Н.ДАЯН

 Цэргийн ухааны доктор, ҮБХИС-ийн профессор, ҮАБЗ-ийн шинжээч, хошууч генерал З.Болдбаатартай ярилцлаа.

 -Та улс орны дотоод аюулгүй байдлын орчинг цэрэг-стратегийн талаас нь юу гэж дүгнэж байна?

-Улс орны маань улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, ард түмэн улс орноо гэсэн тогтвортой бодлого явагдаж чадахгүй, нам төвтэй,намууд нь амбицласан, талцаж хуваагдсан байдал үргэлжилсээр байна. Оршин тогтнож улс орон тогтвортой байх үндсэн тулгуур болсон нийгмийн аюулгүй байдал сул, гэмт хэрэг их гарч хүний эрх зөрчигдөх болсон. Хөдөлмөрийн хөлсний үнэлэмж бага, ажилгүйдэл ядуурал ихтэй, иргэдийн эрүүл мэндийн хамгаалалт сул, хүнсний аюулгүй байдал хяналтаас гарсан. Улс орныхоо дотоод аюулгүй байдлын орчинг бодитоор үнэлж, тулгамдсан олон асуудлыг үндэсний эрх ашгийн үүднээс цэгцлэх цаг нь болсон. Дотоод аюулгүй байдалтай холбоотой бас нэг зүйл бол стратегийн бүтээн байгуулалтууд. Үүнийгээ батлан хамгаалах эрх ашгийн үүднээс үнэлж дүгнэх тал дээр учир дутагдалтай, цэрэг стратегийн болзошгүй үйл ажиллагааны хувилбаруудыг бодож тооцдоггүй байдал нэлээд байдаг.

-Хоёр хөрш маань эдийн засгийн өндөр чадамжтай, хүчирхэг цэрэг армитай, дэлхийн улс төрийн болон геополитикийн бодлогыг тодорхойлоход их нөлөөтэй. Бид аюулгүй байдлаа, тэр тусмаа цэргийн аюулгүй байдлаа яаж хангах вэ?

-Бидний оршин байгаа Зүүн хойд Азийн бүс нутаг, хөрш улсууд маань цэрэг-улс төрийн болон цэрэг-техникийн хүчтэй бодлого явуулж, үүнийгээ аюулгүй байдлаа хангах, хүчний тэнцвэрийг барих, улс орноо хөгжүүлэх тулгуур бодлогоо гэж тодорхойлоод байна.Зах зээлийн харилцаанд тулгуурласан эдийн засгийн хүчтэй хөгжлөөр цэрэг армиа хөгжүүлж, түүнийгээ ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тодоор зарлаж байна.Бидний эргэн тойронд цэргийн бүлэглэл, тойргууд байсаар зэвсэг техник нь хөгжиж боловсронгуй болсоор байна.Улс орон мөнгөтэй, хүчтэй болох тусам бодлого зорилго нь өөрчлөгдөж байдаг зүй тогтолтойг бид байнга бодолцож анхаарч байх ёстой. Бид мөнхийн сонор сэрэмж шаардсан газар зүйн байрлалтай улс шүү дээ. Бидэнд цэргийн аюулгүй байдлаа хангах үндсэн арга зам бол аюулгүй байдлын олон талт баталгаа гаргах олон улсын эрх зүйн орчныг сайн бүрдүүлэх. Улс төр дипломатын идэвхтэй олон талт бодлого явуулах, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх арга механизмыг өргөн хүрээтэй ашиглах. Цэрэг-улс төрийн дипломат бодлого явуулах, аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл солилцох, тагнуулын  болон цэргийн тагнуулын байгууллагуудыг сайн бэхжүүлэх хэрэгтэй. Мэргэжлийн талаас нь чадваржуулан техник технологийн шинэчлэл хийхээс гадна иргэдээ бэлтгэж, хүнээ хөгжүүлэх бодлого явуулах нь чухал. Тухайлбал, монгол хүн, монгол залуучууд англи, орос, хятад хэлийг сайн сурах. Хөрш орнуудынхаа хөгжил боловсролын чиг хандлагаас хоцрохгүй байх ёстой. Боловсрол, мэдлэг чадвараараа тэдэнд үнэлэгдэх юм. Одоо бидэнд эв нэгдэл, ухаан, эрч хүч,шуурхай ажил хэрэгч бүтээлч байдал их чухал хэрэгтэй болоод байна.

-Та цэргийн стратегич, цэргийн эдийн засагч мэргэжилтэй хүний хувьд батлан хамгаалах төсвийг ямар хэмжээнд байвал зохистой гэж үзэж байна?

-Төрийн том бүтэц, олон шат дамжлага улс орны эдийн засагт занал учруулж байна.Бид 30-аад жил улс төрийн тогтолцоогоороо тоглож шинэчлэлт хийх гэж үзлээ. Энэ хугацаанд улс орныг удирдаж байсан хүмүүс эдийн засаг чухал гэдгийг ойлгохгүйгээр барахгүй үл тоомсорлож байсан тул эдийн засаг зогсонги байдалд орж хөгжих бололцоогүй болсон байсан.Төрөө засч, түмэн олноо өөд нь татаж эдийн засгийн шинэчлэл хийж хөгжилд хүрэх цаг нэгэнт болсон. Батлан хамгаалах төсөв дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиараа 2018 оны байдлаар 0.90 хувьтай байна. Энэ нь үндсэндээ цэргийн албан хаагчдын цалин хангамж, үйл ажиллагаанд зарцуу­лагддаг. Үүнээс үзэхэд батлан хамгаалах чадамжийн чухал үзүү­лэлт болох зэвсэглэл тех­никийн болон шинжлэх ухаан технологи,эрдэм шинэжилгээний асуудлууд төсөвт тусгагдах боломжгүй байгаа нь харагдаж байна. Улс орнуудын жишгээр батлан хамгаалах төсвийн бүтцэнд  өөрчлөлт хийх шаардлагатай гэж би үздэгБид цаашдаа батлан хамгаалах төсвийн бүтцэд үйл ажиллагааны зардалаас гадна зэвсэглэл техникийн, цэргийн шинжлэх ухааны, цэргийн албан хаагчдын орон байрны зардал гэсэн ангиллыг тусгайлан суулгаж өгч байх нь зүйтэй.

-Цэргийн албан хаагчдын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах талаар бодлогын болон эрх зүйн ямар зохицуулалт шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Манай салбарт тулгамдсан зүйл бол цэргийнхний орон байрны, цалин хангамжийн асуудал юм. Миний мэдэж байгаагаар орон сууцны хүсэлт гаргасан дөрвөн мянга гаруй хүн байдаг.Цэргийнхэнээс маань олон улсын ажиллагаанд 14 мянга гаруй офицер, ахлагч нар оролцож, улс орныхоо нэр хүндийг олон улсад гаргаад зогсохгүй гадны улс орнуудын цэргийнхний цалин хангамж ямар байдгийг сайн мэдэж харьцуулж үздэг боллоо. Бидний хувьд цэргийнхнийгээ орон сууцтай болгох боломжтой. Харамсалтай нь энэ асуудал улс төрчид, сайд дарга нарын хандлага, арга барил, ашиг сонирхолоос болоод сайн хэрэгжиж өгөхгүй байна.

 Батлан хамгаалах, зэвсэгт хүчинд 25-аас дээш жил ажилласан хүнд 60 метр квадратаас доошгүй хоёр өрөө байраар хангадаг тогтолцоог бий болгох ёстой гэж би хувьдаа үздэгӨнөөдөр манай маш олон цэргийн дарга нар офицер, ахлагч нар тэтгэвэрт гараад орох оронгүй, энд тэнд харуулын, хамгаалалтын албаны дарга хийгээд явж байна. Тэд эх орныхоо төлөө залуу халуун нас, эрүүл мэндээ зориулсныг ойлгож хүндэтгэж байгаа зүйл тун бага байна. Тиймээс нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэх системтэй олон арга хэмжээ авах шаардлага байгаа юм.

-Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлага ямар байх бол. Орон нутгийн хамгаалалт гэж юу гэсэн зүйл бэ?

-Төрөөс цэргийн байгууллагуудыг 2030, Зэвсэгт хүчнийг 2020 хүртэл хөгжүүлэх хөтөлбөр бодлого болон тодорхойлогдсон. Мэргэжлийн зэвсэгт хүчинтэй болохын тулд цэргийн албан хаагчдын сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх, ахуй амьдралыг нь сайжруулах, албан тушаалуудад тавьдаг мэргэжлийн болон ёс зүй, сахилга хариуцлагын шаардлагыг өндөр болгох, орчин үеийн техник технологийн мэдлэгийн шаардлагуудыг бий болгох хэрэгцээ өдрөөс өдөрт тавигдах боллоо. Үүнийг манай олон улсын энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн дайчид бидэнд тавьсан. Цаашид бид тусгай хүчин, барилга инженерийн төрөл цэргийг бий болгох хэрэгцээ гарч ирэх байх. Манайх шиг хүн ам багатай, улс орныхоо стратегийн байгууламжуудыг гадны улсаар бариулаад байх нь аюулгүй байдал талаасаа их зохимжгүй гэж би боддог. Монгол Улс хүчирхэг байхдаа төр цэргийн нэгдмэл тогтолцоотой хатуу сахилга баттай, хууль цаазыг чанд мөрддөг, мөрдүүлдэг байсан түүхтэй. Мөн иргэдийнхээ эрүүл мэнд, боловрол, эх оронч хүмүүжил олгох тал дээр анхаарч олон талт арга хэмжээ авах явдал гэж үзэж  байгаа. Ингэж орон нутаг, иргэд бэлтгэлттэй болсноор улс орны батлан хамгаалах чадамж сайжрахаас гадна бүх нийтийн оролцоонд тулгуурласан батлан хамгаалах стратеги хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Энэ дашрамд  орон нутгийн хамгаалалтын тухай хууль санаачлан боловсруулж, их хуралд өргөн бариад байгаа Батлан хамгаалах яамны шинэ удирдлага хамт олонд ажлын амжилт хүсье.

-ТаМонгол генералтөвийн гүйцэтгэх захирлын хувьд удахгүй цэргийн дээд цол, генерал цол бий болсон өдөр тохиох гэж байна. Манай уншигчдад энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дарга нарт олгоно хэмээн журамласан генерал хэмээх эрхэм хүндтэй цолыг БНМАУ-ын Сайд нарийн зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор бий болгосон байдаг. Энэ эрхэм хүндтэй цолыг авсан 180 хүн байдаг. Үүнээс өнөөдөр амьд сэрүүн 90 гаруй хүн байгаагийн 30-аад нь цэргийн жинхэнэ албанд үүргээ гүйцэтгэж, бусад нь бэлтгэл болон чөлөөнд байна даа. Монгол генерал төвөөс энэ өдрийг тохиолдуулан генерал бүхий байгууллагуудтайгаа хамтран олон ажил зохион байгуулдаг сайхан уламжлалтай. Энэ жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хариуцан ажиллаж байна. Удахгүй болох цэргийн дээд цолтны өдрийг тохиолдуулан эрхэм генералууддаа эрүүл энх сайн сайхан, ажлын амжилтыг та бүхнээр дамжуулан хүргэж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин