Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр ЭМЯ-нд ажиллаж эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн талаар тус яамны удирдлагуудтай санал солилцов.
Уулзалтын эхэнд эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлууд” сэдвээр илтгэл тавьж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эрүүл мэндийн санхүүжилт (даатгал), оношлогоо, эмчилгээний төв, эмийн аюулгүй байдал, сонирхлын зөрчил (албан бус төлбөр, авилга, хээл хахууль), байгууллагын соёл (харьцаа хандлага) гэсэн авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа асуудлуулыг хөндөж, шийдвэрлэх арга замын талаар танилцуулсан байна. Үүнд:
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүрээнд өрх, сумын Эрүүл мэндийн төв, аймаг, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн Үндэсний төвүүдийн үйлчилгээг хүлээгдэлгүй, чирэгдэлгүй, доголдолгүй, хомсдолгүй, зөрчилгүй, эрсдэлгүй, дутагдалгүй, гомдолгүй болгох зорилт тавин ажиллах.
- Эрүүл мэндийн санхүүжилт (даатгал)-ийн хүрээнд эрүүл мэндийн даатгалыг бие даалгах, даатгалд хамрагдах тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, бодит зардлаар санхүүжүүлэх, эрүүл мэндийн ажилтны цалингийн тодорхой хувийг даатгалаас санхүүжүүлэх, эмнэлгүүдийг бие даалгах.
- Гадаадад эмчлүүлэгчид олширсон, технологийн нэгдсэн бодлого, удирдлага, зохицуулалт байхгүй, лавлагаа лаборатори байхгүй, эмч, мэргэжилтнээ бэлдээгүй, чанар, аюулгүй байдал алдагдсан зэргийг шийдвэрлэхийн тулд Оношлогоо, эмчилгээний төвийг байгуулах шаардлагатай болсон.
- Эмийн чанар, аюулгүй байдлын хүрээнд эмийн чанарын хяналтын лаборатори байгуулах, эмийн зохистой хэрэглээг бий болгох, эмийн үнэд төрийн зохицуулалт хийх, эмийн тусгай зөвшөөрлийг шударга болгох зэрэг тодорхой зохицуулалт хийх.
- Сонирхлын зөрчил, албан бус төлбөр, авилга, хээл хахуул Эмч нар хувийн эмнэлэг, төрийн эмнэлэгт зэрэг ажилладаг зэргийг таслан зогсоохын тулд сонирхлын зөрчлөөс сэргийлж цалинг нэмэн ёс зүйн дүрмийг чангатгах.
- Харин эрүүл мэндийн байгууллагуудын үнэт зүйл, байгууллагын соёл, харьцаа хандлага, байгууллагын орчин, уур амьсгалыг өөрчлөх зайлшгүй шаадлагатай байгааг төсөл шалгаруулалтаар шийдвэрлэх гэж байгаа юм байна.
Дэд сайд Ж.Амарсанаа эрүүл мэндийн салбарт олон асуудлууд байгааг хэлээд дархлал хомсдлын вирүсээр нийт 100 гаруй монгол хүн өвчилсөн байхад ДОХ-той тэмцэх том, том хороонууд ажилладаг, харин Элэгний вирүсийн шалтгаанаар жилд 2500 гаруй хүн нас бардаг байхад үүнийг шийдвэрлэх нэг ч хороо ажилладаггүй нь анхаарал хандуулахгүй байж боломгүй байгааг хэллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрүүл мэндийн салбарын тогтолцоо, санхүүжилт, эмийн зохицуулалт, оношлогоо, мэдээллийн технологи чиглэлээр анхааран ажиллах нь зөв гэдгийг хэлээд аймаг, нийслэлд оношлогооны төв байгуулахад гүйцэтгэх бүх ажлын төлөвлөгөөг гарган өгөхийг ЭМЯ-ны удирдлагуудад захиж дахин уулзана гэдгээ илэрхийлэв.