Ч.ҮЛ-ОЛДОХ

 “Зэвсэгт мөргөлдөөнгүй амгалан даян дэлхийн төлөө” уриатайгаар Казахстаны  нийслэл Астана хотноо  хуралдсан Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн VI бүгд хурал дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдлын нэг болов. Тус хурлын дээд байгууллага нь   16 гишүүн бүхий  зөвлөл байдаг. Зөвлөлийн гишүүн Дэлхийн бурхны шашинтны холбооны дэд ерөнхийлөгч, Дэлхийн бурхны шашны санха нарын зөвлөлийн дэд ерөнхийлөгч, Дэлхийн бурхан шашны их чуулганы ерөнхийлөгч, Дашчойлин хийдийн хамба, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ч.Дамбажавтай ярилцсанаа хүргэе.

10-25-9-Та сайн явж ирэв үү, дэлхий нийтийн амгалан байдал, энхтайвны тухай хурлын сонин сайхнаас монголчууддаа болон манай уншигчдад сонирхуулна уу?

-Казахстан улсын  eрөнхийлөгч Нурсултан Назарбаeвын санаачилгаар Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн уулзалтыг гурван  жилд нэг удаа Астана хотод  зохион байгуулдаг. Анх 2003 онд дэлхийн 17 шашны байгууллагын төлөөлөл  оролцсон уулзалтыг хийж, шашны тэргүүнүүд энхтайваны үйлсэд дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Зургаа дахь удаагийн хурлыг энэ сарын 10-11-нд зохион байгууллаа. Дэлхийн 46 орноос улс төр болон шашны 82 төлөөлөл оролцлоо. Манай улсын хувьд  энэ хуралд анхнаас нь тогтмол оролцож ирсэн. Энэ удаа миний бие, Гандантэгчилэн хийдийн Да лам Х.Бямбажавын хамт оролцоод ирлээ.

-VI бүгд хурлын нээлтэд та үг хэлсэн. Мөн  хэвлэлийн бага хурлын үеэр   олон улсын сэтгүүлчдэд  өөрийн байр суурийг хүргэсэн.  Ямар асуудлыг онцлон дэвшүүлэв?

- Шашин шүтлэгийн ялгаатай байдлаас үүдсэн зэвсэгт мөргөлдөөн ихэсч байгаа нь улс орнуудын хувьд хурцадмал асуудал болоод байна. Иймд олон улсын байгууллагууд элдэв зөрчил, сөргөлдөөнийг  энхийн замаар буюу яриа хэлцэл хийж асуудлыг шийдвэрлэхийг уриалах,   үр дүн гаргах нь онцгой ач холбогдолтой. НҮБ болон улс орнууд энэ талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа. Үүний нэг жишээ нь,  сүүлийн жилүүдэд Казахстан улсын нийслэл Астана хотод уламжлал болгон зохион байгуулдаг Дэлхийн болон уламжлалт шашны байгууллагуудын тэргүүнүүдийн олон улсын их хурал юм. Энэ удаагийн хурал   “Зэвсэгт мөргөлдөөнгүй амгалан даян дэлхийн төлөө” уриан дор болсон. Цаашид дэлхийн энхтайвны төлөө хамтарч ажиллах, нэг зорилгын төлөө дуу хоолойгоо нэгтгэхийн төлөө байна. Үүнд Монголын буддистууд нэгдмэл нэг байр суурьтай байж,  дэмжин оролцоно гэдгийг  илэрхийллээ.

-Тухайлбал?

-Монгол Улс энх­тайван, амар амгалан байдлыг эрхэмлэдэг, төвийг сахисан орон. Монгол­чууд эртнээс буд­дын шашинтай холбоотой явж ирсэн. Нүүдэлчин  малчдын  ахуйн соёлд  шашны зан үйлд гүн шингэсэн. Иймээс 2000 гаруй жил олон хувьсгал, нийгмийн тогтолцоог туу­лан бат бөх оршиж байна. Тэгэхээр даян дэл­хийд амар амгаланг тогтооход Монголын буд­дис­­туудын хувь нэмэр, оро­л­цоо чухал нөлөө үзүүлнэ.

Астана дахь “Энхтайван, эв нэгдлийн ордон”-д хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр.

-Казахстан улс энэ талаар санаачилга гаргаж, зохион байгуулахад ч гэсэн ихээхэн идэвх зүтгэл гаргадаг нь ямар учиртай юм бол?

-Казахстан   бол  дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүд хамтран уулзалт хийхэд хамгийн тохиромжтой улс. Учир нь газарзүйн байрлалын хувьд ислам,  христ, буддизмын соёлын уулзвар гэж болно.  Казахстан улсын зүгээс  ХХ зууны төгсгөл үеэс дэлхийн хүн төрөлхтний хувьд хамгийн чухал ач холбогдол бүхий энхтайванч санаачилгыг дэвшүүлж ирсэн.  1991 онд цөмийн зэвсгээс сайн дураар татгалзаж, туршилтын талбайгаа хааж байсан.  Энэ  мэт олон чухал алхмыг санаачлан хийж байсны хувьд Казахстан улсын зүгээс зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм.

-Тэгэхээр шашнаар дамжуулж энхтайван, амар амгалан байдлыг тогтоож болно гэсэн үг үү?

-Дэлхийн аль ч  шашин энхтайван, шударга ёс, хүн төрөлхтний сайн сайхныг уриалдаг. Тиймээс шашныг дэлхий дахины амар амгалан, аюулгүй байдал, энхтайвныг тогтоох,  яриа хэлэлцээрт хүрэх зэрэгт ашиглах нь зөв юм. Шашин бол   улс төр,  нийгмийн яриа хэлцлийг олон улсын түвшинд ахиц гаргах боломжийг бий болгоно. Иймд  улс орны төрийн тэргүүнүүд, дэлхийн  болон уламжлалт шашны тэргүүлэгчид Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаeвын санаа­чилгыг дэмжин сайшааж байна.  Шашин бол  биe, биeэ үзэн ядах, дайсагнах  явдлыг саармагжуулах,  ойлголцолд хүрэхэд түлхэц болж,  угсаатан болон шашин хоорондын харил­цааг зохицуулж шийдэх улстөрийн нөхцлийг бүрдүүлэх боломжтой. Үүнд дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүд итгэл төгс байгаа.

-Энэ хурлаас “Энх­тайвны тунхаг бичиг”-ийг гаргасан гэсэн. Ямар асуудлыг дэвшүүлсэн юм бол?

-Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн хурлын хамрах хүрээ улам бүр өргөжин тэлж байна. VI бүгд хурлаас гаргасан  “Энх­тайвны тунхаг бичиг”-т дэлхийн энхтайвны төлөө хамтран ажил­лах, нэг зорилгын төлөө дуу хоолойгоо нэгт­гэхийг  улс орнуудад хандан уриалсан.

 -Та  шашны зүтгэлтэн гэлээ ч сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй Казахстаны хөгжлийг анхаарч ажигладаг байх.  Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?

-Казахстаны ард түмэн их удирдагч Назарбаевынхаа удирд­лагаар хуучин томоохон сангийн аж ахуй байсан газрыг өнөөдрийн өндөр хөгжилтэй Астана хот бол­гож чаджээ. Дэд бүтэц, зам харгуй, орчин үеийн өндөр барилгууд гээд жилээс жилд сайхан хөгжиж байна. Дээр нь  Евроазийн бүсийн заагт байрладаг болохоор аль ч   тив рүү  нь эдийн засаг, гадаад бодлогоо явуулдаг. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд  хөгжиж чадсан,  цаашид бүр ч  эрчимтэй хөгжих  ирээдүй харагдаж байна. Хүн амын тухайд, 130 гаруй үндэстэн ястантай. Тэдгээр нь  өөр, өөр  шашин шүтлэгтэй ч эв найрамдалтайгаар зэрэгцэн  оршдог. Яс үндэс, шашин шүтлэгээр  гадуурхах үзэл энэ улсад алга. Эдгээрийг нэг дор төрийн бодлогоор  зангидаж чаджээ. Олон шашин, олон ястантай ч хоорондоо дайтаж, муу­дахгүй байгаа нь хөгжлийн нэг түлхүүр нь болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин