Монголбанкны ахмад ажилтан М.СҮХЭЭ
Ардчилсан хувсгалын үр нөлөөгөөр олон жил хэвшиж тогтсон төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжих үйл явц богино хугацаанд өрнөсөн нь шилжин орж байгаа нийгэмд тохирсон эдийн засгийн цоо шинэ бодлого боловсруулах шаардлагыг аяндаа бий болгосон юм. Өмч хувьчлалын явцуухан бодлогын нөлөөгөөр Социализмын материал, техникийн бааз гэж байсан хөдөө аж ахуй, барилга, аж үйлдвэр, хөнгөн хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, материал хангамж, комплекс төхөөрөмж, худалдаа зэрэг улс ардын аж ахуйн бүх салбаруудын үйлдвэрлэлийн бараа түүхий эд, материал тоногдон үрэгдэж,гадагш ачигданаас гаднаэх орныхоо хэрэгцээг хангаад зогсохгүй бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг байсан үйлдвэр, заводууд хаагдаж хэдэн арван мянган ажилчид ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжсэн билээ.
Зөвхөн мал аж ахуйн арьс, шир боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 10 гаруй үйлдвэр байсныг тоочвол Томширны, гутлын,булигаарын улны шир, хонины арьсаар шевретийн, ямааны арьсаар шевроны, илэг төрөл бүрийн савхи, нэхий, үслэг эдлэл, ноосоор эсгий, хивс зэрэг бүх бүтээгдэхүүн дотоодоо үйлдвэрлэж хүн ардын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй гадаадад экспортод гаргадаг байсан үйлдвэрлэл одоо байхгүй болж дурсамж төдий болжээ.
Нэгэнт хэвшиж тогтсон төлөвлөгөөт эдийн засаг хүнд цохилтонд өртөж, Засгийн газрын XX тогтоол гэгч гарсанаар үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн худалдан авах чадварыг илэрхийлэх мөнгөний ханш хэд дахин суларч, банкан дахь хадгаламжтай иргэд хүүхэд, залуучуудынхаа түлхээсээр мөнгөө авч худалдаа арилжаанд гүйлгэх, хувьчлагдаж байсан үйлдвэр, байгууллагын тооцооны дансан дахь мөнгөн хөрөнгө тооцоо, хяналтгүйгээр гадагшилж, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлж байсан банкны зээлийг хариуцаж төлүүлэх эзэнгүйдэж,тус улсын мөнгөний нөөц хомстон, эдийн засаг хямраад зогсохгүй, сүйрэлд орох болсон юм. Энэ хямралт ажиллагаа банкинд нөлөөлж,тэр үеийн улсын банканд ажиллаж байсан диллерүүдийн валютын арилжаанаас алдсан алдагдлыг нөхөхийн тулд тухайн үеийн засгийн газар шийдвэр гаргажулсын банкны нөөцөнд байсан цэвэршүүлсэн алтаар нөхөжулсын сан хөмөргийг хоосолсон гашуун сургамжыг мартах болоогүй баймаар юм.
Энэ үйл явц социалист системийн үед бодож боловсруулсан зээл, мөнгөн гүйлгээ санхүүжилт, төлбөр тооцооны механизмыг боловсронгуй болгох замаар харилцан итгэлцэл түншлэн хамтран ажилласнаар, үр ашгийг нэмэгдүүлж болох юм хэмээн үзэж байсан банкийг шинэчлэх бодлого тохирохгүй болсонч гэсэн энэ үзэл санаа Банкны тухай хууль боловсруулахад үнэтэй туршлага болсныг энд онцлон тэмдэглэж байна. Яагаад гэвэл социализмын үеийн зээл, төлбөр тооцоо нь аж ахуйн нэгж, байгууллагад үйлчлэх хүрээний ололт, дутагдалтай талыг сайн мэдэж байсан учраас өмчийн олон хэлбэрт шилжсэн эдийн засагт банк яаж ажиллавал зохилтойг тоймлон тодорхойлж болох боломжтой байлаа.Ингэж шилжиж байгаа зах зээлийн эдийн засагт тохирсон банкны тухай хуулийг яаравчлан боловсруулан батлуулж мөрдүүлэх шаардлагатай боллоо. Манай орны эдийн засагт гэнэт учирсан энэхүү нөхцөл боломжийгтэр үеийн Улсын банкны удирдлага хэний ч зөвлөмж санаачлагагүйгээр ухамсарлан Банкны тухай хууль боловсруулах комисс байгуулж даргаар нь Улсын банкны ерөнхий хорооны дарга агсан Г.Хүдэрчулуун, нарийн бичгийн даргаар нь энэхүү дурсамжийг тэрлэгч М.Сүхээ миний бие томилогдон ажиллаж байлаа. Энэ нь банкны системд 50 гаруй жил ажиллаж банкны үйл ажиллагааг шинэчлэх товхимол бичиж, СНЗ тогтоол гаргуулж ажил амьдралаа зориулсан надад тохиолдсон мартагдашгүй бахархам үйлс байжээ. Монгол Улсын улс төр, нийгмийн байгууламж бүрэн тогтворжоогүйгээс гадна, Монгол Улсын одоогийн шинэ үндсэн хууль ч гараагүй үед урьд өмнө туулж байгаагүй, эдийн засгийн хэв шинж тодорхой болоогүй нөхцөлд банкны тухай хууль яаравчлан боловсрогдож байсан ч улс төр, эдийн засгийн нөхцөл байдал үүнийг түргэвчлүүлэхгүй бол эдийн засагт ноцтой хохиролгарах байсанучир1990 онд Улсын банк хоёр чухал шийдвэрийг боловсруулж гаргалаа. Үүний нэг нь тэр үеийн зах зээлийн харилцаанд үүсч байгаа бэрхшээлийг даван туулж худалдаа үйлчилгээний хангамжийг нэмэгдүүлэх үүднээс аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрийн газрын дунд чөлөөт валютын дуудлагын худалдаа гурван удаа зохион байгуулснаар 1990 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төгрөгийн ам.доллартай харьцах суурь ханшийг тогтоосон билээ.Мөн эдийн засагт тулгарч байсан асуудлыг яааралтай шийдвэрлэх үүднээс Банкны хуульд оруулахаар хийж байсан гол үзэл, санааг бүрэн тусгасан Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн банк байгуулах, түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм батлан гаргууллаа. Энэ хоёр үйл явц тэр үеийн эдийн засгийн харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл байсны дээр Улсын банк 1990 оны есдүгээр сарын 06-ны өдөр Аж ахуйн банкийг байгуулах, түүнд зөвшөөрөл олгоход баримтлах аргачлалыг боловсруулан гаргалаа.
Эдийн засагт тохиолдсон бэрхшээлийг богино хугацаанд даван туулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд яаравчлан гаргасан дээрх тогтоол ач холбогдлоо өгч хувийн хэвшлийн банкнууд байгуулагдсан шинэ түүхийн хуудас нээгдсэн эхлэл тавигдсан билээ. Үйлдвэрийн хувь нийлүүлсэн анхны арилжааны банкны дараагаар, Монгол хоршоо, Монгол даатгал, Хөдөө аж ахуйн зэрэг хувь нийлүүлсэн банкууд байгуулагдлаа. 1991 оны нэгдүгээр сарын 01-ны тэнцлээр зохих бэлтгэл хангасны үндсэн дээр Худалдаа хөгжлийн банк, Хөрөнгө оруулалт технологи шинэчлэлийн банкийг Улсын банкны ерөнхий хорооны бүтцэд байсан зохион байгуулалтаас гаргаж, ажилчдын орон тоо, цалин ажиллах хүчний хамт хоёр банканд шилжүүлснээр төрийн өмчтэй гэж үзэж болох анхны хоёр банк байгуулагдсан юм. Энэ бол Банкны хууль боловсруулж байсан үед яаравчлан хэрэгжүүлсэн арга хэмжээ байлаа.
Шинэ эдийн засагт тохирсон мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх ажил ингэж эхэлсэн юм. Шинэ хууль боловсруулах үед мөнгөний бодлогын орчин ямар байв. Социалист эдийн засагт банк чухам ямар үүрэг гүйцэтгэж байсан гэдэг асуудал одоо мартагдаж байгаа учир банкны үйл ажиллагаанд хийгдсэн шинэчлэлийг ойлгомжтой болгохын тулд зарим заалтыг нь тодруулж товчхон ч гэсэн авч үзэх нь зүйтэй гэж үзэж байна.
Банкны хуулийн төслийг боловсруулахын тулд хоёр системийн эдийн засгийн нөхцөл байдлыг түүнд үйлчлэх хуулиудын шаардлагыг юуны өмнө харгалзан үзэхчухалбайлаа.
Социалист системийн үед эдийн засаг, мөнгөний бодлого, нэгдсэн төлөвлөгөөгөөр хууль тогтоомжийн дагуу, ямар ч сонголтгүйгээр бүх үйл ажиллагаа төрийн зохицуулалтаар хийгдэж, аж ахуйн байгууллага бие даан асуудлыг шийдвэрлэх бололцоогүй байсан бол зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хувийн өмчтэй аж ахуйн нэгж үйлчлүүлэх банкаа өөрөө сонгож, тэнд хөрөнгөө байршуулж, санхүү мөнгөн гүйлгээний аль шуурхай, хөнгөлөлттэй, ашигтай харилцаа үйлчилгээг санал болгосон хөрөнгийн чадвартай банкийг сонгож, үйлчлүүлэх хэрэгтэй юм гэж үзэв.Хувийн хэвшлийн аж ахуйн эзний юм уу эсвэл төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр хуучин системийнх шиг дарамт учруулсан төгрөгийн хяналт хийх боломжгүйболж, банк аж ахуйн нэгж хамтран ажиллахаас өөр аргагүй боллоо. Хувийн өмч хөрөнгөнд ялангуяа тооцооны данснаас нь төлбөр гүйцэтгэхдээ хувийн, хүний өмч хөрөнгөнд дур мэдэн халдаж болохгүй нь тодорхой болов. Аж ахуйн нэгж, компани, пүүс хоршоо үйлчлүүлэх банкаа сонгож болохын зэрэгцээ банк нь өөрийн найдвартай харилцагчаа олох, хадгаламж цуглуулах, хөрөнгө татан төвлөрүүлэх бололцоотой, зээл, тооцоо, мөнгөн гүйлгээг хамтран хэрэгжүүлэх харилцагчийг олжхарилцан үр дүнтэй ажиллах ажиллах болов.Банкны үүрэг, хариуцлагыг цоо шинэ байдлаар хуульчлахын тулд банкны тогтолцоог өөрчлөх шаардлагатай болсон юм.
Хувийн өмчид тулгуурласан банк байгуулснаар зах зээлд байгаа мөнгийг татан төвлөрүүлэх, түүнийгээ зээлдүүлэх найдвартай харилцагчийг олох талаар өрсөлдөөнтэй ажиллах шаардлага гарах нь тодорхой байлаа. Зах зээлд хөрөнгийн чадвар сайтай, харилцагчдын таашаалд нийцсэн үйлчилгээтэй, нэр хүндтэй, бүтээгдэхүүн үйлчилгээний уян хатан хэлбэр бүхий банк өрсөлдөөнд ялж, тэр банк улам бэхжиж төгөлдөржих учиртай байв. Хувийн, төрийн, холимог, ямар ч хэлбэрийн өмчтэй байж болох арилжааны банкийг Төв банкнаас тусгайрлах нь зүйтэй юм байна гэсэн ойлголт бий боллоо. Ингэснээр төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх Төв банк; харилцагч иргэдэд үйлчлэх үүрэгтэй арилжааны банк гэсэн банкны хоёр шаталтай тогтолцоог цоо шинээр бий болгов.Банкны тогтолцоог зааглан тогтоосон нь урьдынх шиг Засгийн газар, Улсын банкны харьяа байгууллагуудаа удирдаж байсан арга барилыг эрс өөрчлөн, дан ганц эдийн засгийн бие даасан харилцаатай байхыг чухалчилснаар энэ хуулийн онцлог, ач холбогдол оршино. Банкны тухай хуулиар Төв банк болон Арилжааны банкны гүйцэтгэх үүргийг зааглан тогтоож, тустай өөр өөр үүрэг гүйцэтгэх Монгол улсын банкны тогтолцоог Төв банк болон Арилжааны банкнаас бүрэлдэнэ гэж хуульчиллаа. Төв банкийг гадаад, дотоодын харилцагч банк, байгууллагуудтай харилцах товч тодорхой нэртэй байх шаардлагатай гэж үзэж Төв банкыг“Монголбанк” гэж нэрлэхээр тогтсонбилээ.
Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Банкны татан төвлөрүүлсэн хөрөнгөнд төлөх хүү, зээлийн хүүд өөрчлөлт оруулж байхаар хуульд тусгасан нь банкнуудын үйл ажиллагааг зохицуулах, нөгөө талаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгт, Монголбанкны активд байгаа алт, валют зэрэг өндөр чанарын үнэт зүйлс түргэн борлогдох зүйлсээр баталгаажсан байх, улс орны зах зээлд өргөн хэрэглэгдэх, төлбөр тооцооны хэмжүүр хэрэгсэл болдог. Гадаад валюттай зэрэгцүүлэх төгрөгийн ханшийг зохицуулах, арилжааны банкны зээлийн хэмжээг хязгаарлах зэрэг арга хэрэгслээр төгрөгийн тогтвортой байдлыг хангаж арилжааны банкуудтай эдийн засгийн олон чухал арга хэрэгсэлээр харилцаж байхаар хуульчилсан билээ. Үүний нэг нь арилжааны банкнууд Төв банканд харилцах данс нээж гүйлгээ хийх явдал юм. Энэ харилцах данс нь арилжааны банкыг эрсдлээс хамгаалахын тулд харилцагчдаас авсан хадгаламжийн тодорхой хэсгийг төв банкнаас тогтоосон журмын дагуу зээлдүүлэхгүйгээр энэ дансандаа төвлөрүүлэх, харилцагч аж ахуйн нэгж, иргэдийн мөнгөн гүйлгээ, тооцоог дотоод, гадаадын өөр банктай харлцагч байгууллагын дансанд гуйвуулахдаа энэ дансаас шууд шилжүүлэх, харилцагчдын бэлэн мөнгөний хэрэгцээг тухай бүрт нь саадгүй хангах үүднээс Төв банкнаас бэлэн мөнгө авах, илүүдлээ буцааж тушаах зэрэг өдөр тутмын гүйлгээг гүйцэтгэж байх журам тогтоосон юм. Засгийн газрын үнэт цаасны хүүгийн хэмжээ, зах зээл дээрх түүний үнэлгээний түвшингээр банкны заавал байлгах нөөцийгтогтоож, түүний дутагдахтэр хэсгийг нөхөх зорилгоор зээл олгож болно. Банк хооронд олгогдон зээлийн хүүг Монголбанк тогтоох замаар хүүгийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхээр хуульчилсан юм.Эдгээр заалтууд нь харилцагчдыг бэлэн мөнгөөр хангахын тулд мөнгөн хөрөнгө, төгрөгийг Монголбанканд байгаа дансандаа авч гүйлгээ хийх нь банкнуудын төлбөрийн чадварыг харгалзах банк хоорондын төлбөр тооцоог үнэн зөв хийгдэж байгааг Монголбанкан дахь дансны гүйлгээүлдэгдлээр өдөр тутам хянах боломжийг олгосон. Монголбанк банкнуудыг хуульд заасны дагуу шалгахдаа тэдний бие даасан байдлыг хангах үүднээс хандаж байхаар хуульчиллаа.
Монголбанкинд байгаа тооцооны данс гүйлгээ хийх боломжгүй (дансанд байгаа мөнгө нь хүрэлцэхгүй) болсон тохиолдолд Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгчийг тодорхой хугацаагаар (6 сар) томилж байхаар хуульчилсан юм. Бүрэн эрхт төлөөлөгч нь банкны төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нөхцөлийг судлан түүнийг арилгах арга замыг төлөөлөн удирдах зөвлөлд тавьж ажлыг сайжруулахаар хамтарч ажиллах болов. Банк бүр бусдаас татан төвлөрүүлэх хөрөнгийг нэмэгдүүлэхийн тулд илүү өндөр хүүтөлөх харин түүнийгээ зээлдүүлэхдээ бусдаас бага хүү амлах шаардлага гарна. Өндөр хүү амалж байж татан төвлөрүүлсэн хөрөнгийг бүгдийг зээлдүүлдэггүй, зээлдүүлэх боломжгүй активаа нөхөхийн тулд зээлийн хүүг санасан зоргоор багасгах боломж гардаггүй учраас хадгаламж зээлийн хүү зах зээлийн жишгээр аяндаа тогтох болно. Өөрийн өртөг зардал, хүүнд нөлөөлөх бүх хүчин зүйлсийг тооцож үзсэн ч бусад банкнуудын хүүгийн хэмжээг бодолцож зах зээлийн өрсөлдөөнд оролцож байгааг мартаж болохгүй.
Харилцагчаа эрсдэлээс хамгаалах, зах зээлд нэр хүндтэй байр эзлэх, үйл ажиллагаа нь томорч чадварыг сайжруулах талаар хамтарч ажилласны үр дүнд байнгын найдвартай харилцагчтай болох нь банкны анхаарах асуудлын нэг байх болно. Үүний тулд, харилцагчид, хадгаламж эзэмшигчид, зээлдэгч байгууллагад ашигтай хүлээж авах боломжтой үр өгөөжийг дээшлүүлэхэд түлхэц үзүүлэх, үйлчилгээ санал болгож , харилцан ашигтай ажиллах гэрээ хийх шаардлагыг харгалзан банкны үүрэг, хариуцлагыг тоймлон хуульчилсан юм.
Банкны үйл ажиллагааг тогтмолжуулах, төлбөрийн чадварыг сайжруулж, ашиг орлогоо арвижуулж байх нь ганцхан банкны өөрийн асуудал биш улс орны эдийн засагт нөлөө үзүүлбэл зохих чухал асуудал юм.
Банкны мөнгөн гүйлгээ, зээлийн бодлого нь харилцагч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжин тэтгэх, үр ашгийг дээшлүүлэхэд л чиглэгдэнэ.Банкнаас зах зээлд нийлүүлж байгаа мөнгө бүхэн тодорхой хугацаанд эргэлдэж, шинэ өртөг бүтээхэд зориулагдаж байвал мөнгөн гүйлгээний үр ашиг, нийгмийн баялгийг бий болгоход санхүүжилтийн механизм сайн үйлчилж байгааг илтгэнэ. Энэ үүднээсбанкнуудад мөрдөж хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоож, түүний үр дүнг сар, улирал бүрийн тайлан, тэнцлээр шалган хянаж байхаар хуульчилсан болно.
Монгол Улсын өмчийн олон хэлбэрийн эдийн засагтай зах зээлийн харилцаанд шилжих нь бараг сураг төдий, түүний нотолж тогтоосон эдийн засгийн ямар ч хууль гаргаагүй, тэр ч байтугай Монгол Улсын төрийн тогтолцоо бүрдээгүй, шинэ үндсэн хууль батлагдаагүй нөхцөлд Банкны тухай 4 бүлэг, 46 заалт бүхий хууль 1991 оны 4 дүгээр сард Монгол Улсын Бага хурлаар батлагдсанаар тус хуулийн үзэл санаа одоо болтол бүрэн хэрэгжиж, эдийн засгийн тулгуур хууль болон мөрдөгдөж байна.
Банкны тухай хууль батлагдсанаар Монголбанк болон арилжааны банкнуудын эрчимтэй үйл ажиллагаа нь тэр үеийн эдийн засагт учирч болох хямралыг зогсоож, Монгол Улсын мөнгө, эрдэнэсийн нөөц хөрөнгийг хамгаалж чадсан, цоо шинэ эдийн засагт хохирол багатай шилжих, эдийн засгийн хувьсгал болсон юм. Энэ хууль батлагдсанаар дэлхий дахинд Монгол Улсын нэр хүнд өсч, банктай харилцаа бүхий улс орнууд хамтран ажиллах явдал хэвийн үргэлжилсээр зогсохгүй, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк Монгол Улсыг ардчилсан улс хэмээн үзэж, гишүүнээр элсүүлэн, хуучин системээс уламжлагдан гарч болох хохирлыг арилгахад дэмжлэг туслалцаа үзүүлэх болсноор энэ хуулийн дэлхий дахины ач холбогдол оршино.Банкны тухай хууль боловсруулахад социализмын үед Улсын банкны үйл ажиллагааг шинэчлэх товхимол бичиж, банкны мөнгөн гүйлгээ, зээл, санхүүжилтийн механизмын үйлчлэлийн талаар судалж дүгнэлт гаргасан туршлага ихээхэн сургамж өгсөн зүйл болсныг эцэст нь тэмдэглэж байна. Зах зээлийн эдийн засагтай хэд хэдэн орны хуулийг судлан Монгол Улсад тохирох үзэл санааг авч богино хугацаанд маш эрчимтэй ажиллаж бүтээснийг бахархан тэмдэглэж байна. Үүнд Улсын банкны ерөнхий хорооны дарга агсан Гочоогийн Хүдэрчулуун ихээхэн үүрэг гүйцэтгэсэнийг манай банкны салбарынхан төдийгүй зах зээлийн нийгэмд шилжижбайсан эхний үед улс орны эдийн засаг хүндхэн байсан тэр үеийхэн, хойч залуу үеийнхэн дурсажэнэ хүний хичээл зүтгэлийг мартах учиргүй байх гэж бодном..
Банкны тухай хууль батлагдсан нь Монгол оронд өрнөсөн арчилсан хувьсгалын үр дүнг батжуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй, эдийн засагт эргэлт гаргасан хувьсгал байсан нь өнгөрсөн 30 шахам жилийн үйл явдлын онцлогоос харахад улам тодорхой болж байна. Улс нийгмийн эдийн засгийн хөгжлийн дагуу Банкны тухай анхны хуулийг шинэчлэх шаардлага гарсан ч анхны хуулийн утга агуулга, үзэл санаа хэвээр мөрдөгдөж цаашид хэрэгжүүлэх суурь үндэс болж байгааг харахад таатай байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин