Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд

Цасан ширхэг царцаж мөс болох халилд

Царгиа хүйтэн өвөл сарлагийн бух дошдог

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би хэмээн их найрагч Б.Явуухулан шүлэглэсэн бий. Энэ мөрүүдийг уншихуйд час хийсэн жавар хацар хайрч хувцас аяндаа жиндэх шиг, Цавцайна гэж дуулахуйд хөдөө нутгийн цав цагаан өвлийн гоо үзэсгэлэн тодорч хольцоо нь үгүй цэвэр агаар мэдрэгдэх шиг болдог оо. Өвөл өвлөөрөө л байдаг даа. Өвлийг зуръя гэвэл олон өнгийн будаг эрэх хэрэггүй мэт. Бүх юм цагаан. Бийр, будаг ч түүн лүгээ цагаан байх учиртай билээ л. Тийм ээ. Өвлийн салхи нь хүртэл цагаан байдаг юм. Монголын өвөл малчны хот айлаас эхэлдэг гэж болно. Өвлийн адаг сарын огторхон нарны илч муутайхан гэрэлд урд уул цас мөстэйгөө цайвалзах нь дэлхийн орой гэмээр.

Өглөө эрт айлуудын яндангаас аргалын цэв цэнхэр утаа булгилна. Зэлэн дээрх тэмээд хэвтэртээ налайна. Харин Цэнд гуайн хүрэн буур ганцаараа босоод шавж зогсох. Дашням гуай, Самбуу гуай хоёр эртлэн урьд толгой дээр гарчихсан энэ төрийг ярилцах зуур дурангаа барьсаар алсыг хараачилна. Билэг гуайн охин Дарь гэрээсээ гарч намбалаг алхсаар тэргэн дээрх мөснөөс нэгийг тэвэрч буцахдаа ер бусын баяр хөөртэй нь үнэгэн лоовууз дундаас тормолзох нүднээс нь тодорно. Аргагүй л байх. Өчигдөр адуу эрж яваа гэж эдний хотонд оройхон буусан Дэндэв гуайн хүү өглөө мордсон гэнэлэй. Урьд хотынхны гаднаас хөдөлсөн тэмээн сүрэг бэлчээртээ гарах янзтай аажуурхах. Наахна нь чөдөртэй бор морь дэрсний захад бөмбийнө. Уул тал нэлдээ цастай ч малчны өвөлжөө л бараантан байдаг. Бас нургисан хөх бууз нь хөл аргадаж тушна. За тийм ээ. Хэн ч зураагүй өвөл гэдэг уран зураг ийм л.

1820Эх сурвалж:”Зууны мэдээ” сонин