Д.ЦЭРЭНСОДНОМ

Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич

 Монголчууд төрт ёсны асар эртний уламжлалтай билээ. Одоогоос 3000 жилийн тэртээ Төв Азид ноёлж байсан Хүнү гүрний үед маш нарийн зохион байгуулалттай түмт, мянгат, зуут, аравтын тогтолцоотой  дээд эрхийг барих  Шаньюй буюу  эзэн хаант хүчирхэг гүрний бүрэлдэхүүнд монголчууд багтаж ирсэн түүхтэй. Ийм учраас манай ард түмэн эртнээс төрийн тухай чамгүй сайн ойлголттой агаад тэр нь ардын зүйр цэцэн үгэнд ч туссан байдаг. Тухайлбал:

  • Төр төмбөгөр
  • Ёс ёмбогор,
  • Төр төмөр нүүртэй
  • Төрсөн бие махан нүүртэй,
  • Төр түмэн нүдтэй
  • Төрсөн бие хоёр нүдтэй,
  • Төрдөө төмөр далайх
  • Төрөлдөө мэс барих,
  • Төрийн нуруу төвшин бол
  • Түмний нуруу амар,
  • Төрийн хэлхээ эрдэм

Төрлийн хэлхээ эцэг, эх гэх зэрэг зүйр үгсийн утга учрыг нягтлан судалж үзвээс манай ард түмний төрийн тухай ойлголтыг таньж мэдэх бололцоо бий.

Монголчууд төр ёсыг эрхэмлэн дээдэлж ирсэн түүхэн уламжлалтай  агаад  тэр нь амьдралынх нь ахуй нөхцөл, зан үйлд шингэсэн байдаг. Үүнийг хүний нэгэн насны амьдралын гурван том баярын нэг төр хуримын зан үйлээс олж үзэж болно. Монголчууд өрх өсгөж сум сунгаж айл гэр болж, гал голомтоо бадраах үйлсийг төрийн хамгийн бага нэгж буй болж байгааг нь эрхэмлэн дээдлэж төр хурим гэж нэрлэдэг. Тэгээд ч төр хуримын найрт “Эрхэм төр”, “Амгалант төрийн товчоо”, “Төрийн түмэн эх” гэх зэрэг ёс төрийг бэлгэдсэн хүндтэй дууны дугарааг голчлон барьдаг заншилтай ажээ. Нөгөө талаар манай ард түмэн эртнээс нааш төрөө төвшин түгэл байлгах, ариун үйлсийн төлөө амь насаа үл хайрлан тэмцэж басхүү төрөө хамгаалах үйлст ард нийтээрээ нэгдэж чаддаг сайн сайхан чанарыг монгол туульсын зохиолд тод томруун дүрслэн өгүүлсэн баримт цөөнгүй бий. Жишээлбэл алдарт Жангарын туульд:

“Харийн дайсны харгайгаар

Жангарын төр алдрахуйд тулав” хэмээн Жангарын сэцдийг ахлан суугч Алтанцээж: “Шорооноос нягт биш билүү

  • Шоргоолжноос олон биш билүү
  • Далан хааны оронд нэг
  • Атаа маргаан авам
  • Аргатай хөвүүн төрөөд

Жангарын магтаалыг дуудаж явдаг гэнэ” хэмээн айлдсан ёсоор Хүүхэн Цагаан ноён олон түмэнд зар занги тавьж Жангарын ура дуудаж:

  • “Эзэн ноён Жангарын төр шашин хоёр
  • Гар дээрээс нь буух гэж байна
  • Энэ Бумбын оронд аргатайхан хөвүүн гарсан бол
  • Нэг тэмдгээ өгөгтүн гэж дуудан зарлав” энэ бол монголчууд эртнээс:
  • “Дайнд ура нэгтэй

Далайд сал нэгтэй” нэгэн тугийн дор нэгдэж чаддаг эд эвдрэхээс илүүтэй эе эвдэрхийг хайрлаж чаддаг халуун элгэмсүү сэтгэлтэй явсны гэрч болно.

  • Нэгдсэн Монгол Улсын үе дэх эзэн Чингис хааны:
  • “Алд бие минь
  • Алжааваас алжаатугай
  • Аху төр минь

Бүү алдартугай” гэсэн алдарт үг бол төр улсынхаа эрхэм үйлсийг бүхнээс дээдлэн хэлсэн улс гүрний их удирдагч хүний төрийн үнэлэмжийг тодорхойлсон монгол хүн бүрийн сэтгэлд үүрд орших хүндтэй зарлиг мөн болно. Төр барих арга ухааныг улс төрийн урлаг гэж үзвээс энэ аргыг гарамгай эзэмшсэн хаадын нэг нь эзэн Чингис хаан байсан бөлгөө. Үүний бодит батлагаа нь түүнийг энэ мянганы шилдэг удирдагчаар өргөмжилсөн түүхэн үнэлгээг дурдаж болно. Нийгмийн захиалгаар төрийн удирдагч хүн улс гүрэн, төрийн үйл хэргийн төлөө төрсөн биеийн хувь заяаг золиослох тохиол бишгүй бий. Үүний жишээнд XV зууны үеийн Монголын домогт хатан Мандухай цэцний үйл амьдралаас Лувсанданзаны “Алтан товч”-оос эш болгон өгүүлбээс:

Мандуул хааны бэлэвсэрсэн бага хатан Мандухайд хорчины Болод ноён сэтгэл алдарч

“Галыг чинь цохиж

Нутгийг чинь зааж өгье” (хань больё) гэж гуйхад Мандухай хэдийгээр Болод ноёнд сэтгэлтэй байсан боловч их төрийн алтан залгаа бат журмыг өөрийн дур сэтгэлээс өндөрт тавьж:

  • “Хааны минь өвийг
  • Хасарын үр чи идэх буюу
  • Өргөж үл болох үүдтэй билээ
  • Алхаж үл гарах босготой билээ
  • Хааны минь үр байтал

Чамд үл очном” гэж хэлээд тэрээр шаргачин үхэр жилд (1469) сайн эр мэт саадаг нум агсаж, их цэрэг удирдан хөдөлгөж тарж бутарсан монгол аймгуудыг нэгтгэн төр улсаа төвхнүүлэхийн төлөө долоо настай Батмөнх хөвүүнийг хаанд өргөж дайлаар мордсон түүхтэй. Энэ тухай “Алтан товч”-д:

  • Чингисийн найман цагаан гэрийн үүдэнд Ман­ духай өргөсөн тангарагтаа:
  • “Алтан ордны дэргэд ирвээ би
  • Айх амь минь алдрав
  • Ичих нүүр минь эвдрэв
  • Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
  • Өндөр их босгыг чинь нарийн гэж
  • Өнө Болод унд очвол
  • Уурга чинь урт
  • Хуйв чинь агуу буй
  • Намайг уургалж ав
  • Чиний үрийг өчүүхэн гэж басаж ахул
  • Өнө Болод унг уургалж ав хэмээгээд
  • “Сайн Мандухай хатан нь
  • Сайвараар саадаглаж
  • Сандарсан улсаа хурааж

Сайн Даян хааныг үхэглэж  мордов” хэмээн бичсэн буй. Мандухай их хэргийн төлөө өөрийн хайр сэтгэлийг огоорон тэвчсэн хэдий ч Хорчины Болод ноёнд хайртай талтай байсныг домогт (Залбирлын шүлэгт):

  • “Дотоод энгэрт минь
  • Долоон хөвүүд төрвөл
  • Гадаад энгэрт минь
  • Ганц охин төрвөл” гэх буюу
  • “Доорд хатан надад
  • Долоон нугад заяаваас
  • Долууланд нь Болод нэр өгч

Гал голомтыг чинь сахиулъяа” хэмээн өчил өчиж байжээ. Домгийн төгсгөлийн хэсэгт үнэхээр Мандухай хатнаас долоон хөвүүн мэндлэхэд Төр-Болод, Улс-Болод, Арс-Болод, Барс-Болод гэх зэргээр бүгдэд нь Болод гэх үг оролцуулан нэр хайрласан тухай өгүүлдэг. Энэ талаар “Монгол Улсын түүхэнд” (2003, III боть, 70-р тал) “Мандухай Хасарын угсааны Өнөболодод хайр сэтгэлтэй байсан боловч тархай бутархай Монгол Улсыг нэгтгэх эрх ашгийн үүднээс хааны үр Батмөнхийн хатан болсон...” гэж тэмдэглэсэн байна.

Харийн дайсны хөлд гишгэлүүлж халдах дайсны боол болж, ядарч зүдэрч явахдаа ч монголчууд ирээдүйдээ итгэх итгэлээ унтраалгүй өөдрөг сайхан санааг өвөрлөж эзэн төрөө санагалзаж явжээ. Энэ тухай туульсын зохиолд “Гян хийх юмны чимээ, Гялс хийх юмны бараа харагдана уу” хэмээн итгэл, хүлээлт хоёроо илэрхийлж бие биендээ сураг занги тавьж байтал нэгэн сайхан өдөр эрх чөлөө энх тунх амьдралтай золгож нэгэн эрэлхэг дайчин эр төрөөд “Эр бие өсөж, эсгий бие нь сунаж” төрөө төвшитгөж түмэн олноо жаргаасан тухай өгүүлдэг.

Түүхийн баримтыг сөхөж үзвээс тусгаар тогтнолоо алдсан монгол орон XIX-XX зууны зааг үед оршин тогтнох, эс тогтох нь тун тодорхойгүй эмзэг үед тулж ирсэн билээ. Энэхүү эгзэгтэй цаг үеийг Монголын лам, хар, эгэл ард нийтээр сайтар ухаарч харийн дарлалын эсрэг нэгдэж чаддаг түүхэн уламжлалаараа Манж Чин улсын дарлалаас гарч чадсан нь манай ард түмний агуу ялалтын нэг мөн болно.

Энэ нь дотоод байдалд ард түмний дургуйцлыг хөөрөгдсөн алба гувчуур, өвчин зовлон, шашин соёл ёс суртахууны доромжлол хэрээс хэтэрч, гадаад байдалд эргэн тойронд эрх чөлөөний төлөө тэмцэл хөдлөгөөн хувьсгалт “дэлбэрэлтүүд” гарах болсон нь хуучин юм хувьсаж болдгийн бодит жишээ болж байлаа. Гэвч Монгол Улсын тусгаар тогтнол орос, хятад орнуудын өөр хоорондын гэрээ хэлцэл, тэдний дарамт шахалтаас болж, бүрэн төгөлдөржиж чадалгүй зөвхөн автономит эрхтэй  үлдсэн тул манай ард түмэн зорьсон зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд хувьсгалт тэмцэлд олон түмнийг оройлон тэмцэх нууц бүлгэм байгуулав. Тэд 1920 оны 1-р сарын 5-нд Нийслэл хүрээний баруун өргөөнд цуглаж “...бидний эдгээр нөхөд өөрсдийн ашиг завшааныг эрмэлзэхгүй, дан ганц харьяат монголын шашин үндэс ба олон түмэн ардыг гал усны гашуун зовлонгоос гэтэлгэж амар төвшинийг олох замыг нээгдүүлж соёрхо” гэсэн үгтэй /МУ-ын түүх,Ү боть,106-р тал/ тангарагийн бичиг гаргасан нь их үйл хэргийн эхлэл болжээ. Энэ нь монголчууд төрт улсаа төвхнүүлэхийн төлөөнөө нэгэн тугийн дор нэгдэж чаддагийн бас нэгэн батлагаа болсон гэж хэлж болно.

Их жанжин Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг 1921 оны 7 сарын 6-нд нийслэл хүрээг чөлөөлж улмаар мөн сарын 11-нд  Богдыг хэмжээт эрхэт хаанд өргөмжлөн ардын засагт улс байгуулагдсаныг түмэнд тунхаглан зарласанаар “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөл үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэх үгүй чадах үгүй гэх явдал огт үгүй болж, гадаад дотоод эзэрхэгийн савраас гарч, учрах зовлон үгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэж хэлсэн алдарт үгийнх нь үр шим, үнэн мөнчанар амьдралд хэрэгжиж эхлэсэн билээ. Ард түмнийхээ энх тунх, эрх жаргалант амьдралын төлөө алд биеэ алжаалган зүтгэж явсаар дөнгөж 30 шүргэх насандаа энэ орчлонг орхисон түүний дээр эшлэн өгүүлсэн алдарт үгийг хиргүй тунгалаг монгол цустай хэн боловч зүрх сэтгэлдээ тээж явдаг буй за хэмээн итгэе.

Монгол Улсын тусгаар тогтнол, өнөө үеийн бидний эрх жаргалант амьдрал хямдхан олдоогүй гэдгийг эрх биш ухаан санаандаа хадгалан явах учиртай. Нэрт яруу найрагч Ц.Цэдэнжавын “Цэл залуу насандаа

  • Шатаж явах цагтаа
  • Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй үгээ

Чиний төлөө үхье гэж Эх орондоо би хэлсэн” хэмээх алдарт дөрвөн мөртийн бодит баатрууд гэж хэлж болох үе үеийн халуун эх орончдын амь насны төлөөсөөр буй болсон гэдгийг эрх биш эргүүлж бодох учиртай. Ер нь тэгээд ч манай ард түмэн бол Төрийн минь сүлд өршөө! хэмээн залбирч явдаг жудагтай, журамтай зон олон байсан бөлгөө. Энэ сайхан ёс төртэй нандин чанар нь эргэж сэргэх болтугай хэмээн залбирьяа.Бид бол өвгөд дээдсийнхээ ач буянаар харийн дайны хөлд автаагүй, өлсгөлөнгийн аймшигт гамшгийг үзээгүй өдий зэрэгтэй яваа хувьтай хүмүүс билээ

Монголчууд: Өргүй бол баян

Өвчингүй бол жаргал  гэдэг. Өнөөгийн энэ зах зээлийн нийгэм нь өр зээлээр амь залгуулдаг боловч амны бэлгээр бид эрх тэгш жаргалтай яваа гэж биеэ тайвшруулъяа. Гэхдээ өнөө үеийнхэн маань тусгаар тогтнолын үнэ цэн төрт улсын “төмөр нүүрийн” мөнчанарыг төдийлөн сайн ухаарч чадахгүй байна уу даа гэж бодогдох юм. “Жаргал ихэдвэл буян буурдаг, Зовлон ихэдвэл хилэн ихэсдэг” гэж буддын сургаалд номлодог. Өнөө цагт жаргал зовлон хоёр нь хараа бараатай хувь тэгш яваа юм болов уу даа бүү мэд. Ер нь тэгээд тусгаар тогтносон, туг сүлдээ өндөрт мандуулж яваа өөдрөг төртэй ард түмний зовхи нь дээшээ, зорилго нь тодорхой байдаг бололтой юм. Юутай ч гэсэн бат тогтвортой төртэй ард түмний амьдрал нь батлагаатай байдгийг олон түмэн мэдэхийн цаагуур мэддэг юм билээ. Нэгэн болсон бодит явдлыг өгүүлье. Миний бие 1962 оны намар үзэмчин аманзохиол судлан явах цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Чоно голоор нутагтай 1945 онд Өвөрмонголын Баруун үзэмчин хошуунаас энд нүүж ирсэн, нутгийнхан нь Инжээ жанги гэж авгайлдаг Ринчин гуайтай хугас өдөр хуучлан суух цагт өвгөн шүүрс алдан ийн өгүүлэв:

Бид Ар Халхынхаа ахан дүүсийг түшихээр шийдээд сар өдрөө товлоод шөнө хугаслан нүүж үүрийн харанхуйгаар хил давахаар хөдөлж билээ. Нохойгоо хуцуулахгүй гэж амыг нь ногтлоод зөвхөн урт хөлийн бод малаа (адуу, үхэр) тууж ,хоттой хонио цайруулан үлдээж, эхнэр хүүхдүүд тогоотой сүүгээ газар мэлтэлзүүлэн асгаж духандаа түрхэн, чимээгүйхэн нулимс унагаж байхад би ер нь зөв юм хийж байна уу буруу юм хийж байна уу? гэж өөрийн эрхгүй бодогддог юм билээ гэхэд нь би:

-Та өсөж төрсөн нутаг ус, мал сүргийнхээ хагасыг нь хаяад таньж мэдэхгүй газар очъёо гэж яаж ингэж зориглов? гэж асуухад:

-За яахав тогтоогүй төрийг харж сууснаас тогтсон төрийг нь алдсан ч оносон ч  дагаад үзье гэж шийдсэн юм гэж хэлж билээ. Энэ үг бол тогтвортой төр гэдэг ард түмний амьдралын батлагаа болж байдаг юм гэсэн агуу санааг илэрхийлж байгаа хэрэг юм.

Ард түмний төрөө дээдлэх үзэл санааны тухай тэрлүүлсэн энэхүү өгүүлэлийнхээ төгсгөлд:

-Төрд алба хашигч хүмүүн төрийн тангарагийг сайтар сахиж дээр дор гэж үл ялгаварлан тэгш шударгуу  ажиллаж гэмээ нь бодь хутгийг олж болохыг эртний Гэргэри хааны туужид дурдсан байдгийг сануулж, төрийн түшээд маань төв шударга ажиллаж гэгээрлийн замд орох болтугай хэмээн ерөөе.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин