О.УЛАМБАЯР

 

Засгийн газрын хэрэг­жүүлэгч агентлаг- Улсын мал эмнэлэг, үржлийн газрын (УМЭҮГ) дарга, зоотехникчийн дипломтой нэгэн түшмэл хэдхэн са­рын өмнө, мал эмнэлгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Түүний бо­ловсролын зэрэг горилсон бүтээлийн нэг удирдагч нь Мал эмнэлгийн ухаанаар докторын зэрэг хамгаа­луу­лах зөвлөлийн дарга бөгөөд Хөдөө аж ахуйн их сургуулийн (ХААИС) за­хирал, бас Биокомбинатыг барьцаалагч, “Цагаан за­лаа” гэдэг “ивомекийн” үйлдвэрийн боос, өөр нэг удирдагч нь тус зөвлөлийн орлогч дарга бөгөөд ХААИС-ийн Мал эмнэ­лэг, биотехнологийн сур­гуулийн (МЭБС) захирал, албан ёсны шүүмжлэгч нь Мал эмнэлгийн хүрээ­лэнгийн (МЭХ) акаде­мич, зөвлөлийн гишүүд нь МЭХ-ийн захирал, МЭБС-ийн төрийн шаг­налт академич гээд мал эмнэлгийн шинж­лэх ухааны сал­барын “овгорууд” байжээ. “Мал аж ахуй болон мал эмнэлгийн салбарын хөгж­лийн асуудалд” сэ­дэвт тэрхүү бүтээлийг унш­вал, УМЭҮГ-ын сүү­лийн гурван жилийн (2009 – 2011 оны) ажлын тайлан бололтой юмаа. Тус агент­лаг нь зэрэг хамгаа­лаг­чийг дарга байгаа энэ хугацаанд ердөө Биоком­бинат, “Цагаан залаа” гэдэг хоёр үйлдвэрийн борлуулалтын ажлыг хий­жээ. Засгийн газрын агент­лагийг борлуулалтын албаа болгосон ямар нэг үйлдвэр өөр хаана ч байхгүй байх аа, энэ харин нээлт байх шүү? Монгол орны мал сүргийн эрүүл мэндийг сайжруулахад зориулсан төсвийн олон тэрбум төгрөгийг Биоком­бинат, “Цагаан залаа” хоёр л “авчээ”. “Борлуу­лалтын албаны даргадаа” “ажлаа сайн хийсний” шагналд нь энэ хоёр үйлд­вэрийн нэг боос бээр хам­гаалуулах зөвлөлийн дар­гын сүрээ үзүүлэн боловс­ролын зэргээр хахууль барьжээ, агентлагийн дарга “эрдэмтэн” боловс­ролын зэргээр авлига ав­чээ, зөвлөлийн гишүүн “эрдэмтэд” ам уралдан зусардаж, хөл алдан до­лоо­гоо биз, Мал эмнэл­гийн холбооны дарга нар ч “зэргийг” нь мялааж хөөрцөглөжээ. Мөнгө цагаан, нүд улаан гэж.

Энэ жишгээр бол тус улсын мал эмнэлгийн тө­рийн болон бизнесийн бүх байгууллагын дарга нар, тухайлбал, дош дошин дээ­рээ энэ хоёр үйлдвэрийн нярав болсон аймгийн мал эмнэлгийн албаны дарга нар, “халдвартын” эмч нар, бүх хувийн мал эм­нэлгийн эрхлэгч нар 2009-2012 оны ажлын тайлангаа танилцуулвал докторын зэрэг авчих бололтой. Хойшид “Хамгаалуулах зөвлөлийн хурал” гэж үлбэгэр эмгэнэлт жүжиг тоглосноос шууд  Био­комбинатын нууц захирал, “Цагаан  залаагийн” боо­сын тушаалаар докторын зэрэг олгочих нь хялбар болжээ.

Хамгаалагч болон удир­дагч нар хамтарч ам­жуулсан зарим чухал аж­лаа орхижээ, түүнийг нь шүүмжлэгч, дэмжигч нар нь анзаараагүй бололтой, эсвэл докторын зэргээс хальж гарчих гээд байсан уу. Тэд тус улсын Засгийн газрын гишүүдийг хуурч, 2011 онд улсын төсвөөс 2.684 тэрбум төгрөгийг хулгайлж, оронд нь 34.4 сая хонь, ямаа, үхэр, тэ­мээг тарих 45,7 тонн “иво­мекийг” 9-10 дугаар сард малчдад шахаж, мөрөө баллахаар 192 дугаар тогтоол гаргуулсан, энэхүү ша­хаа­гаа хойшлуулж, 2012 оны 4-5 дугаар сард УИХ-ын сонгуулийн өмнө “ивомекээ” тус улсын бүх хувийн мал эмнэлгүүдэд тараасан (малын дотрын болон арьсны олон ши­мэгчийг үхүүлж эмчлэхэд хэрэглэдэг бүлэг эмийг ивомек гэж нэрлэдгийг олонх уншигч мэдэх байх).

Төр засгаас ивомек “үнэгүй” авах ямар ч хэ­рэгцээ, шаардлага нэг ч малчин айлд байгаагүй, тийм эрх зүйн үндэслэл ч байхгүй. Манай олонх малчид өөрсдөө зах дээ­рээс хуурамч, дууриамал ивомек аваад, бүх малдаа жилдээ хоёр гурван удаа өөрсдөө тарьдаг болсон. Сүүлийн 10 гаруй жил малчид өөрсдөө болон хот, тосгоны бүх хэрэглэгчид ивомектэй сүү, мах хэрэг­лэж байна. Засгийн газар, аймаг, сумын захиргаа энэ үйлдлийг хянах, хэ­рэг­цээгүй, мэргэжлийн бус хэрэглээг зогсоох, мэргэжлийн хэрэглээг зохистой хэмжээнд нь тохируулж зохицуулах, эмийн чанарыг шалгах үүрэгтэй боловч энэ үүргээ хөсөрдүүлж, бүр эсрэгээ­рээ, малчидтай зэрэгцээд, малын эмч нартай өрсөл­дөөд эм шахаж байна. Энэ бол гэмт үйлдэл бөгөөд Засгийн газарт ийм эрх, үүрэг байхгүй. Бүх сумын хувийн мал эмнэлгүүд Засгийн газрын шахааны ивомекийн нярав болов. Ийнхүү нэг эмийн үнийг татвар төлөгч нар нэг, малчид нэг, бүгд хоёр удаа төлж байна, энэ бол нээлт байж магадгүй. Энэ их эм малчдад мал сүргийг нь шимэгчгүйтгэх сайн эм­чилгээ болж хүрсэнгүй, мэдээлэлд ойр, “хэл ам­тай” хэд нь “үнэгүй” ав­лаа, мэдээлэлгүй “гүндүү­гүй” нэг хэсэг нь худалдаж авлаа, нилээд хэсэг нь энэ “хишгийг” мэдээгүй, аваа­гүй байна. Стандар­тын дагуу 45.7 тонн иво­мекийг хэд хоногт үйлд­вэрлэх вэ, технологийн дагуу 34.4 сая малыг хэд хоногт тарих вэ, ямар ши­мэгчийг онилов, мал сүр­гийг шимэгчгүйтгэх эм­чилгээний оновчтой хуга­цаа хэдийд, хэд хоног байв, энэ богинохон хуга­цаанд амжиж хэрэглэж чадав уу гэдэгт Мэргэжлийн хяналтын байцаагч нар ямар хариулт өгөх бол?

Өнгөрсөн хавар тус улсын бүх малд ивомек тарьсан гэж байгаа, эхний малыг тарьснаас хойш хоёр сарын дотор малчин айл малаа саахгүй, няд­лах­гүй, хот, тосгон руу мал, мах, сүү борлуулах­гүй байх үүрэгтэй. Малчид энэ үүргээ хэрхэн бие­лүүлснийг хот, тосгоны хэрэглэгчид мэдрэв үү? Ер нь малын эмийн ийм хя­налтгүй, хавтгай, мэргэж­лийн бус хэрэглээний улмаас нийт иргэд нь эмжүүлсэн малын мах, сүүг хэрэглэж байгааг мэдэрч байгаа, энэ тухай мэдээлэл авсан хот, тосгоны захирагч байна уу?

Монгол орны мал сү­рэгт шимэгчгүйтгэх эм­чилгээ хийх бодит хэрэг­цээ нь маш бага, зурга­дугаар сард байгаа малаар тооцоход л жилдээ 2-3 сая, өсгөөд дөрвөн сая малд дотрын болон арьсны ши­мэгчээс салгах эмчилгээ хийх шаард­лагатай. Мал эмнэлгүүд ч үүнээс илүүг хийж чадахгүй, гэтэл 34.4 сая малыг тарьчихлаа гээд байдаг, үүнээс гадна малчид өөрсдөө 20 орчим сая малыг тарьчихсан бо­лолтой. Ийнхүү малчдын нэрийг барьж, малын шимэгчдээр халхавчлан Засгийн газрын төсвөөс сүүлийн 11 жилийн турш хулгайлж байна.

Дээрх зэрэг хамгаа­лагч, хамгаалуулагч на­рын хамтарч хийсэн өөр нэг том ажил нь мал сүр­гийн вакцинжуулалт юм. Тэд малын халдварт өвч­нөөс урьдчилан сэргийлэх нэрээр эмчилгээний зо­риулалттай зарим бэлдмэ­лийг татвар төлөгчдийн мөнгөөр авч, мал эмнэл­гүүдэд шахжээ.

Үргэлжлэл бий.