Х.ХУЛАН
Хэд хоногийн өмнө тааралдсан танил бүсгүйн яриа санаанд буув. Хөл хүндтэй байхдаа эмчдээ үзүүлэхээр ЭХЭМҮТ-д явж байхад нь хажуугаар нь зөрсөн сувилагчийн торон дотроос ямар нэг зүйл гуяыг нь зүсч орхижээ. Тэгснээ, “Болгоомжтой явахад яадаг байна аа. Мэс засал хийсэн багажинд зүсүүлчихлээ шүү дээ” гэж хэлчихээд яваад өгч. Сувилагч хагалгааны дараах хог хаягдлаа зориулалтын саванд хийлгүй авч явсан нь тэр байв. Азаар бүсгүй тэр зүсэлтээс ямар нэгэн халдвар аваагүй байсан юм. Гэхдээ л гуян дээрээ том гэгч сорвитой болж хоцорсон гэж байсан.
Эрүүл монгол хүний тухай үе, үеийн Засгийн газар ярьж ирсэн ч манай анагаахын салбарын хөгжил, үйлчилгээнд иргэд үргэлж сэтгэл дундуур байдаг. Шинэчлэлийн Засгийн газраас ирэх дөрвөн жилд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах төлөвлөгөөндөө нэгэн чухал асуудлыг “онилоод” байгаа. Тэр нь “Эмч нарын алдааны сан” хэмээх мэдээлийн бааз байгуулж, түүнийг нь нээлттэй байлгах. Санадаг л санаа. Хариуцлагагүй, сэтгэлгүй, ур чадвар муутайгаасаа болж хүн хохироочихоод өөрөө ч түүнийгээ “мартчихдаг” эмч нарт алдаагаа засч залруулах сэдэл төрүүлж мэдэх юм, энэ сан.
Бас л нэг жишээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, 83 настай Ц.Шархүү гуай өнгөрсөн зургадугаар сарын 15-нд Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт үе мөчний өвчний оноштойгоор хэвтжээ. Мэдээж, өвчтөнийг эмнэлэгт хэвтэхээс өмнө ар гэрийнхэн нь эмчийн бичиж өгсний дагуу шинжилгээнүүдийг өгсөн байна. Хоолны дэглэм сахиулж, арваад хоног үрэвсэл дарах эмчилгээ хийсний эцэст Ц.Шархүү гуай эмнэлгээс гарчээ.
“Үе мөчний өвчинд онцын эмчилгээ шаардагддаггүй юм. Гол нь хоолны дэглэм сайн барих хэрэгтэй” гэсэн эмчийн зөвлөгөөг Г.Шархүү гуай болон түүнийг асарч байсан охин нь чадлан сахиж байв. Гэтэл аав нь гэдэс нь өвдсөн бололтой гүйлгээд байж. Эм уугаад намжихгүй байсан учир эмнэлгээс гарснаас хоёр хоногийн дараа түргэн тусламж дуудахад “Хоолны хордлого туссан байна” гээд эм, дусал бичиж өгөөд явав. Гурав хоногийн дараа байдал улам ч муудаж, бөөлжиж, суулгаж, үе мөч нь тэсэхийн аргагүй өвдөж эхэлжээ. Гэрийнхэн нь айж сандран, эмч рүү нь утасдаад “Болохоо байлаа, та нар эмнэлэгтээ авч хэвтүүлээч” гэж уйлж гуйсны хүчинд өвгөнийг дахиад хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлжээ.
“Та нар хордлого авахуулаад удаачихсан байна, шингэн алдчихаж” гэсээр эмч өвчтөнийг шууд Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн байна. Хоёр хоногийн дараа энгийн тасаг руу шилжүүлсэн ч, өвгөний биеийн байдал дээрдэхгүй байсаар долдугаар сарын 5-ны өглөө амьсгал хураажээ. Түүнийг нас барахаас хоёр хоногийн өмнө эмч шинжилгээ авч үе мөчний өвчин, хордлого хоёрын аль нь ч биш, харин давсганд нь гурван см-ийн хэмжээтэй том чулуу бий болсныг мэдсэн ч арга хэмжээ авахад дэндүү оройтсон байж. Чулуу шээсний хүчлийг ихэсгэж, хортой хүчил биеэр нь тархаснаас болж өвчтөн 20 хүрэхгүй хоногийн дотор ийнхүү нас барсан байна. Хэрэв эрт оношлосон бол хагалгааг өлхөн даваад гарах чадал өвчтөнд байж.
Хэдийгээр нас сүүдэр 80 гарсан ч, хааяа үе мөч нь өвдөхөөс өөр өвчин хэлдэггүй, хөнгөн шингэн өвгөн ийнхүү ажилдаа хайхрамжгүй хандсан эмч нарын балгаас болж үр хүүхдээ цагаасаа эрт орхин оджээ.
“Удахгүй наадам болох нь, машин тэргээ янзална аа” гээд л хөөрч явсан аавыгаа хөтөлж аваачаад эрлэгийн хаалгаар оруулчихсандаа гэмшсэн үр хүүхдийнх нь нулимс хатаж амжаагүй байна. Өвгөнийг нас барсан өглөөний өмнөх шөнө ар гэрийнхэн нь сэхээний эмч н.Мөнх-Очирыг гэрийнхэн нь дөрвөн ч удаа дуудуулсан байна. Тэр ирсэнгүй. Хамгийн сүүлд, өглөө 06.00 цаг болоход ирж үзээд Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлжээ.
Ингэхдээ тэнд байсан сувилагчид “Эрдэнэхүү эмч /анх онош буруу тавьсан эмч/ та хоёрын хийсэн алдааг би үүрэх болж байна уу” гэж хэлээд гарч. Үхэлтэй чадан ядан тэмцэж, өвчиндөө бие нь тэсвэрлэхийн аргагүй шаналж байсан өвгөнд дэрээр дэндүү хайхрамжгүй хандаж байсныг ар гэрийнхэн нь өгүүлж байна.
Тус эмнэлгийн эмч талийгаачин ар гэрийнхнээс гуйж байж цогцост хийсэн задлан шинжилгээгээр өвчтөн бөөрний хурц дутагдлын улмаас нас барсныг тогтоожээ. Уг нь энэ оношийг арай эрт тогтоочихсон бол хөөрхий хөгшин хэдэн наадам үзэх байсан бол. Урьд нь эрүүл мэндийн оношлогоонд ороод “Таны бие 20 настай залуугийнх шиг л сайн байна” гэж сонсчихоод бөөн хөөр болж байсан хөөрхий өвгөнд аз дутахад ажилдаа сэтгэлгүй эмч нар таарчихаж. Эрүүл саруул явна гэдэг ердөө л аз, эзийн хэрэг болчихсон юм биш үү?