-Сүхбаатар аймгийг хоёр дахь Улаанбадрах болгох нь-
Ч.ҮЛ-ОЛДОХ Ураны хайгуул, олборлолт хүн байгальд ямар хор уршигтайг монголчууд сүүлийн хэдэн жил Дорноговь аймгийн Улаанбадрах суманд бий болсон нөхцөл байдлаас ойлгож авав. Цаашлаад, дэлхийн хэмжээнд уран олборлолтоор тэргүүлэгч таван компани байдгаас манай улстай түншилж буй Францын ”Арева”, түүний охин компани “Кожеговь” муу туршлагаараа дэлхийд зартай болохыг судалж мэдэцгээв. Гэсэн ч 2008-2009 онд С.Баярын Засгийн газрын үед Франц улстай хийсэн шар нунтгийн хайгуулын урт хугацааны гэрээ 20-30 жилээр үргэлжлэх заалттай. Хугацаа нь дууссан ч Монгол Улсын УИХ, Засгийн газрын түвшинд гадны компанийн захиалгыг биелүүлдэг нэр бүхий эрхмүүд лобби хийгээд сунгуулчихдаг. “Кожеговь”компани өнгөрсөн хавар олон нийтийн анхаарал улс төрийн сонгууль руу чиглэснийг далимдуулан тус аймгийн Дарьганга, Онгон суманд ажлаа эхлүүлэхээр оролдсон ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч зогсоосныг уншигчид санаж байгаа байх. Тэгвэл энэ хавраас ураны хайгуулын компаниуд идэвхтэй ажиллахаар байна. Энэ нь тоног төхөөрөмжөө авчирч суурилуулж эхэлсэн, бэлтгэлээ базааж байгаа зэргээс харагдаж байгааг нутгийн иргэд хэлж байгаа юм. Үүнийг төр, засгийн хариуцлагатай албан тушаалтнуудын байр сууриуд ч баталж байна. Тухайлбал, 2014 онд Засгийн газраас “2017 оноос манай улс уран олборлож,экспортолж эхэлнэ” хэмээн мэдэгдсэн. “Арева Монгол” ХХК, “Кожеговь “ХХК-ийн ерөнхий захирал Тьерри Плэзант 2013 онд “Бид одоогоор хайгуул хийж байна. 2019 оноос олборлолт эхлэх боломжтой” гэж байв. Гэвч Дорноговь, Дундговь аймгийн зааг Дулаан ууланд уран олборлох туршилт хийсэн.Ер нь хайгуул хийх нэрээр олборлоод зөөсөн, дуусах шатандаа орсон байж ч болзошгүй гэх мэдээллүүдийг иргэний хөдөлгөөнүүд гаргаж ирсэн. Хамгийн бодитой баримт бол статистик байх нь ойлгомжтой. Тэгвэл Дорноговь аймгийн Зүүнбаян, Улаанбадрах сумын хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт /2010 – 2014 он/-д Зүүнбаян, Улаанбадрах сумдад сүүлийн таван жилд дунджаар 27 – 40 жирэмсэн эх хяналтанд орсноос 27орчим хувь нь зулбасан. Жирэмсэн эхийн зулбалт Дорноговь аймгийн хэмжээнд 17 орчим хувь байна. Нэг айлын 100 гаруй үхэр үхсэн, үсгүй тугал гарч, мал зулбах болсон гэжээ. Өнөөдөр аюулын харанга дэлдэж буй нөхцөл байдал нь хөдөө орон нутаг, хязгаар нутгийн иргэдэд ураны хор аюулын талаар гүнзгий ойлголт байхгүй, энэ чиглэлээр хяналт тавих мэргэжлийн хүн, байцаагч алга. Дээр нь Монгол Улс өргөн уудам нутагтай, хүн ам цөөн. Уул уурхайн компаниуд “Бурхангүй газар бумба галзуурах” гэгч л болж байна. Тэр л жишгээр өнөөдөр Сүхбаатар аймгийг хоёр дахь Улаанбадрах болгох тохироо нэгэнт бүрджээ. Сүхбаатарт ураны хайгуул нэг л эхэлбэл,Улаанбадрах болно, Сүх жанжны нутгийнхан улаанбадрахчуудын гашуун хувь заяаг хүн, малтайгаа туулах ийм л ирээдүй тосч байна.