Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд “Арц суварга” компанийн захирал Ш.Алтансүхийг урилаа.

-Танай компани хэзээ байгуулагдсан бэ. Ямар бүтээн байгуулалтад оролцож байв?

-Манай компани 1999 онд байгуулагдсан. Замын барилга, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Өнгөрсөн хугацаанд 30 гаруй барилга байгууламжийг ашиглалтад оруулсан. Тухайлбал, Оюутолгой компанийн “Ханбумбат” нисэх буудлын цогцолбор, Гудамж төслийн хүрээнд Сонсголонгийн автозамын өргөтгөл шинэчлэлт зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн.

Манай хамт олон чанараар өрсөлдөнө гэдэг уриатай ажилладаг. Манайхаас төрийн одон медалиар шагнагдсан олон сайчууд бий. Салбартаа нэр хүндтэй мэргэжилтэй боловсон хүчнүүд ч бий. Тун удахгүй компани үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиох гэж байгаа. Тиймээс олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудаа төрийн дээд одон медалиар шагнуулахаар тодорхойлолтоо холбогдох газруудад нь хүргүүлсэн. Ер нь аливаа бизнес хөгжихдөө зөвхөн эзнээс шалтгаалдаггүй. Хамт олны хүч хөдөлмөрийн үр шимээр амжилттай ажилладаг юм шүү дээ. Нөгөө талаас компанийн захирал байна гэдэг амар хялбар мэт харагддаг байх. Гэхдээ бодит амьдрал дээр огт өөр байдаг. Тухайлбал, байнгын үйл ажиллагаатай байхын тулд ажил олох шаардлагатай. Мөн ажилчдынхаа цалинг цаг тухайд нь тавих, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэг олон зүйлд сэтгэл зовниж явдаг шүү дээ. Түүнчлэн тухайн компани ажлаа гүйцэтгэхийн тулд ажлын багажаар ажилчдаа хангах учиртай. Тэгэхээр тоног төхөөрөмж худалдаж авахад хөрөнгө хэрэгтэй болно. Үүнийг ажиллаж олсон ашгаасаа гаргадаг. Эцсийн дүндээ энэ бүхэн зөвхөн захирлын хувийн хөрөнгө гэхээс илүүтэй хамт олны хөрөнгө болж байгаа юм. Манай компанийн хамт олон Монгол Улсад бетонон замыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай сүүлийн үеийн техник технологийг анх нэвтрүүлсэн. Чадварлаг хамт олныхоо дэмээр улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай явдаг.

-Бизнес эрхлэгчдэд олон асуудал тулгардаг. Түүний нэг нь мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байгаад шүүмжлэлтэй ханддаг шүү дээ. Таны хувьд?

-Боловсон хүчин бэлтгэх талд дутагдалтай тал бий. Гэхдээ энэ асуудлыг шийдэх боломжтой. Дотооддоо боловсон хүчнээ сайтар бэлтгэн ажиллах орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Сүүлийн залуус гадагшаа явж ажиллах нь элбэг болсон. Яагаад гэвэл, тэнд ажиллах нөхцөл, цалин хөлс нь өндөр. Тиймээс ирээдүйд сайн сайхан амьдрахын тулд илүү орлого олох боломжоо л эрэлхийлнэ шүү дээ. Төрийн зүгээс дотоодын компанийг үнэлж үйл ажиллагаа эрхлэх нөхцлийг бүрдүүлвэл ажиллах боломж бий. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчин, бизнесийн зарчмаар өрсөлдөх тэрхүү боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй юм. Ер нь өөрт ногдсон ажлаа эмх замбараатай, цэгцтэй хийдэг байх ёстой. Нөгөөтэйгүүр, хүнтэй ажиллана гэдэг тун бэрх даваа. Гэсэн хэдий ч аливаа бизнес эрхлэгч үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд хүний хүчээр амжилтад хүрнэ. Миний хувьд ажилтнууддаа хүний төлөө ажиллаж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй гэж зөвлөдөг. Зөвхөн мөнгөний төлөө ажиллах нь ирээдүйд өсч, хөгжих боломжоо алдана шүү дээ. Түүнээс гадна байгууллагын удирдлагын зүгээс сайн ажиллаж байгаа хүмүүсээ урамшуулан, үнэлэмжийг нь өсгөх хэрэгтэй. Энэ нь эцэстээ ирээдүйдээ хийж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэдгийг ойлгуулах учиртай.

-Төрийн санхүүжилтээр гүйцэтгэх ажлыг тендер шалгаруулалтаар хийдэг. Энэ нь байнга асуудал дагуулж байдаг шүү дээ. Та тендерийн ажил хийж байсны хувьд ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

-Манай компани тендерт ордог байсан. Гэхдээ тэр үед одоогийнх шиг бохир зүйл байгаагүй. Тодорхой хэмжээний шүүлтүүр байлаа. Үнэхээр салбартаа үнэлэгдсэн, амжилттай ажиллаж байгаа компани тендерт шалгардаг юм шүү дээ. Сүүлийн үед манай компани тендер авч чадаагүй. Хамгийн сүүлд Сонсголонгийн замын ажлыг гүйцэтгэх тендерт ялсан. Гэхдээ манайхаас өөр бетон зам барьж чадах компани байхгүй учраас бидэнд өгсөн гэж боддог. Түүнчлэн компаниуд концессийн гэрээгээр ажил хийх дургүй байдаг. Учир нь улсын захиалгаар хийсэн ажлын төлбөрийг цаг тухайд нь хийхгүй байгаагаас хүнд байдалд ордог юм шүү дээ. Үүнийг шат, шатандаа анхаарч, гэрээний үүргээ чандлан сахидаг бол компаниуд концессоор ажил нь гүйцэтгэх боломж бий.

Ер нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан тухайн ажлыг гүйцэтгэсэн компани банкны зээлийн хүү болон алданги төлөх болно. Мэдээж аж ахуйн нэгж удирдаж яваа хүний хувьд энэ нь маш хүнд шүү дээ. Алдангид төлж байгаа мөнгөөрөө нэг ч атугай ажилтныхаа цалинг өгсөн бол гэдэг харуусал төрдөг.

Хэдийгээр тухайн орны зам болон барилгыг гадны хөрөнгө оруулалтаар барьж байгаа ч гүйцэтгэх ажлыг нь дотоодын компаниудаар хийлгэх нь гадагш урсах мөнгийг дотооддоо шингээх боломж. Гэхдээ дотоодын компани хийж чадахгүй байгаа учраас гадны компаниар гүйцэтгүүлж байна гэж тайлбарлах нь бий. Гэвч манайхан хийж чаддаг гэдгээ харуулсан. Тухайлбал, Сонсголон, Гүнтийн замын ажлыг үндэсний компаниуд бүтээн байгуулсан. Хамгийн гол нь дотоодын компанид хөрөнгийн эх үүсвэрийн асуудал тулгардаг. Хэрэв Засгийн газар нь ажил гүйцэтгэх чадамжтай үндэсний аж ахуйн нэгждээ банкны баталгаа гаргаад өгчихдөг бол арилжааны банкнаас зээл аваад хийх боломжтой. Мэдээж төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн ажлын төлбөрийг гэрээний дагуу төлөх дадалд төрийн байгууллагууд суралцах хэрэгтэй байх. Нөгөөтэйгүүр дотоодын компаниа дэмжиж ажилласнаар улсын төсөвт төвлөрөх хөрөнгийн хэмжээ өснө. Энэ нь эргээд улсыг хөгжүүлэх хөшүүрэг болно. Эдийн засгийг тогтвортой байж чадна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх чадамжтай компаниа бодлогоор дэмжиж хөгжүүлснээр ажлын байрыг нэмэгдүүлэх, татварт төвлөрөх хөрөнгөө өсгөх бүрэн боломж бий. Бид гадаадынх гэхээр төгс мэт ойлгодог байдлаа засах учиртай. Сүүлийн жишээ гэвэл, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлыг гадны компани барьсан байгаа юм. Уг нь Монголын компани тус ажлыг гүйцэтгэсэн бол дор хаяж гаднаас орж ирсэн хөрөнгө оруулалт буцаад гарахгүй дотооддоо шингэх болно. Түүнээс гадна өртөг зардал ч харьцангуй бага гарах байсан. Учир нь манай компани нисэх онгоцны буудлын ажлыг бие даан гүйцэтгэсэн учраас хэдий хэмжээний зардал орох вэ, ямар материалаар барих вэ, ямар техник, тоног төхөөрөмж шаардлагатай вэ гэдгийг мэддэг.

-Манай улсын хувьд жижигхэн зах зээлтэй гэдэг. Гэтэл эрэлтээс давсан үйлдвэрлэгчид байгаа нь бизнес хөгжих боломжийг хязгаарлагдмал болгож байна гэлцдэг. Таны хувьд?

-Зах зээлийн хувьд жижигхэн байж болох ч тэнд хэчнээн ч компани үйл ажиллагаа эрхэлж болно. Ер нь аливаа бизнес зах зээлийн зарчмаараа л явдаг. Байгалийн шалгарлаар гэдэгтэй адил бизнесийн хуулиар ажиллаж чадсан нь үлдэж, чадахгүй нь аяндаа байхгүй болно. Хамгийн гол бизнес эрхлэгч мэдрэмжтэй, тууштай байх ёстой юм.

Хүмүүс нь төрөөс гуйна, төр нь компаниудаас гуйна. Харин компаниуд гаднаас гуйдаг юм шүү дээ. Би үүнд эмзэглэж явдаг. Хэрэв малчнаас үйлдвэрлэгч, үйлдвэрлэгчээс экспортлогч болж чадвал улс хөгжинө. Гэхдээ хүмүүс дор бүрнээ хариуцлагаа ухамсарлан ажиллах ёстой. Үүний үр дүнд бид бусдаас бадар барьж гуйлга гуйх шаардлагагүй болно. Өөрсдийнхөө хийж чадах зүйлийг хийхээ больсон. Бүхий л зүйлийг бэлэнчлэх сэтгэлгээгээр харж, хандаж байгаа нь эмгэнэл. Манай улс үсрэнгүй хөгжих боломж бий.

-Танай салбарт ажиллаж байгаа компаниуд төрөөс авах авлагаа авч чадахгүй байгаа тухай нэг хэсэг ярьсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Би дээр дурдсан, ямар ч улс оронд зам барих ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийдэг. 2013 оноос эдийн засаг хямарч эхлэхтэй зэрэгцэн төрийн санхүүжилттэй ажлыг гүйцэтгэсэн ч өдийг хүртэл мөнгөө авч чадахгүй л байна. Энэ нь компанийг хүнд байдалд оруулж байгаа юм. Манай компани 1000 гаруй ажилтантай байлаа. Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд хасч болох зардлуудаа боломжоор нь танасан. Орон тооны цомхотгол ч нэлээд хийсэн. Одоогоор 150 орчим ажилтантай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин