Б.ТУУЛ

 Сүрьеэ өвчний тархалт манай улсад өндөр байдаг.. Ялангуяа, сүүлийн жилүүдэд залуучууд  буюу 16-44 насныхан энэ өвчнөөр өвчлөх нь элбэг байна. Өндөр хөгжилтэй орнуудад ахимаг насны хүмүүсийн дунд сүрьеэ илүүтэй тохиолддог бол манай улсад ид хөдөлмөрийн насны залуус их өвчилж байгаа нь эрүүл мэндийн салбар төдийггүй нийт иргэд анхааралдаа авч, эрүүл мэнддээ анхаарах чухал асуудлын нэг болоод байна. Сүрьеэг нийгмийн халдварт өвчин гэж онцолдог. Учир нь энэ өвчний тархалтад ажилгүйдэл, ядуурал, нийгэм эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг нөлөөдөг. Нөгөөтэйгүүр, биеийн дархлаа сул байх нь сүрьеэгээр  өвдөх бас нэгэн шалтгаан болдог. Тиймээс хавар болж хүмүүсийн дархлаа суларч байгаатай холбогдуулан архаг хууч өвчин сэргэж, сэдрэх, сүрьеэгээр өвдөх, уг өвчний халдварыг авах магадлал өндөр байдаг учраас уншигч танд энэ өвчний талаарх мэдээллийг товчхон дуулгая.

Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар гэгдэх нянгаар үүсдэг халдварт өвчин юм. Энэ өвчин ихэвчлэн уушгийг гэмтээдэг ч бусад эд эрхтнийг ч мөн өвчлүүлдэг. Сүрьеэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Учир нь энэ өвчин ханиад томуутай ижил амьсгалын замаар халдварладаг.  Сүрьеэгээр гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушигны сүрьеэгээр өвчилдөг.  Уушигны сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг бусдад тараадаг байна. Өөрөөр хэлбэл, сүрьеэгээр өвчилсөн хүн  ханиалгах, найтаах, нус цэрээ ил задгай хаях, тэр байтугай ярих зэрэгт  сүрьеэгийн нян агаарт цацагдан бохирдсон агаараар нь амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг. Гэхдээ сүрьеэгийн халдвар авсан хүн болгон энэ өвчнөөр өвчилдөггүй. Сүрьеэ өвчнийг уушгины ба уушгины бус сүрьеэ гэж ангилдаг.  Уушгины сүрьеэ 70 хувийг  эзлэх бөгөөд дотор нь түрхэц эерэг, түрхэц сөрөг гэж хуваадаг. “Хэрэв танд хоёр долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цээжээр өвдөх, цустай цэр гарах, хөлрөх, халуурах, шалтгаангүй турах, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа аймаг, дүүргийнхээ сүрьеэгийн эмчид хандаж, цэрний шинжилгээ өгөөрэй. Цэрний шинжилгээ нь уушгины сүрьеэг оношлох хамгийн найдвартай арга” гэдгийг ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин