ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Сүрьеэгийн Мэргэжил Арга Зүйн Зөвлөлийн найм дахь удаагийн зөвлөгөөн 2012 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Камбож улсын нийслэл Пном Пэн хотноо болж ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт судалгааны албаны дарга О.Батбаяр, тус албаны Сүрьеэгийн Үндэсний Лавлах лабораторийн эрхлэгч Б.Буянхишиг, Эмэнд Тэсвэртэй Сүрьеэгийн менежмент хариуцсан эмч Д.Ганцэцэг, сүрьеэгийн чиглэлийн техникийн дэмжлэг туслалцаа хариуцсан эмч Д.Доржмаа болон ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж. Нарантуяа нар оролцоод ирлээ.

Зөвлөгөөнийг Камбож улсын Эрүүл мэндийн сайд нээж, ДЭМБ-ын Сүрьеэгийн Мэргэжил Арга зүйн Зөвлөлийн гишүүд болох Голланд улсын Сүрьеэгийн сангийн гүйцэтгэх захирал Жап Брокманс, АНУ-ын Халдварт Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвийн бүс нутгийг хариуцсан захирал Сарах Вайтхэд, Австралийн Халдварт Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвийн захирал Виктория Краус, Япон улсын ЭМЯ-ны Сүрьеэгийн асуудал хариуцсан захирал Дай Ойшизава болон ДЭМБ-ийн Женев дэх төв болон Манила дахь бүсийн салбарын удирдлагууд хуралдааныг удирдан явуулсан байна.

Оролцогч орнуудын хувьд тус бүсийн өвчлөл өндөр 7 орон болох БНХАУ, Монгол, Лаос, Камбож, Филлиппин, Папуа, Шинэ Гвиней, Вьетнам улсын Сүрьеэгийн хөтөлбөрийн мэргэжилтнүүд, Япон, Солонгос, Гонконг, Тайван зэрэг орны ажиглагчид оролцов.

Зөвлөгөөн бүс нутгийн хүрээнд Сүрьеэг бууруулах 2015 он хүртэлх зорилтыг хэрэгжүүлэхэд гарч буй амжилтууд, тулгамдаж буй асуудлууд болон 2015 оноос хойш сүрьеэтэй тэмцэх дэлхий дахины стратеги, Сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн санхүүжилт, цаашид тогтвортой байдлыг хангахад авч буй арга хэмжээ, Сүрьеэг эрт үеэд нь илрүүлэх идэвхтэй илрүүлэлтийг эмзэг бүлгийхний дунд зохион байгуулах аргачлал, Сүрьеэгийн үйл ажиллагааны судалгаа ба нотолгоонд суурилсан бодлого, Сүрьеэтэй тэмцэхэд хувийн хэвшил ба төрийн бус байгуулагуудын оролцоо, Гадаад ба дотоод шилжилт хөдөлгөөн ба Сүрьеэгийн эрсдэл, Хүүхдийн Сүрьеэгийн өвчлөл ба бодлого, Сүрьеэгийн тархалтын судалгаа хийгдсэн орнуудын туршлага, Сүрьеэгийн цахим бүртгэл мэдээлэл, Орчин үеийн Сүрьеэгийн оношлогооны молекул генетикийн аргууд, тухайлбал Gene Xpert аргыг өргөн дэлгэр ашиглах нь, Эмэнд Тэсвэртэй Сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтэнд тулгарч буй бэрхшээл ба амжилт, Эмэнд тэсвэртэй Сүрьеэгийн шинэ эм ба хэрэглээ, Сүрьеэ ба ХДХВ/ДОХ-ын хөтөлбөрүүдийн хамтын ажиллагаа, Сүрьеэгийн лабораторийг бэхжүүлэх болон тулгамдаж буй асуудлууд зэрэг илтгэл тавигдаж хэлэлцэгдсэн бөгөөд зөвлөгөөний төгсгөлд хэлэлцсэн асуудал тус бүр дээр зөвлөмжийг гаргалаа.

Монгол улсын хувьд 2 жилийн өмнө болсон зөвлөгөөнөөс хойш Сүрьеэгийн тархалтын судалгааны бэлтгэлийг ханган ажиллаж, ЭМЯ-ны төсөвт сүрьеэгийн оношлогооны молекул генетикийн Gene Xpert аргын тоног төхөөрөмжийн худалдан авалт, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эм ба лабораторийн урвалж бодисуудыг суулгаж , хүүхдийн сүрьеэгийн 4 эмчийг эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүүхдийн эмчилгээ оношлогооны чиглэлээр Латви улсад сургаж, АНУ-ын Олон улсын хөгжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр хүүхдийн сүрьеэгийн эмнэлэг бариулах чиглэлээр хамтарч ажиллаж, Франц улсын ”Хил хязгааргүй эмч нар” байгууллагын дэмжлэгтэйгээр 50 эмч ба 50 сувилагчийг эмэнд тэсвэртэй сүрьеэ ба халдвар хамгаалалын чиглэлээр үр дүнтэй сургалтанд хамруулж, Сүрьеэгийн үйл ажиллагааны судалгааны талаарх сургалтыг ДЭМБ тэй хамтран зохион байгуулж 2 судалгааны төслийг боловсруулан ДЭМБ-ийн НДББ-ийн төвд явуулсан.

• Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн нэгтгэсэн төслийн хүрээнд сүрьеэгийн нэг ба хоёрдугаар эгнээний эм, лабораторийн урвалж бодисуудын болон эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт хийгдэж байна. Мөн төслийн хүрээнд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өдрийн эмчилгээний цэгүүдийг УБ хот болон орон нутагт нээж халдвар хяналтын нөхцөлийн сайжруулах барилгын засварын ажил, механик агааржуулалтын сисмтемийн ДЭМБ-ын шаардлагын түвшинд суурилуулж эхлээд байна. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Клиник СТСА-нд эмч эмнэлгийн мэргэжилтэнүүдийг сүрьеэд өртөх эсрдэлийн бууруулах тэдний эрүүл мэндийг хамгаалах, өвтөн бие биенээс халдвар авхаас урьдчилан сэргийлэх зорилгоор барилгы засвар эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэний сүрьеэ өвчний талаарх мэдлэг дээшлүүлэх, сүрьеэтэй тэмцэх ажилд татан оролцуулах зорилгоор сүрьеэгийн эмийн менежмент, халдвар хамгаалал, түрхэцийн шинжилгээний аргачлал, сумаас аймгийн төврүү сорьц тээвэрлэх боловсон хүчнийг бэлтгэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Сүрьеэтэй тэмцэх ажилд олон нийтийн оролцоо, сүрьеэгийн хүний нөөцийг бэхжүүлэх нь сэдэвт томоохон уулзалт болон сүрьеэгийн хүний Нөөц болон ухуулга мэдээлэл суртачилганы стратегийг боловсруулан батлуулахаар д бэлэн болгосон зэрэг ололт амжилт гаргалаа. Мөн Глобаль сангийн санхүүжилтээр хүн амын дундахь сүрьеэгийн мэдлэг хандлага садлын судалгаа болон эрүүл мэндийн ажилчдын дундахь сүрьеэгийн эрсдлийн талаарх үндэсний хэмжээний судалгааг ЭМШУИС, сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбоотой хамран 2012 амжилттай хийлээ. Мөн “Эмнэлгийн байгууллагуудад халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх стратеги, 2012 - 2016” батлагдаж сүрьеэгийн халдвар хамгааллын талаар цогц бодлого хэрэгжүүлж эхэлсэн.

Хэдийгээр бид дээрх амжилтуудад хүрсэн боловч сүрьеэтэй тэмцэх сэргийлэх ажилд тулгамдсан асуудлууд нүүрэлсээр байна. Тухайлбал Пном Пенийн зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжид дурдсанчлан эмзэг бүлгийхэн тэр дундаа орон гэргүй, архичид , ядуу болон хоригдлуудын дунд хийгдэх сүрьеэгийн эрт илрүүлэлт болон тэдэнд үзүүлэх тусламж үйлчилгээ, шууд хяналттай богино хугацааны эмчилгээний хүртээмж, чанар, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эрт илрүүлэлт, эмчилгээ ба гаж нөлөөний менежмент, сүрьеэгийн нэгжүүдийн халдвар хамгаалалыг сайжруулах, сүрьеэтэй өвчтнүүдэд үзүүлэх дэмжлэг, сүрьеэгийн лабораторийг бэхжүүлэх, сүрьеэтэй тэмцэхэд хувийн хэвшил ба шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх, дотоод ба гадаад шилжилт хөдөлгөөнтэй холбоотой үүссэн сүрьеэгийн эрсдэлийн чиглэлээр дорвитой ажлуудыг хийх шаардлагатай байна.