Монгол утга соёл судлаач, доктор Д.БАТТОГТОХ
Эрдэнэт хүмүүнийг төрүүлж өсгөн хүмүүжүүлдэг эх хүнийг монголчууд эрхэмлэн дээдэлж, Сүүн ээж, Өрлөг ээж, Хөхөлт ээж, Өндөр ээж, Өлзийт ээж, Авай ээж, Бүүвэй ээж, Бурхан ээж, Дарь эх, Дагина ээж, Хатан ээж гээд аль сайхан өргөмжит хүндэтгэлт үгсээр нэрлэдэг. Орчин үед ч олон хүүхэд төрүүлсэн эхийг төрөөс алдаршуулж, “Эхийн одон”-гоор шагнахаас гадна төрийн бус байгууллагуудаас “Асралт ээж”, “Буянт ээж”, “Ачлалт ээж”, “Саран ээж”, “Энэрэлт ээж” цол өргөмжлөлийг бий болгож олон ээжийг шагнаж алдаршуулдаг уламжлалтай. Энэ бол эхийн ач гавьяаг, ээж хүнийг төрөөс, ард түмнээс өргөмжилсөн их хүндэтгэл, хайр, талархал. Монголчууд эх хүний эрдэм билгийг шинжихдээ “Өнгөнд цэвэр, үйлэнд уран, үрдээ энэрэлтэй, үргэлж цэмцгэр, ханьдаа халамжтай, хадамдаа элэгтэй, найранд ерөөлтэй, настанд буянтай” хэмээн тодорхойлжээ. Ээжийн хайр, элбэрэл, асралыг гүйцэх сэтгэл ер үгүй гэдэг. Эхийн агуу их хайрыг юутай ч зүйрлэшгүй. Тиймээс энэ хорвоод ээжтэй хүн эрхэлж жаргадаг, ээжгүй хүн эмтэрч туулдаг.
Хүн бүр ээжийгээ шүтэж, амьд үхсэн аль ч үед үргэлж сайнаар дурсан өгүүлж, жаргал зовлонтой мөч бүртээ ээжийгээ санана. Аюулаас аврал эрэхдээ ч, айж цочихдоо ч “Ээж ээ” гэж уулга алддаг. Бурхны шашны энэрэнгүй нигүүлсэнгүйн сургаальд “Эхийн ач хариулах судар”-т номлохдоо “Элбэрэлт эхийн гүн их ачлал нь газар мэт. Эцгийн өндөр их ачлал нь тэнгэр мэт. Эхийн хайр нь баатарлаг ачлалт хайр, өршөөл дүүрэн ачлалт хайр, халамжит энэрэнгүй халуун хайр, дундаршгүй их ачлалт хайр, өгөөмөр их ачлалт хайр, асралт буянт ачлалт хайр, өр нимгэн ачлалт хайр, өнө мөнхийн ачлалт хайр байдаг” гэх зэргээр эхийн агуу их хайрыг магтан дуулсан байна.
“ЭХ ТӨВТЭЙ ХҮМҮҮЖИЛ”
Эхийн алтан хэвлийд үр бойжих 10 сарын хугацааг монголчууд хүний бүтэн нэг насанд тооцож, “эхийн нас”, “ургийн нас”, “хий нас” хэмээн нэрлэдэг. Эхийн нас буюу ургийн насны хүмүүжилд монголчууд ихэд анхаарч ирсэн уламжлалтай. Энэ насны хүмүүжлийг монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны нэр томьёогоор “Хэвлий дороос хүмүүжүүлэхүй” хэмээн нэрлэдэг. Энэ хүмүүжлийг орчин үед бид “ургийн хүмүүжил” гэж нэрлэж байгаа. Бид хүүхдийн хүмүүжлийн талаар ярихдаа хэт оройтуулж, хүүхэд төрснөөс хойшх хожуу үе, тухайлбал ясли, цэцэрлэг, бүр сургуулийн наснаас эхлэн ярьж, энэ үеэс хүмүүжилд нь анхаардаг. Энэ бол “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгчийн үлгэр юм. Эхийн хэвлийд бурхны үр бүрэлдэн хүүхэд амилж эхэлсэн эхний хэдэн сараас л ураг ээжтэйгээ хүйн биеэр холбогдож, дуу хоолойг сонсч, эхтэйгээ ярьж, эхийнхээ юу идсэн, юу сонссон, юу хийж байгааг мэдэрч, ээжийн бие сэтгэл тавгүйтвэл адилхан шаналж, баярлавал цугтаа баярлаж байдаг. Ураг эхийн усан хэвлийд бойжин хүн бие бүтэх үеэс төрөх үе, нярай нялх үе, хүүхэд үе гээд нас насны ялгавар бүртээ хүү, охин эхтэйгээ үргэлж хамт байж эхийн хайр, асрал, харц, үг сургаалиар хүнжин төлөвшдөг юм. Эхийн сургаалиар явж, эхийн хүмүүжил хүртсэн хүүхэд аандаа хүн төлөвтэй сайн хүн болж, улмаар бие даан өөрийн хүмүүжлийг эзэмшдэг. Тиймээс монгол ардын хүмүүжил бол “эх төвтэй хүмүүжил” юм.
Бие шалтгаантай, заяа давхартай, тулгар эхийг эр нөхрөөс нь эхлээд ойр дотны бүх хүн энэрэн халамжилж, хүндэтгэн харилцдаг нь үр хүүхэд тээж яваа эх, ирээдүйн шинэ иргэн болох хүү хоёрт гүн хүндэтгэл, хайр энэрэл давхар үзүүлж байгаа монгол хүний хүнлэг чанар, жудаг ёсны илэрхийлэл юм. Жирэмсэн эх суухуй дор хэлтийхгүй, зогсох дор хэлбийхгүй, чихэнд бузаргүй, нүдэнд улайгүй, аманд гашуунгүй, хэлэнд хэрүүлгүй байхыг эрхэмлэнэ. Жирэмсэн эхтэй золгохыг хорино. Хөл хүнд эх юм оёх, дээс томох, сүлжих, тэмээ унах, нар сар хиртэхийг харах, хээр унтах, тэмээ туулайн мах, сармис идэхийг цэрвэж цээрлэнэ. Эдгээр нь хүүхдийн хүй солигдох, хүй нь хүзүүгээ ороож төрөхөд хүндрэх, насны гэм олж, хүүхэд сэтэрхий уруултай, хараа муутай болох сэв сэжиг болно гэнэ. Бусад хүн жирэмсэн эхийг амар амгалан хүүхдээ тээхэд тусалж дэмжинэ. Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр хөндлөн гарахыг ч цээрлэнэ. Шинэ хүнийг мэндлэхэд хүйс ээжийг буюу Өвөрлөгчдийн хэлдгээр, хөнгөжүүлэх туршлагатай эхийг залж ирүүлээд эхийг амар мэнд амаржуулдаг. Төрсөн үрийг нь хөвүүн, охин алин болохыг анх дуулгадаг хүн нь авсан ээж юм. Боосон ээж хүүхдийг өргөөд эхэд нь уурга барьдаг, адуу манадаг гэх юм уу ууж эсгэдэг, өрх татдаг үр төрлөө гэдэг.
ЭХИЙНХЭЭ АЧИЙГ ӨДӨРТ ДОЛООН УДАА ДУРСАН САНА
Эх үрийн холбоо, харилцаа их нандин зүйл. Монголчууд эх үрийн хооронд хүйн, сүүн, сэтгэлийн, ашдын холбоо байдаг гэж ярьдаг. Энэ холбоо хүйгээрээ, яс, мах, цус, сүүгээрээ холбогдох нь мэдээж хэрэг ч сэтгэлийн холбоо, ашдын холбоо гэж насан турш тасардаггүй, эхийн бие амирласан хойно ч үл тасрах мөнхийн хэлхээс байдаг. Энэ холбоосыг бат бөх гагнаж байдаг зүйл бол хүний таван мэдрэхүйгээр илэрч байдаг энгийн эгэл сэтгэл бус, харин алс холын тусгалтай машид нарийн сэтгэл буюу. Ийм сэтгэл гагцхүү эх үрийн хооронд физик бие буюу махан биед үл үзэгдэх, үл мэдрэгдэх байдлаар гүйж, хүний нарийн бие гэгдэх уламжлалт ойлголтоор хий бие, орчин үеийн ойлголтоор оюун санааны аура, гэгээрлийн, сүнсний, ухамсар зөн совингийн орон дахь энерги биед үйлчилдэг. Орчин үед далд ухаан, зөн билиг, био орон, био эрчим, пара симпатик, пара психологи, изотерик, сүнс судлал, зургаа дахь мэдрэхүйн зэрэг олон шинжлэх ухааны судалгаа үүнийг нарийн багаж төхөөрөмжийн тусламжтай баталж байгаа билээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин