Б.ТУУЛ        

Манай улсад анх удаа дархлаажуулалтад шинээр нэвтрүүлж буй хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин буюу  умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх тарилгыг өнгөрсөн хавраас эхлэн Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэлийн Баянгол, Багануур дүүргийн өсвөр насны охидод  хийж эхлээд байгаа билээ. Уг вакцины талаар зарим эцэг, эхчүүд тодорхой мэдээлэлгүй байгаа бөгөөд зарим нь буруу ташаа мэдээлэл  хүлээж авснаас эргэлзэж, тээнгэлзэхэд хүрээд байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч бас таагүй мэдээлэл олонтаа цацагдаж байгаа. Тиймээс бид “Эрүүл мэндийн мэдээ” сониныхоо өмнөх дугаарт /2012.09.06/ Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн дэд захирал Б.Мөнхбатад “Хариуцлага нэхэх таван асуулт”-ыг илгээж байсан билээ. Энэхүү асуултын хариулт ирсэн тул  уншигч танд толилуулж байна.

1. Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин өсвөр насны охидод болон эцэг, эхчүүдийн дунд хортой, хоргүй гэх эргэлзээг төрүүлж байна. “Уг вакциныг бизнесийн зорилгоор оруулж ирсэн”, “Гардасил вакциныг тариуллаа гээд умайн хүзүүний хавдраас 100 хувь сэргийлэх боломжгүй”, “Энэ тарилга эрүүл мэндэд тустай биш, харин ч хортой, үргүйдэлд хүргэдэг” гэсэн яриа зарим иргэдийн дунд байна. Тиймээс та энэ талаарх үнэн зөв мэдээллийг иргэдэд өгнө үү. Үнэхээр энэ вакцин охидын биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй юу?

Өнөөдөр дэлхий дахинд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг  хүний хөхөнцөр вирусын халдвараас урьдчилан сэргийлдэг “Cervarix” болон “Gardasil”гэсэн хоёр төрлийн вакциныг хэрэглэж байгаа бөгөөд Монгол Улс дөрвөн цэнт буюу умайн хүзүүний хавдар, бэлгийн үү зэргээс сэргийлдэг “Gardasil”вакциныг хэрэглэж байна.

Дэлхийн бүх улс орон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чанарын шаардлагыг хангасан вакциныг өөрийн улс орондоо нэвтрүүлдэг.

ДЭМБ-ын вакцины аюулгүй байдлын Дэлхийн зөвлөх хорооноос “Gardasil”  вакцин нь чанарын аюулгүйн шаардлагыг хангаж байгаа талаар 2007, 2008 онуудад зохих албан ёсны дүгнэлт гаргасан бөгөөд 2009 онд ДЭМБ-ын чанарын шаардлагыг хангаж, магадлан итгэмжлэгдсэн учраас аюулгүй вакцин юм.

 

2. Хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг тариулснаас болж АНУ-д өсвөр насны охид сохрох, үргүйдэх, таталт өгөх зэрэг хүнд төрлийн эмгэгүүд гарсан гэж зарим хэвлэл  мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа. Манай улсад иймэрхүү эмгэг гараагүй ч хүүхэд нь олон хоног халуурсан, харшил өгсөн гэх мэдээллүүд байна.

АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв болон Хүнс эмийн агентлагаас “Gardasil”вакцины чанарын аюулгүй байдлын талаар байнга хяналт тавьж ажилладаг. Эдгээр байгууллагуудын мэдээгээр 2009 оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар АНУ-д “Gardasil”  вакцинаар дархлаажуулсан 26 сая охидын 15,037 (0,06%)-д нь вакцины дараах урвал хүндрэл тохиолдсон байна. Үүнд: тариулсан хэсэгт өвдөх, хавдах, толгой өвдөх, халуурах, бөөлжис хүрэх зэрэг урвал илэрсэн байна. 2012 оны гурав дугаар сарын мэдээгээр “Gardasil”  вакциныг тариулсны дараа дээрх урвал хүндрэлээс өөр нэмэлт хүнд хэлбэрийн тухайлбал сохрох, үргүйдэх, таталт өгөх зэрэг урвал хүндрэл бүртгэгдээгүй байна.

Манай улсад ХХВ-ын эсрэг вакцинд хамрагдсан охидын дунд вакцины дараах хүндрэл бүртгэгдээгүй. Товлолын дагуу хийгддэг болон бусад вакцин хийлгэсний дараа илэрдэг хэвийн урвалтай адил ХХВ-ын эсрэг вакцин хийлгэсэн цөөн охидод дотор муухай оргих, хэсэг газар өвдөх зэрэг урвалууд илэрсэн. Вакцины дараа илэрч болох урвалууд нь 1-2 хоногт ажиглагдан ямар ч эмчилгээгүйгээр өөрөө аяндаа арилдаг.

 

3. Испани улсын Эрүүл мэндийн яам, Испанийн Засгийн газраас “Гардасил” вакциныг өсвөр насны охидын ДНК болон удмын санд нөлөөлж болох талтай гэж үзэн эмчилгээнээс хасчээ. Валенсио хотод таван охин нас барсантай холбогдуулан энэ шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл байна. Мөн Европын холбооны ихэнх улс энэ тарилгыг хэрэглэхгүй гэдгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад албан ёсоор мэдэгдсэн байна. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол учир, шалтгааныг нь тайлбарлаж өгнө үү.

Дээрх мэдээлэл үндэслэлгүй бөгөөд Испани улс “Gardasil” вакциныг дархлаажуулалтын товлолдоо нэвтрүүлэн 11-14 насны охидоо дархлаажуулж байна. ДЭМБ-ын мэдээллээр Европын холбооны улсууд уг вакциныг хэрэглэхгүй гэдэг мэдэгдэл ирүүлээгүй бөгөөд уг орнууд “Gardasil”вакциныг үргэлжлүүлэн хэрэглэж байна.

 

4. Монгол Улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн хавдрын хоёрдугаарт, нийт хүн амын хорт хавдрын нас баралтын дөрөвдүгээрт орж байна. Энэхүү вирусын эсрэг вакцинаар дархлаажуулсны үр дүнд хавдрын өвчлөлийг бодитоор бууруулах боломжтой гэж эмч, мэргэжилтнүүд үзэж байгаа. Тийм болохоор “Гардасил” вакциныг хийлгээд хавдрын өвчлөл нь буурсан зарим орны жишээ баримтаас дурьдана уу?

2011 оны Хавдар Судлалын Үндэсний Төвийн статистик мэдээгээр умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл нь эмэгтэйчүүдийн хавдрын хоёрдугаарт, нас баралт нь гуравдугаарт орж байна.Хүний хөхөнцөр вирусын (ХХВ) эсрэг вакцинаар дархлаажуулснаар умайн хүзүүний хавдрын өвчлөлийг бууруулаад зогсохгүй умайн хүзүүний хавдрын урьдал өвчний эмчилгээ болон эрт илрүүлгийн үзлэг зэрэгт зарцуулагдах төсвийг хэмнэх эдийн  засгийн үр ашигтай юм. Аливаа вакциныг нэвтрүүлснээс хойш тодорхой хугацааны дараа өвчлөл, нас баралт буурах бодит үр дүн гардаг бөгөөд ДЭМБ-ын тооцоогоор ХХВ-ын эсрэг вакцинаар охидыг дархлаажуулснаар тодорхой хугацааны дараа умайн хүзүүний хавдрыг 43 хувь, эрт илрүүлгийн үзлэгтэй хамт дархлаажуулалтыг хэрэгжүүлснээр умайн хүзүүний хавдрыг 71 хувь бууруулах ба өсвөр насныхны 70 хувийг 9-12 насанд нь ХХВ-ийн эсрэг вакцинаар дархлаажуулснаар умайн хүзүүний хавдрын тохиолдлыг 34-55 хувиар бууруулах боломжтой юм.

 

5. Энэ вакцины нэг тунгийн өртөг нь дэлхийн зах зээл дээр 100 ам.доллар. Нэг охинд гурав тунг хийнэ гэхээр 300 ам.доллар болно. Гэсэн ч Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл уг вакциныг үнэ төлбөргүй авах, хандивын хөтөлбөрт хамрагдаж эрх авсан гээд байгаа. Энэ нь уг вакциныг Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонгийн бизнес гэх хардлагыг төрүүлээд байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хавдраас сэргийлэх, хянах арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор “Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”-ийг боловсруулсан ба уг хөтөлбөрт ХХВ-ынэсрэг вакцинаар охидыг дархлаажуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ хэмээн тусгасан. Үүнтэй холбоотойгоор 2011 оны хоёрдугаар сард Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй (ХӨСҮТ)хамтран олон улсын Gardasil®Access хөтөлбөрт хандан ХХВ-ийн эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагааг дэмжих хүсэлт гаргасан ба дээрх хүсэлтийн дагуу Gardasil®Access хөтөлбөрийн зүгээс Монгол Улсын 11-15 насны нийт охидын 10 хувийг дархлаажуулах 44,800 тун ХХВ-ийн эсрэг вакциныг хандивлахаар шийдвэрлэсэн.Уг хөтөлбөрөөс хандивласан 44800 тун вакцины эхний ээлжийн 30400 тунг 2012 оны гуравдугаар сард, үлдэгдэл 14400 тун вакциныг наймдугаар сард ХӨСҮТ-тэй хамтран хүлээн авч сонгогдсон аймаг, дүүргүүдийн 11-15 насны охидыг вакцинжуулах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү дархлаажуулалтын үйл ажиллагаа нь хэн нэгэн хүний бизнестэй ямар ч холбоогүй гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй болов уу.