Доктор Ph Д.ГОНГОР
Монголчууд Ар Монгол, Хятадын хооронд ердийн хөсгөөр жин тээвэрлэх ажил хийж, зөвхөн өөрийн орны хэрэгцээнд төдийгүй, улс хоорондын дамжин өнгөрөх тээврийг ч хийж байсан ажээ. Монгол орон газар зүйн байршлаараа Орос, Хятадын худалдааны замд оршиж байсан нь Орос, Хятадын худалдааны дамжин нэвтрэх гол их зам болж олон улсын цайны худалдаа томоохон байр эзэлж байв.
Төмөр замтай болох монголчуудын мөрөөдөл түвэгтэй замыг туулж ирсэн түүхтэй. Богд хаант Монгол Улсын Засгийн газар ч төмөр замтай болохыг мөрөөдөж, улсын дээд, доод хурлаар хэлэлцүүлж байсан баримт байдаг.
Монголд төмөр зам барих тухай Х.Чойбалсан хүсэлтээ И.В.Сталинд удаа дараа уламжилж. шаргуу тавьж байсны эцэст 1947 оны наймдугаар сарын сүүлчээр Сочид амарч байхдаа И.В.Сталинтай биечлэн уулзахдаа төмөр зам тавих өмнөх шийдвэрээ сэргээхийг хүсчээ. Энэ уулзалтын үед И.В.Сталин танай орон төмөр замтай болно гээд даруйхнаа л утсаа авч, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Гадаад худалдааны яамны сайд Анастас Микоян руу залган, Монголд төмөр зам тавих талаар шийдвэрийн төсөл бэлтгэхийг үүрэгджээ. Х.Чойбалсан Сочид ойр хавьд нь амарч байсан Д.Дамба (1943.12-1953.03 МАХН-ын Төв Хорооны аж үйлдвэр, худалдаа, тээврийн хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга)-д буцалтгүй тусламжийн том бүтээн байгуулалтын ажилд бүх талын дэмжлэг туслалцаагаа дайчлахыг үүрэгдсэн юм.
Харин 1960 оноос өмнөх Д.Дамба бол зон олон түмэнд танил. Түүнийг хэлмэгдүүлсэн үеээс энэ хүнийг түүхэн үйл явдлаас арчиж, мартагдуулахад хүргэжээ. Тэрээр улс үндэстнийхээ амьдралыг өөрчлөлцсөн хүний нэг мөн билээ.
Октябрийн социалист хувьсгалын 32 жилийн ойн баярын илтгэлийг намын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Дамба хийж, баярын жагсаалд оролцогсод Сүхбаатарын талбайгаас шууд Улаанбаатар өртөөний буудал дээр ирж, Хаалганы тууз хайчлах, дурсгалын самбарыг анхны галт тэргэнд Г.Бумцэнд тавьж, төмөр замын хөдөлгөөний анхны нээлтэнд Ю.Цэдэнбал баяр хүргэж, Наушки-Улаанбаатарын төмөр замын галт тэрэгний хөдөлгөөн нээгдсэн юм.
БНМАУ, ЗСБНХУ, БНХАУ-ын Засгийн газруудын хүлээсэн үүрэг ёсоор Улаанбаатараас Замын-Үүдийг дайруулан БНМАУ-ын хилийг хүртэл ЗХУ-ын хүч хөрөнгөөр, Зинин хотоос Эрээнийг дайруулан БНХАУ-ын хилийг хүртэл Хятад улсын хүч хөрөнгөөр төмөр зам тавьсан бөгөөд Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замын хөдөлгөөний анхны нээлтийн ёслолыг Ю.Цэдэнбал, Д.Дамба нар хийж байв. Трансмонголын төмөр зам өмнөх Цайны замын нэгэн адил Орос-Хятад хоёр улсыг төдийгүй Ази-Европыг холбосон худалдааны гол замын үүргийг амжилттай биелүүлж, Монгол орны эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулсаар байна. Улаанбаатарын барилгууд, Дарханы үйлдвэрүүд, “Эрдэнэт” үйлдвэр улмаар манай улсын аж үйлдвэр чухамхүү энэ төмөр замын ачаар л сүндэрлэн босож хөгжиж байна.
Д.Дамба Монгол руу хандсан хоёр хөрш их гүрний ашиг сонирхол, хүчний нөлөөний тэнцвэрийг барьж, адил тэгш авч үзэж, харилцан ашигтай түншлэлийг эрхэмлэн, заяа төөргөөр хаяа нийлсэн ард түмнүүдийн хоорондын уламжлалт харилцаа, сайн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байжээ. Маршал Х.Чойбалсангийн үеэс батжин тогтсон Хятадад үл итгэх баримжааг сөрж БНХАУ-тай хэвийн найрсаг харилцаа тогтоохыг эрмэлзэж, тэмүүлж байсны үр дүнд БНМАУ, БНХАУ-ын харилцаа хэвийн болж, Хятадын тал Монголд бүтээн байгуулах үйл хэрэгт ажлын хүчээр туслахын хамт аж үйлдвэр, соёлын байгуулалтад зориулж 160 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлж, Улаанбаатар-Бээжингийн төмөр зам ашиглалтад орсон байдаг.
Монгол, Орос, Хятад гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, хамтран хэрэгжүүлэх төслүүд үндэстэн дамнасан том амбицтай бөгөөд улс төрийн дэвшилттэй байгаа ч улс төрийн тогтвортой тууштай бодлого, нэгдмэл байр суурь үгүйлэгдсээр өнөө хэр цаасан дээр байна. Гурван улсын дамжин өнгөрөх нөөц бололцоог бүрэн ашиглахад дэмжлэг болох Улаанбаатар төмөр замын дамжин өнгөрүүлэх чадамжийг жилд 100 сая тоннд хүргэх, гурван тал харилцан ашигтай харилцаж, хамтран хөгжиж, хамтдаа хожих нигууртай Эдийн засгийн коридорын ажлыг урагшлуулж тодорхой үр дүн гаргах цаг болжээ.
1950-иад онуудад тухайн цаг үетэй зохицуулан улс төрийн тууштай зөв бодлого, хамтын эв нэгдэлтэй байр суурь баримтлаж, мөнхийн хөршүүдийн харилцан ашигтай түншлэлд тулгуурлан эдийн засгийн төв коридор үүсгэж, улс орны нийгэм, эдийн засгийн асар том ажлыг бүтээж байжээ.
1947-1959 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд Д.Дамба өрнүүн бүтээн байгуулалтыг хангахад мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө зориулан 12 жил хариуцан ажилласан байна. Эдгээр он жилүүдэд нийт аймагт улсын авто өртөөг 180 гаруй автомашинтай байгуулж, Монгол орноо 700 гаруй жилийн турш малчин ардуудын гүйцэтгэж байсан морин өртөөний албыг халж, уул уурхайн нэлээд үйлдвэрүүд байгуулагдаж Наушка-Улаанбаатарын 400 км өргөн төмөр зам тавих, гурилын үйлдвэр, мах комбинат, Зүүнбаянд нефть олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах болон бусад томоохон объект, барилга байгууламж барих энх цагийн бүтээн байгуулалт ид өрнөж байжээ.
Манай ихэнх аймгуудад барилгын анги байгуулагдан ажиллаж, Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөө батлагдаж Улаанбаатар хотын 40 мянгат хорооллыг барих барилгын 1-р контор 1957 оноос ажлаа эхэлсэн байна. Тэр үед манай оронд барилгын ажил хот, хөдөөгүй өрнөж Их барилга улс ардын аж ахуйн бие даасан том салбар болсон түүхтэй. Энэ хугацаанд Засгийн газрын ордон, Чихэр боовны үйлдвэр /Өгоөж чихэр боов ХХК/, Төв номын сан, Дуурь бүжгийн театр, Төв эмнэлэг, “Элдэв Очир” Кино театр, 10 жилийн 1-р дунд сургуулийн хичээлийн байр, 40, 120 мянгат хорооллын орон сууц, Налайхын их уурхай, Толгойтын тоосгоны завод, пионерын ордон, “Энх тайван” гүүр, биеийн тамирын ордны барилга дуусч, сүүний комбинат, Булган, Увс, Чойбалсан, Улаанбаатар хотын гурилын тээрмийн барилга зэрэг хот, хөдөөд сургууль эмнэлгийн олон арван барилга баригдаж ашиглалтад орсон бөгөөд Улаанбаатар-Налайхын засмал зам, Улаанбаатар-Замын үүдийн 700 гаруй км урт төмөр зам гэх мэт томоохон бүтээн байгуулалтын үйлсийг хэрэгжүүлжээ.
Д.Дамбын ид ажиллаж байсан түүхэн цаг үе нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн гунигтай он жилүүд, дэлхийн хоёрдугаар дайны хүнд үе, хүйтэн дайн ноёрхсон бэрх хэцүү үе, эх орныхоо тусгаар байдлыг бататгах хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл оргилсон цаг үе, нэг хүнийг тахин шүтэх үзэгдэл, түүний хор уршигтай тэмцсэн ярвигтай үе, нэгдэлжих хөдөлгөөн, нийгэмших үйл явц өрнөсөн жилүүд, Монголын сэхээтнүүд улс орныхоо хөгжлийн асуудлаар өргөн шүүмжлэл өрнүүлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байсан цаг хугацаатай давхцдаг юм.
Д.Дамбын санаачилгаар Монголд Зөвлөлтөөс хүн амыг эрүүлжүүлэх болон арьс өнгө, сүрьеэ өвчнийг эмчлэх экспедицүүд ажиллан орон даяар, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажил хийж, манай хүн ам эрүүлжсэн. Үүний үр дүнд Монгол Улсын хүн ам 1960-аад онд суга өсч, улмаар нийт хүн амын бүтцэд 16 хүртэлх насны хүүхэд 46 хувийг эзлэх болсон байдаг.
МАХН, Монголын нийгэмд 1950-иад оны эхнээс бий болж эхэлсэн дэвшилт өөрчлөлт нь МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамбын үйл ажиллагаатай нэлээд хэмжээгээр холбоотой байсан юм.
Д.Дамба 1951 онд болсон Улсын Их Хурлын анхны ардчилсан сонгуулиар депутатаар сонгогдож, улмаар УИХ-ын анхны даргын нэр хүндтэй сонгууль хүлээсэн үеэс нийгмийн амьдралын олон талыг хамарсан, өргөн цар хүрээтэй бие даасан улс төрийн бодлого явуулж, бас намын дотоод ардчиллыг өргөжүүлэх, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхитэй ажиллаж эхэлсэн байдаг.
Монгол дахь нэг хүнийг тахин шүтэх үзлийг нийгмийн хэмжээнд анх удаа илчлэн шүүмжилж, түүнээс учирсан хор уршгийг арилган, ардчиллыг сэргээх үйлсийг эхлүүлсэн ажээ.
Д.Дамба нь нам, төрийн өндөр албан тушаалаас зайлуулагдаж, нутаг заагдсаны дараа Хөвсгөл аймгийн Их-уул сумын Мал аж ахуйн машинт станцыг удирдаж, Их уул сумыг шинээр тохижсон суурьшсан соёл иргэншилтэй тосгон болгосон байна.
Дараа нь Хөдөө аж ахуйн дээд сургуулийн орлогч захирлаар 15 жил ажилласан билээ. Сургуулийн материал техникийн баазыг бүрэлдүүлж, оюутан залуусыг ургацын далайд тогтмол хөтөлж, нийгмийн хүнсний хэрэгцээ хангамжийг сайжруулахаар өрнөсөн атрын II аян зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан байна.
Нам, төрийн удирдах үйлсэд 20 жил зүтгэсэн Д.Дамбын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна.
Зовох цагт журмын нөхрийн чанар танигдах ёсоор Дамба өвгөний үйл хэргийг нь марталгүй санаж, хүнд өвчин зовлонтой цагт нь Ж.Батмөнх дарга үзэл суртлын өөрчлөн байгууллалтын (1988-12) боломж гармагц улс үндэстэн, ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэж байсан түүнд улс төрийн товчооны гишүүний тусгай өндөр тэтгэвэр тогтоож ариун сэтгэлийн буян хайрласан билээ.
Түүний нэр төрийг нь төрлөх намаас нь сэргээж, хэлмэгдсэнийг нь тогтоосон шийдвэр төрөөс гаргаж, нэр төр, алдар хүндийг нь мөнхжүүлэх дурсгалын хөшөө босгож, нэрэмжит гудамж бий болгосон нь төрийн эрхэм дарга, улс төрийн ууган намын тэргүүн агсан түүний өмнө түүхэн цагаатгал болсон юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин