өөр төрлийн эмчилгээний аргаар эмчлэгддэг. Тамхи бий болохоос өмнө уушгины хавдар ховор тохиолддог байсан. 1796 он хүртэл уушгины хавдрын талаар тодорхой мэдээлэлгүй байсан ба 1810 оноос эхлэн уушгины хавдрын талаар янз бүрийн баримттай болсон. 1878 онд нийт хавдраар нас барсан өвчтнүүдийн задлан шинжилгээгээр нэг хувиас нь уушгины хавдар илэрдэг байсан бол 1900 оны үед 10-15 хувь болж өссөн байна. Мөн 1929 онд Германы эмч Фритц Ликинт уушгины хавдар нь тамхинаас хамааралтай болохыг мэдээлсэн бол 1950 онд Английн эрдэмтдийн судалгаагаар уушгины хавдар нь тамхитай хамааралтай болох нь нотлогдсон юм. 1964 онд АНУ-ын мэс засалчид тамхинаас гарах талаар уриалга гаргасан байдаг. Мөн уушгины хавдар нь цацраг идэвхт туяаны нөлөөлөлтэй хамааралтай болохыг анх Щнебергийн ойролцоох Оре уулын уурхайчид тогтоожээ. Тэнд 1470 оноос эхлэн мөнгө олборлодог, уурхай нь цацраг идэвхт уран, ради болон бусад цацраг идэвхт хийгээр баялаг учраас уурхайчид толгой дараалан уушгины өвчнөөр өвчилж, ахмад уурхайчдын 75 хувь нь уушгины хавдраар нас барсан байдаг. Гэтэл энэ баримтыг үл тоомсорлон зарим улс оронд ураныг олборлосоор л байна.
ОРЧНЫ БОХИРДОЛ, ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИС УУШГИЙГ ГЭМТЭЭДЭГ
Судлаачид хэд хэдэн шалтгаан эрсдэлт хүчин зүйлүүдийг илрүүлсэн боловч ихэнх уушгины хавдар нь тамхинаас хамааралтай болох нь нотлогджээ. Тиймээс уушгины хавдраар өвчлөхөд эрсдэл учруулдаг зарим зүйлийг энд дурьдая.
Тамхи: Тамхинд агуулагдах олон төрлийн хортой бодис нь уушгины эсүүдийг гэмтээдэг. Энэ нь удаан хугацаагаар үргэлжилбэл хорт хавдарт шилждэг. Тамхинаас гарах нь уушгины хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг.
Орчны бохирдол, дам тамхидалт: Бохирдолтой агаараар болон хэн нэгний татсан тамхины утаагаар амьсгалах.
Туяа: Энэ нь нүдэнд харагдаж гарт баригдахгүй, амтлагдахгүй цацраг идэвхт хий байдалтай бодис ба газар шороо, хад чулуунд байдаг.
Асбест: Энэ нь ширхэглэг бүтэцтэй хэсэг бүлэг эрдэс бодис ба зарим төрлийн үйлдвэрүүдэд хэрэглэдэг. Барилгын материалд ашигладаг шилэн хөвөнтэй орчинд ажиллаж байгаа ажилчдад уушгины хавдраар өвчлөх эрсдэл 3-4 дахин ихэсдэг. Өөрөөр хэлбэл, шилэн хөвөнгийн ширхэгээр бохирдсон агаараар амьсгалсан хүн 20 жилийн дараа уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй.
Уушгины өвчлөл: Уушгины сүрьеэ зэрэг өвчлөл нь уушгины хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Хувь хүний өвчний түүх: Өмнө нь уушгины хавдраар өвчилж байсан бол өвчин дахих боломжтой. Уушгины хавдраар өвчилсөн бол тамхиа хаях нь дахин хавдраар өвчлөхөөс сэргийлдэг.
ЭНЭ ҮЕД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ?
Ханиалгалт ерөөсөө намдахгүй, хугацаа өнгөрөх тусам улам хүндэрнэ. Мөн цээж орчмоор байнгын өвдөлт үүсэх, цустай ханиах, амьсгал давчдах, амьсгаадах, хэржигнэх, хоолой сөөх шинж илэрнэ. Түүнчлэн уушгины хатгалгаа, гуурсан хоолойн үрэвслийн зовиур байнга гарах ба хүзүү орчим овгор, товгор зүйл үүсэх, хоолны дуршил багасч, турж эцэх, ядарч сульдах зэрэг шинж илэрнэ. Гэхдээ эдгээр шинж тэмдэг нь зөвхөн уушгины хавдрын үед төдийгүй өөр бусад өвчний үед ч бас илэрдэг. Тиймээс дээрх шинж тэмдгүүдээс илэрч байгаа бол яаралтай харьяа аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлгийн хавдрын эмчид үзүүлж, нарийн шинжилгээ хийлгэж зөвлөгөө авах хэрэгтэй.