Дэлгэцний өмнө өдрийн ихэнх цагаа бардаггүй өсвөр үеийнхэн амьдралаас, компьютераас хамааралтай болсон үе тэнгийнхнээсээ илүү сэтгэл ханамж өндөр байдаг гэдгийг АНУ-ын Калифорни муж улсын Сан-Диего хотын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Судалгааны дүнг Америкийн сэтгэл судлалын холбооны “Emotion” сэтгүүлд нийтэлсэн байна. Мэргэжилтнүүд Америкийн 18 хүртэлх насны нэг сая өсвөр үеийнхний зан байдал болон зуршилд анхаарлаа хандуулан тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх мэдээллийн санг судалжээ. Судалгааны дүнд дэлгэцийн өмнө хэдэн цагаар суудаг тоглоомын хорхойтнууд, телевизийн хөтөлбөр, олон нийтийн сүлжээнд дурлагсад өөрсдийгөө аз жаргалгүйд тооцдог нь илэрчээ. Энэ хүчин зүйл нь амьдралаас авах сэтгэл ханамжийг ихээхэн хэмжээгээр бууруулдаг болохыг мэргэжилтнүүд онцолсон байна. “Гэсэн хэдий ч судалгаанд учир шалтгааны холбоо тусгагдаагүй. Олон нийтийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч илүү аз жаргалгүй болдог хэдий ч аз жаргалгүй хүн олон нийтийн сүлжээг идэвхтэй хэрэглэж эхэлдэггүй” гэж судалгааны багийн ахлагч Жин Твинж ярьжээ. Ямартай ч өсвөр үеийн залуусыг цахим тоног төхөөрөмж ашиглах хугацаагаа өдөрт хоёр цаг болгон багасгахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн шинэ найзуудтай болж, эргэн тойрондоо бодит харилцаа үүсгэхийг зөвлөжээ. Дашрамд дурьдахад, манай улсад ч бас сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд дэлгэцийн донтолт болон мэдрэлийн ядаргаа ихсэх хандлагатай байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ шалтгаанаар хандаж байгаа хүүхдүүдийн тоо жилээс жилд өсч байна гэдгийг СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөрийнклиникийн эрхлэгч Д.Энхтуяа эмч хэлж байна. Тэрээр” Манай эмнэлэг сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн хүүхдүүдэд үйлчилдэг, улсын хэмжээнд байгаа цорын ганц эмнэлэг. Манайх хэвтэн эмчлүүлдэг 25 ортой. Хүүхдийн тасагт маань сэтгэцийн завсрын эмгэгтэй буюу ядаргаа, цахим тоглоомын донтолтод орсон, сэтгэл гутрал болон сэтгэл хөөрөлд орсон, бага зэргийн солиоролтой хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг. Орны эргэлтийн дийлэнхийг ядаргаа, дэлгэцийн дон, төрөх үйлийн эмгэгтэй хүүхдүүд эзэлж байна. Мөн ээрэх эмгэгтэй, нойрны хэмнэл алдагдсан хүүхдүүд их ирж байна. Энэ нь цахим тоглоомтой холбоотой. Шөнөжин тоглоод өдөр нь унтсаар байгаад нойрны хэмнэл нь алдагддаг, мөн амархан ядаргаанд орсноос болдог” гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин