Э.БЭРЦЭЦЭГ

 

         ЭМШУИС-ийн багш, дэд профессор Н.Раднааханд Герман улсад харшлын эмчийн мэргэжил эзэмшиж улмаар Австри, Герман, Болгар, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн туршлагатай эмч.  Тэрээр харшлын эмчээр 25 жил ажиллаж байгаа  бөгөөд өдгөө хүүхдийн харшлын эмч бэлтгэх ажилд хүчин зүтгэж,  хүүхдийн эмч нарт энэ өвчний талаар  хичээлийг  зааж байна.  Урин дулаан цаг ирж буй энэ үед ургамлын тоосонцрын харшил, нарны харшил эрс нэмэгддэг.  Тиймээс энэ өвчний тухай  Н.Раднааханд эмчээс асуулаа.

 

ХАРШЛЫН ӨВЧИН ДОЛДУГААР САРААС ИДЭВХЖДЭГ

-Дулааны улиралд хүмүү­сийг зовоодог өвчний нэг бол харшил. Хоолны хордлого, гэдэсний халд­варт өвчнөөр өвдөхөд хоёр, гурав хоноод эдгэр­дэг бол энэ өвчин бараг эдгэрдэггүй. Жил бүр л хүмүүсийг зовоосоор бай­даг. Тийм болохоор харш­лын өвчин юунаас үүсдэг, хүмүүсийн олонхи нь энэ өвчнөөр яагаад өвдөг бай­даг тухай асуултаар ярилцлагаа эхэлье?

-Өнөөдөр  Улаан­баа­тар хотын хувьд харш­лын өвчин багасах улирал ба­раг байхгүй болсон. Яагаад гэвэл өвлийн агаарын бохирдлоос болж ханиаж багтрах нь бага­сангуут зун болж зүлэг ургаж, модод нахиалж эхлэхэд ургамлын харшил эхэлдэг. Гэхдээ хүмүү­сийн харшил хамгийн их хөдөлдөг хугацаа бол дол­дугаар сарын 10-наас есдүгээр сарын эх хүртэлх ху­гацаа юм. Энэ үед хар­шилтай хүмүүс эм та­риагаа хэрэглэж занших хэрэгтэй.

-Насны хувьд авч үзвэл...?

-Ямар ч насны хүнд ургамлын харшил үүсч болно. Манай эмнэлгээр нэг настай хүүхдэд ч ур­гамлын харшил оношлог­дож байсан. Ихэвчлэн цэцэрлэгийн ахлах анги, сургуулийн насанд эхлээд цааш үргэлжилдэг. Ялан­гуяа, хотын оршин сууг­чид, оюуны хөдөлмөр эр­хэл­дэг хүмүүст элбэг то­хиолд­дог. Тиймээс хар­шил хөдлө­хөөс өмнө эм­чилгээгээ эхэлбэл үр дүн­тэй байдаг учраас мэр­гэж­лийн эмчид үзүүлж зөв­лөгөө авч зуны эм­чил­гээнд орох хэрэгтэй гэдгийг хэлье.

ХАРШЛЫН ӨВЧИН ХАЛДАХГҮЙ, УДАМШДАГ

-Мод ногоорч, зүлэг ургах нь тавдугаар сарын дундаас эхэлдэг байтал яагаад долдугаар сарын дундаас харшил ихэсдэг юм бол?

-Зуны харшлын хөд­лөлийг оргил үеэр нь хаврын, зуны, намрын гэж гурван үе болгон хуваа­даг. Ялангуяа, дол­дугаар сарын дундаас шарилж луульны тоосоо гүвэх үе эхэлдэг. Шарилж луульны тоос нь харшил үүсгэх чадвараар бусад ургамлаас илүү, олон хүний хөлөөр талхи­лагд­сан газар ургадаг болохоор “хөл газрын ургамал” гэж нэрлэдэг. Энэ нь зүлэг ногоогоо тайрч янзал­даггүй хотынхонд тохир­сон ургамал боло­хоор ар­чилгаа голдоггүй. Тиймээс бусад ургамлыг бодвол их хэмжээгээр тар­хан ургаж харшил үүс­гэдэг.

-Нэг гэр бүлийн хэд хэдэн хүн адилхан хар­шилтай байх юм. Харшлын өвчин  халддаг уу, удамшдаг уу?

-Харшлын өвчин хал­дахгүй. Хүүхэд эхээс тө­рөхдөө эцэг, эхийнхээ харшламтгай байдлыг удам­лан төрдөг. Тэр харш­ламтгай байдал нь хожим харшлын өвчин болж илэр­дэг. Гэхдээ сайн хам­гаалж чадвал бага зэргийн харшлын урвал илрээд, намдах нь ч бий.

-Тэгвэл бага насны хүүхдийг  харшилтай байж болох анхны шинж тэмд­гийг яаж мэдэх вэ?

-Хүүхэд төрөхдөө хөөнгө том, насандаа тохи­рохгүй илүүдэл жинтэй байх, арьс нь нурамтгай эсвэл толгой нь хагтах, хацар нүүрээр нь улайлт туурах зэрэг шинж илэр­дэг. Мөн ханиад хүрэ­хээ­рээ цээж барих, удаан ханиах, шөнө их ханиах, гүйж тоглохоороо ханиах зэрэг шинж ажиг­лагдана. Тиймээс хүүхдээ хар­шилгүй байл­гаж, хамгаа­лахын тулд гэртээ амьтан тэжээхгүй байх, эцэг, эх нь тамхи татахгүй, бас гэртээ тоос татах хивс дрож, зөөлөн буйдан, үстэй тоглоом бага байлгаарай.

 

ХҮҮХДЭД Ч БАС ТОМЧУУДТАЙ АДИЛХАН ЗОВИУР ИЛЭРНЭ

-Харшлын шинж тэмдэг ихэвчлэн биеэр юм туурах, нус гоожих зэрэг шинж тэмдэгээр илэрдэг. Хүүх­дэд ч бас ийм шинж илрэх үү?

-Адилхан. Найтаах, хамраас ус гоожих, хамар битүүрэх, хоолой тагнай, чихэн дотор загатнах, нүд улайх, нулимс гоожих, нүд загатнах, хорсох , нуухтах зэрэг шинж илэрнэ. Гэхдээ нүд, хамрын зо­виур ихэвчлэн хамт явагддаг.

-Хамар, нүдээр илрэх харшлыг манайхан ха­ниадтай андуурдаг. Үүнээс болж янз бүрийн эм уух, өвчнөө хүндрүүлэх асуу­дал гардаг.  Энэ үед эмчид хандахгүй,  өвчнөө зөв оношлуулахгүй яваад бай­вал ямар нэг хүндрэл үүсэх үү?

-Харшлаа ханиад гэж буруу эмчлүүлэх, эмч­лэхгүй удах, дан ганц хамрын дуслаар аргацааж удах зэргээс манайхны хэлдгээр астма буюу гуур­сан хоолойн багтраа өвчин болдог. Бас өвчлөөд удаагүй, зөв эмчилж бай­хад ч багтрааны шинж илэрдэг тал бий. Энэ нь тухайн хүний хэт мэдрэг байдлаас шалтгаалж, их шарилжтай газар ажил­лах, машины цонхоо он­гойл­­гож хол газар өвс но­гоон дундуур удаан давхих зэрэгт амьсгал давчдан багтрааны шинж үүсдэг.

-Зарим хүн “Ша­рилжны харшил эдгэх биш” гэж ярьдаг ч гэсэн  сайн болгоныг авч хэрэглэдэг. Энэ нь мэдээж хүний биед хор нөлөөтэй биз?

-Ургамлын харшил бол улирлын чанартай. Бүх ургамлын харшил аваагүй зөвхөн  ша­рилжны харшил авсан бол долдугаар сарын 10-наас есдүгээр сарын 10 хүртэл хоёр сарын хугацаанд ша­рилжгүй газар амрах, ну­таг солих зэргээр ша­рилжнаас хол байж чадвал ганц ч эм хэрэглэхгүй эрүүл байх боломжтой. Хэрэв тэгж чадахгүй бол орчин үеийн хоргүй сайн эмийн ачаар мөн зовиур­гүй байж болно. Харин эмчийн зөвшөөрөлгүй дур мэдэн хэрэглэсэн болгон хортой байдаг.

Зарим хүн кеналог-40, дексаметазон, предни­золон гэх мэт дааврын бэлдмэл хэрэглэж өө­рийгөө хордуулдаг. Гэтэл зарим нь ганцхан нафа­золин дусаасаар хамрын салстаа гэмтээх нь ч бий. Бас зарим нь ганц мэддэг хлорфенаминаа уусаар байгаад түүндээ дасал болж үйлчлэхээ больчих­сон байдаг. Үүнээс мөн л гаж нөлөө илэрдэг.

 

ХАРШИЛТАЙ БОЛ УГААСАН ХУВЦСАА Ч ГАДАА ХАТААХ ХЭРЭГГҮЙ

-Харшлын өвчнийг сэд­рээгээд байгаа шарилж, лууль хотын гудамж, тал­байд хаа сайгүй л ургаж байгаа шүү дээ. Үүнтэй  яаж тэмцэх вэ?

-Айл өрх, албан газрууд шарилж луулийг цэцэглэж үрээ цацахаас нь өмнө тайрч хаях хэрэгтэй. Зарим айл, албан газар шарилжаа уст­гаад зарим нь ургуу­лаад байвал тоос нь салхиар дамжин хаа ч хүрч  харшил үүсгэж болно.

-Харшилтай хүмүүс эмнээс гадна ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?

-Цонхныхоо салхив­чийг өдөржин хааж, хүн, машины хөл хөдөлгөөн зогссон шөнө дундын үед онгойлгож, үүрээр хаах хэрэгтэй. Дээр нь гэр бүлийн гишүүд гадуур явж ирээд хувцсаа сольж, гэ­рийн хувцас өмсөн, толгойгоо угааж занших ёстой. Харшил хөдөлсөн үедээ харшил их үүсгэдэг архи, шар айраг, дарс, халуун ногоо, самар, жимс, далайн хоол зэрэг хоол хүнсийг аль болох бага хэрэглэ. Ургамал болгон өөр хоол хүнстэй солбих урвалаар харшил хөдөл­гөдөг. Тухайлбал, хус, улиас, бургас модлог ур­гамлын тоосонд хар­шилтай бол алим жимс, самар, жимсний хар­шилтай байдаг. Харин намар болж шарилж, лууль хагдарч унасны дараа цонх болон гэрийн доторхи тавилгаа маш сайн цэвэр­лэж ургамлын тоосноос салах хэрэгтэй. Угаасан хувцас, ор хөнжлийн даа­вууг гадаа хатаахад ургамлын тоос тундасжин тогтох тул гадаа хатаах хэрэггүй.

-Энэ өвчинд нэг төрлийн эмийг удаан хуга­цаанд уувал дасал болдог гэж та хэллээ. Тэгвэл ургамлын тоосны хар­шилтай хүмүүс ямар эм уувал үр дүнгээ өгөх вэ?

-Манайд сүүлийн үед нойронд гаж нөлөөгүй, 24 цагаа барьж үйлчилдэг эм үйлдвэрлэж байгаа. Тэр тусмаа гуурсан хоолойн багтрааны үед амьсгалын замаар сорж хэрэглэдэг эм хүрэлцээтэй байгаа. Хамрын харшлын үед дааврын бэлд­мэлийг ууж тарьж хэрэглэс­нээс хамартаа шүрших хэлбэ­рээр нь хэрэглэвэл маш өчүүхэн тунгаар хамгийн их үр дүнтэйгээр эмчлэгд­дэг. Ер нь хүмүүс харшлын эмчийн хяналтад орж, сорил тавиулж харшилтай ургамлаа тодорхой­луу­лаад, харшлаа хэдийнээс хэдий хүртэл үргэлж­лэхийг мэдэж, тухайн үедээ ямар эм хэрэглэхээ мэдэж авсан тохиолдолд харшил даамжрахгүй.