Р.ОЮУН
ЭМЯ, ДЭМБ-тай хамтран “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Зөвлөгөөнд улсын хэмжээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг салбар, нэгжийн мэргэжилтэн, эрдэмтэн багш нар, аймгуудын Засаг дарга нар хүрэлцэн ирж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаа аж. Эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж, үйлчилгээнд гарсан ололт, амжилт, цаашид юуг анхаарч, юунд чиглэж ажиллах вэ гэдгийг албаны хүмүүсээс асууж сонирхсон юм.
АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг:
ӨНГӨРСӨН ОНД 38 ЭХ ЭНДСЭН
-Манайх жил бүр эхийн эндэгдэлд дүн шинжилгээ хийдэг. 2015 онд манай улс дэлхийд эхийн эндэгдлийн Мянганы хөгжлийн зорилтдоо хүрсэн цөөхөн орны нэг болсон. Гэтэл өнгөрсөн онд өмнөх оноос нэмэгдсэн учраас яагаад ингэв, шалтгаан нь юу байсан бэ гэдэгт судалгаа, шинжилгээ хийсэн. Өнгөрсөн онд 38 эх эндсэн. Эхийн эндэгдлийг шууд болон шууд бус шалтгаан гэж авч үздэг.
Эх барихтай холбоотой цус алдалт, тархинд цус харвах, жирэмсний хожуу хордлого гэсэн хүндрэлтэй холбоотой шууд шалтгаан 57 орчим хувь. 43 хувьд нь шууд бус буюу эрхтэн тогтолцооны эмгэгтэй холбоотой эндэгдлүүд эзэлж байна. Тэгэхээр эмэгтэйчүүд маань жирэмслэхээсээ өмнө жирэмслэлтэд бэлтгэж эрүүлжих, эрхтэн тогтолцооны өвчнөө эмчлэхэд анхаарал тавих шаардлагатай.
Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Күнай:
МАНАЙД ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ ӨНДӨР БАЙНА
-Манай аймгийн хувьд төвөөс алслагдсан цэгт амьдардаг. Хүн ам нь тархай бутархай, хүн ам ихтэй аймгуудын тоонд ордог. Эрс тэс уур амьсгалтай, уулын бүсэд амьдардаг болохоор амьсгалын замын өвчин хүүхдийн эндэгдэлд голлох шалтгаан болдог. Хүүхдийн эндэгдэл өндөр байна. Олон арга хэмжээ авч ажилласнаар сүүлийн гурван жилд эхийн эндэгдэл буурч байгаа ч тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн хэмжээнд хүрч чадахгүй байна. Энэ нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол, жирэмсний хяналтын чанартай холбоотой. Энэ жил хүүхдийн эндэгдлийг бууруулах аймгийн зөвлөгөөн, хүүхдийн тусламж үзүүлэх эмч, мэргэжилтнүүдийг шат дараатайгаар сургасны үр дүнд өнгөрсөн онтой харьцуулахад хүүхдийн эндэгдэл эхний арван сарын байдлаар гурав дахин буурсан. Мөн эмч, эмнэлгийн ажилтны хүрч үйлчлэх асуудал хангалтгүй. Нэг хүүхдэд тусламж үзүүлэхийн тулд багийн эмч 100-200 км явах шаардлага гардаг. Заримдаа холбоогүй, хаяг тодорхойгүй, эргэн мэдээлэл дутуутай холбоотой эмнэлгийн тусламж авч чадахгүй тохиолдол гардаг. Цаашид эндэгдлийг бууруулж эх, хүүхдийн хяналтыг сайжруулахаар хамтын ажиллагааг дээшлүүлж, хамтран ажиллах зорилттой байна.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат:
БҮГД ХАМТАРЧ АЖИЛЛАВАЛ ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛЖ ЧАДНА
-Үндэсний зөвлөгөөний гол асуудал нь эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, үүнтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтуудыг орон нутгийн удирдлагууд, эрүүл мэндийнхээ салбарын бүх аймаг, орон нутагтаа байгаа хүмүүстэй зөвлөлдөж ярих ийм ач холбогдолтой. Эх, хүүхдийн эндэгдэл улсын хэмжээнд өндөр байдаг. Тухайлбал, 1998 онд Монгол Улсын хүн ам хоёр сая, 2010 онд 2.7, 2013 онд 2.9 байсан бол өнөөдөр гурван сая 119935 иргэнтэй болсон байна. Аливаа улсын хөгжлийн тулгуурыг эх, хүүхдийн эндэгдлийг бууруулсан тал дээр авч үздэг. Эхийн эндэгдэл 2015 онд 16, 2016 онд 32, өнөөдөр эхний арван сарын байдлаар 15 тохиолдлоор буураад байна. ДЭМБ үүнтэй холбогдолтой хурал, зөвлөгөөнийг зохион байгуулж ажилласны хүчинд өнөөдөр тодорхой хэмжээнд бууруулсан. Цаашид нэг эхийг аврахын төлөө олон арга хэмжээг зохион байгуулах, зөвхөн ЭМЯ, эрүүл мэндийн салбар энэ тал дээр анхаарал тавих биш орон нутгийн удирдлага, хувь хүн, ялангуяа, жирэмсэн ээжтэй байгаа гэр бүл үүнд анхаарах цаг болсон. Бүгд дэмжиж ажиллавал эндэгдлийг бууруулах, дэлхийн төвшинд хүрэх боломж нээлттэй байна.
Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа:
БУЛГАН АЙМАГТ НЯРАЙН ЭНДЭГДЭЛ ӨНДӨР
-Бидний хувьд энэ асуудал чухал байсан. Зөвлөгөөнд орон нутгийн удирдлагууд буюу Засаг дарга нар оролцож, ЗДТГ-ын оролцоо гэдэг асуудлыг нэн чухлаар тавьж байгаа нь цаг үеэ олсон. Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш. Салбар дундын хамтын ажиллагаатай оролцдог. Булган аймгийн хэмжээнд сүүлийн гурван жил эхийн эндэгдэл гараагүй. Нялхсын, хүүхдийн эндэгдлээр улс, аймгийн дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа. Гэсэн ч өнөөдөр манай аймгийн хэмжээнд нярайн эндэгдэл өндөр. Үүний 80 орчим хувийг долоо хоногтой эндэгдэл буюу эрт үеийн эндэгдэл эзэлж байна. Энэ нь жирэмсний хяналт, төрөх үеийн тусламж, үйлчилгээ, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийн төвшин, сумын эрүүл мэндийн байгууллагууд, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын уялдаа холбоотой холбоотой гэж үзэж байгаа.
Завхан аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа:
ЦАГАА ОЛСОН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
-Өнөөдөр ДЭМБ, ЭМЯ-тай хамтарч эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр үндэсний зөвлөгөөн хийж байна. Энэ нь цаг үеэ олсон, тулгамдсан чухал асуудал гэж бодож байна. Мянганы хөгжлийн зорилтоосоо хүүхдийн эрүүл мэндийн эндэгдэл өндөр төвшинд байна. Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад салбар дундын оролцоо, тэр дундаа орон нутгийн удирдлагууд, шийдвэр гаргагчдын төвшинд шийдэж хэрэгжүүлэх ажил чухал байгааг онцолсон. Аймаг, орон нутгууд төсвөө батлах гэж байгаа энэ үед эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр шаардлагатай тоног төхөөрөмж худалдаж авахад нь, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тодорхой төсөв хуваарилах нөлөөллийн арга хэмжээ болох байх. Хоёр өдрийн зөвлөгөөнөөс үр дүнтэй шийдвэр, зөвлөмж гарна гэдэгт итгэж байна. Завхан аймагт өнгөрсөн жил хоёр эхийн эндэгдэл гарсан. Өнөөдөр энд суугаад сонсож байхад ямар ч боломжгүй нөхцлүүд гэж байна. Энэ нь алслагдсан, дэд бүтэц холбоотой. Нөгөө талаар шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдахгүй байна. Тиймээс үүнд орон нутаг ч анхаарах ёстой гэдгийг харж сууна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин