Л.ХЭРЛЭН

Монгол Улсын Соёлын гавьяат зүт­гэл­тэн, МСНЭ-ийн Ерөн­хийлөгч асан, УИХ-ын ги­­шүүн Д.Саран­гэрэлийн санаачилгаар  зохион байгуулж буй “Редакторуудын улсын зөвлөгөөн”  өчигдөр боллоо. Улаанбаатар хот болон орон нут­гийн сэтгүүлчид, хэв­лэл мэдээллийн байгуул­лагынхан салбарын өмнө тулгамдсан  нийтлэлийн хэл найруулга, ур чадварыг дээшлүүлэх асуудлаар гарц, шийдлийг хэлэлцсэн юм. Мөн  Ерөнхийлөгчийн дэргэ­дэх хэлний бодлогын зөвлөлтэй хамтран нийт­лэлийн хэл най­руул­­гыг сайжруулах  зөвлөмж гаргаж, уриалга дэвшүүллээ.

Зөвлөгөөнийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр  нээж үг хэлсэн.  МСНЭ-ээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Мэргэшсэн сэт­гүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, Цахим сэтгүүлзүй, мэдээллийн  орчныг сайжруулах форум,  Редакторуудын зөвлөгөө­нийг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд найман  салбарт мэргэш­сэн сэтгүүлч бэлтгэх клуб байгуулжээ. Үүнд Га­даад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөн­хий­лөгчийн Тамгын газар дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм. 7-8 яам төсөлд оролцож, салбарын мэргэшсэн сэтгүүлч бэлтгэхэд оролцохоор болжээ. Цахим сэтгүүл­зүйн форумаар шинэ хандлага, шинэ зарчмыг бий болгож байгаа. МСНЭ салбарын хөгжилд анхаарч, энэ чиглэлд түлхүү ажиллана. Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагынхан төсөл, хөтөлбөр, бизнес хөтөлбөр боловсруулах чиглэлээр сургалт явуулсан. Энэ ажлын үргэлжлэл  болгож редакторуудын уулзалтыг хийж байгаа аж. Салбарын өмнө тулгамдсан, олон нийтээс шүүмжлэл хүлээдэг зүйл нь хэл найруулга, мэргэжлийн чиглэлийн асуудал байдаг. Үүнийг жилд нэг удаа яриад шийдчихгүй. Дараагийн зөвлөгөөн хүртэл бодитой ажлууд хийнэ гэдгийг МСНЭ-ийн удирдлага болон редакторууд онцоллоо.

Зөвлөгөөнд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн захирал, доктор Ж.Батбаатар, Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын зөвлөлийн төлөөллүүд илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Доктор Ж.Батбаатар “Сэтгүүлзүйн хэл түүний онцлог, зарчмууд” сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр “Чөлөөт хэвлэлийн хэл гэдэг нь миний бодож санаж байгаагаас илүүтэй түүнд тавигддаг шаардлага, зарчмуудтай нийцэж байх учиртай. Сэтгүүлзүй гэдэг бүхэлдээ тодорхой хэм хэмжээнд тулгуурласан, мөн тодорхой хэмжээнд стандартчилагдсан үйл ажиллагаа. Тиймээс хэвлэл, мэдээллийн хэлний хэм хэмжээний тухай, тодорхой зааг хязгаарын тухай зайлшгүй яридаг. Ер нь бүх төрлийн бичвэрийг хоёр төрөлд хувааж үздэг.  Үүнд уран сайхны буюу уран сайхны бус гэсэн хоёр  хэл байна. Уран сайхны бус гэдэгт сэтгүүл зүй хамаардаг. Яагаад гэвэл, сэтгүүлзүй “баримт, баримт, бас дахин баримт” гэсэн зарчимд тулгуурлаж бүтдэг үйл ажиллагаа. Үүнийг баримтад тулгуурласан харилцаа юм гэж  болно. Сэтгүүлзүй, түүний бүтээгдэхүүн, тэрийг бүтээж буй хэл найруулга, бичвэрүүдийг бүхэлд нь ингэж тодорхойлдог. Нөгөө талаас, тодорхой дүрэм журамд захирагдаж явдаг үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, чөлөөт сэтгэлгээнээс ангид хэрнээ уран сайхны бус бичлэгийн төрөлд хамаарна. Баримтад тулгуурласан харилцаа, энэ утгаар авч үзвэл сэтгүүлзүйг ерөнхийд нь загварт бичлэг гэж хэлж болно. Уран сайхны төрөл жанраар бичигддэг бичлэгүүдээс огт өөр зүйл. Стандартчилагдсан загварт бичлэг гэдэг нь үндсэн зарчим нь” гэд­гийг илтгэлдээ дурдсан юм.

Харин Ерөнхийлөг­чийн дэргэдэх хэлний бодлогын зөвлөлийн төлөөллүүд “Зөв би­чих дүр­мийн толь”-ийг шинээр гаргах гэж бай­гаагаа энэ үеэр мэдээлсэн. Хэл шинжлэлийн салбар, хэлний зөвлөлийн чиг үүрэг, монгол хэлний хуулиар хэвлэл, мэдээллийн байгууллагын хүлээх үүрэг, Ц.Дамдин­сүрэнгийн толиос хойш монгол хэлний толь гараагүй байсан учир шинээр журамласан толь хийж байгааг  тэд онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин