Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар дараах асуудлуудыг авч хэлэлцэв.
Монгол улсын төрийн шагналд бүтээл дэвшүүлэв
Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав ахлагчтай мэс засалчдын багийн “Зүрхний титэм судас, судсан дотуурх мэс заслын эмчилгээ”-г Монголд нэвтрүүлсэн нь бүтээлийг хэлэлцэн Монгол улсын төрийн шагналд дэвшүүлэхээр шийдвэрлэв.
Зүрхний титэм судас, судсан дотуурх мэс заслын эмчилгээг Монголд нэвтрүүлсэн ажлын хүрээнд өргөн цар хүрээтэй судалгаа явуулж, шинжлэх ухааны (DSc) болон анагаах ухааны доктор (PhD)-ын зэрэг горилсон бүтээл хоёрыг туурвиж хамгаалснаас гадна ном-4, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл-100 гаруй бичсэний 8 өгүүлэл гадаадын хэвлэлд нийтлэгдсэн нь уг бүтээлийн шинжлэх ухааны олон улсын үнэлэмжийг харуулж байна.
Зүрхний титэм судас, судсан дотуурх эмчилгээний аргын хүрээнд мэс заслын эмчилгээний олон шинэ арга технологи эзэмшиж, боловсронгуй болгож, тэдгээр аргууд нь өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтэрсэн байна. Зүрхний титэм судасны нарийслийг тодорхойлох судсан дотуурх шинжилгээг 10000 гаруй хүнд хийсэн нь 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин өссөн төдийгүй 4 жилийн өмнө титэм судасны өөрчлөлттэй гэсэн оноштой эмнэлэгт хандсан тохиолдлын 35,4%-д судас тэлэх, стент тавих эмчилгээ хийдэг байсан бол сүүлийн 2 жилд 64,8%-д нь судсан дотуурх мэс засал хийсэн байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үнэлгээ
Эрх зүйн орчны хүрээнд эмнэлгийн байгууллагууд нь орон тооны болон, орон тооны бус чанарын алба байгуулан, чанарын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, тусламж, үйлчилгээний чанарт ахиц, дэвшил гаргахыг зорин ажиллаж эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тулгамдаж буй зарим тусламж, үйлчилгээний төрлөөр үнэлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын талаарх санал, зөвлөмж боловсруулахаар болов.
Үйл ажиллагааны хүрээнд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын удирдлага зохион байгуулалт, тусламж үйлчилгээг тодорхой чиглэлийн дагуу үнэлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлага, ёс зүйн чиглэл гарган үнэлэх аж.
Өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, төв эмнэлэг, төв эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн төв, БОЭТ-ийг клиникийн төлөөлөл болгон үнэлгээний хамрагдах хүрээг сонгож, дээрх чиглэл бүрт тохирсон үнэлгээний арга аргачлалаар үнэлгээг зохион байгуулахаар болов.
Нийслэлийн түргэн тусламжийг сайжруулах талаар
Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Нийслэлийн Түргэн тусламжийн төв, түүний салбарууд насанд хүрэгчдийн дуудлаганд 24 цагаар, өрхийн эрүүл мэндийн төв 08.00-17.00 цаг хүртэл, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дэргэдэх Хүүхдийн түргэн тусламжийн нэгж 17.00 цагаас өглөөний 08.00 цаг хүртэл хүүхдийн яаралтай тусламжийн дуудлагыг, алслагдсан 3 дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүд харъяаллын хүн амд түргэн тусламжийн үйлчилгээг 24 цагаар тус тус дуудлага хүлээн авч эмнэлэг хүртэлх яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Нийслэлийн хүн амд 2011 оны байдлаар нийт 173 их эмч, 38 сувилагч, 145 жолооч 69 автомашинтайгаар нийтдээ 276475 түргэн тусламжийн дуудлаганд үйлчилсэн ба насанд хүрэгчдийн дуудлагын 20 минутын доторхи хүлээгдэл 68,6 % - тай байв. Нийт эмч нарын 15.6 хувь нь хүүхдийн мэргэжлийн эмч, автомашины 10 хүрэхгүй хувь тоноглогдсон автомашин байна.
Иймд нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах асуудлын хүрээнд Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт түргэн тусламжийн салбар нэгжийг 2013 онд байгуулах, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн болон насанд хүрэгчдийн түргэн тусламжийг 2012 оны 11 дүгээр сарын 16 –наас нэгтгэн зохион байгуулах, хаяг нь тодорхойгүй болон хүрч очиход хүндрэлтэй байршилд байгаа иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс дуудлага хүлээн авсан тохиолдолд шуурхай байдлыг хангах зорилгоор “Болзож уулзах цэг”-ийн үйлчилгээг нэвтрүүлэх, нэн яаралтай дуудлаганд “Ногоон гэрэл”-ээр үйлчлэх, түргэн тусламжийн автомашиныг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явуулдаг болгох асуудлыг Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг дарга, Замын цагдаагийн газартай хамтран шийдвэрлэх, нөгөө талаар түргэн тусламжийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудлын хүрээнд хүний нөөцийг бэлтгэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургах, мэргэшүүлэх, мэргэжлийн индексжүүлэх ажлуудыг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэхээр болов.
Төсөл хөтөлбөрүүдийн удирдлага, зохицуулалтыг сайжруулах тухай
Эрүүл мэндийн салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн удирдлага, зохицуулалтыг сайжруулах тухай Эрүүл мэндийн сайдын тушаалын төслийг Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Сайдын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган батлахаар боллоо.
Дээрх тушаалын төслийн зорилго нь эрүүл мэндийн салбарт гадаадын улс орнууд болон олон улсын байгууллагуудын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа томоохон 42 төсөл, хөтөлбөрийн удирдлага, зохицуулалтыг сайжруулахад оршино. Энэ зорилгын хүрээнд тэдгээр төсөл, хөтөлбөрүүдийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах “Эрүүл мэндийн салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг зохицуулах Зөвлөл”-ийг шинэчлэн байгуулж, тус Зөвлөлийг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах дараах 7 ажлын хэсгийг байгуулахаар болж байгаа юм. Үүнд:
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын хэсэг
Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын хэсэг
Эх, хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн чиглэлээрх ажлын хэсэг
Эрүүл мэндийн байгууллагын чадавхи, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлийн ажлын хэсэг
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлийн ажлын хэсэг
Эрүүл мэндийн салбарын хөгжлийн ажлын хэсэг
Цахим эрүүл мэндийг хөгжүүлэх чиглэлийн ажлын хэсэг