Т.БАТСАЙХАН Сүүлийн үед манай улсад бөөрний өвчлөл их болсон. Гурван хүн тутмын нэг нь бөөрний ямар нэгэн эмгэгтэй байдаг гэсэн судалгаа ч бий. Тэгвэл бөөрний өвчлөлийг эрт оношлуулж, илрүүлбэл төгс эмчлэгдэх боломжтой юм байна. Гол нь хүмүүсийн амьдралын хэв маяг зөв байж гэмээн эрүүл саруул амьдрах боломжтой гэдгийг Б.Бямбадаш эмч хэлж байв.   Тэрээр одоо  “Энэрэл” эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байна. Насаараа эрүүл мэндийн манаанд зүтгэж, ялангуяа бөөрний өвчлөлөөр дагнан олон хүний өвчнийг илааршуулж явна. Б.Бямбадаш эмч энэ салбартаа шинээр нэвтрүүлсэн, оношлогоо эмчилгээний аргачлалаараа авсан 20 орчим патенттай.  Тухайлбал, Монголд бөөрний эдээс биопсийн эдийн шинжилгээ авах  мөн бөөр шилжүүлэн суулгах хагалгааны дараах дархлаа дарангуйлах эмчилгээний аргачлалыг шинээр нэвтрүүлжээ. Үүнээс гадна гемодиалезийн шүүлтүүрийг дахин цэвэрлэж ашиглах аргачлалыг боловсруулсан гээд тоочвол түүний хийсэн олон шинэчлэл байдаг юм билээ. Мөн түүний гишүүнээр нь ажилладаг бөөр шилжүүлэн суулгах  багийнхан Монголдоо 100 гаруй хагалгааг амжилттай хийжээ. Ийнхүү 30 гаруй жил энэ салбарт ажиллаж байгаа түүнийг нэг хэсэг нь “сахал”, нөгөө хэсэг “бөөрний” Бямбаа хэмээн дуудна. Б.Бямбадаш эмчийн ярьдаг сэдэв бараг гурван үгнийх нь нэг бөөр байх.   Тэрээр энэ удаа ч гэсэн “Монголчуудын хувьд бөөр шээсний замын өвчлөлүүд нэлээд элбэг тохиолддог. Эрүүл мэндийн яамнаас гаргасан статистик судалгаагаар амь насанд халтай өвчлөлийн зэргээрээ эхний гуравдугаар байрт орсон байгаа. Тийм ч учраас бөөр, шээсний замын өвчлөлийг багасгаж хүн амд үзүүлж байгаа тусламж үйлчилгээ, оношлогоо эмчилгээг сайжруулах, оновчтой болгох чиглэлээр ажиллах шаардлага бий” хэмээн ярьж сууна. Мөн бөөрний өвчлөл нь хавар, намрын улиралд идэвхижиж, эрчимждэг.  Тиймээс энэ үед дулаан хувцаслах, илчлэг, тэжээл ихтэй хоол хүнс хэрэглэх нь өвдөхгүй байх үндсэн нэг арга болдог гэдэг. Нөгөө талаас ариун цэврийг нарийн сахих шаардлагатай. Насанд хүрсэн хүмүүс ядаж л жилдээ нэг удаа урьдчилсан сэргийлэх үзлэгт орж зөвлөгөө аваад сурчихад гэмгүй. Өөрсдөө дур мэдэж эмчилгээ хийх биш эмчид хандаж үзүүлээд батлаад, нотлоод тохирсон эмчилгээгээ тууштай хийлгэх хэрэгтэй. Ингэж чадвал өвчин эрт үедээ эмчлэгдэнэ, хүндэрч зовоохгүй шүү дээ” хэмээн зөвлөж байна. Б.Бямбадаш эмчийн одоо ажиллаж буй “Энэрэл” эмнэлэг нь ч ихээхэн онцлогтой.  Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн хоёр дахь шатлалын тусламж  үйлчилгээ үзүүлдэг. Эрчимт эмчилгээ, тусгаарлах, дотор,  мэдрэл,  мэс засал, гэмтэл, чих хамар хоолойн тасагт нь жилд 2600-2700 хүн хэвтэн, эмчлүүлдэг. “Энэрэл” эмнэ­лэ­гийн­хэн эмзэг бүлгийн, орон гэргүй тэнэмэл  иргэд түүний дотор бичиг баримтгүй, орц траншей­гаар амь­дарч байгаа хүмүүст эрүүл мэндийн  тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж буй юм. Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд байрлаж байсан эмнэлгийнхэн саяхнаас БЗД-ийн III төрөхийн хуучин байранд нүүн орж төвхнөөд байгаа юм байна.  Б.Бямбадаш эмч энэ л багийг удирдан нийгмийн үйлчилгээнээс хол эмзэг бүлгийнхэнд хүрч ажиллахыг зорьж буй юм байна.  Түүнээс “Өвчтөнийг оношлоход хэдэн хувь нь мэдлэг, туршлага, мэдрэмж байдаг юм бол” хэмээн асуухад “ХХI зуун бол  нотолгоонд тулгуурласан зуун гэж хэлэгдэж байгаа боловч “ийм оноштой хүн байна даа” гэж дотроо бодоод, шинжилгээнд явуулахад ерөнхийдөө л 70, 80 хувь нь таардаг. Туршлага бас чухал. Сүүлийн үеийн эмч нар багаж, лабораторийн шинжилгээг шүтчихээд хүнийг гардан үзэх, хүний зовиур шаналгаа, өвчний түүхийг удаан сууж сонсох нь бага болжээ.  Өвчтөнийг сэтгэлээрээ ойлгоод, мэдрэмжээрээ мэдрээд, судсыг нь бариад, бөөр элэг эрхтэн системийг үзэх гэх мэтээр бүхий л үзлэгийг хийнэ гэдэг зүгээр нэг компьютерээр харахаас илүү мэдээллийг өгөх талтай. Тэр талыг би чухалчилдаг” гэж байв.   Мөн эмч маань  энэ салбарт хүн эмчлэхийн зэрэгцээ хүмүүсийг сургаж байна.  Түүний шавь нартаа захидаг үг нь “Тасагтаа ороод, хүнтэйгээ л ойр бай. Өрөөнд суучихаад, зайнаас хий юм битгий бич, хүнтэйгээ ажилла, хүнээ сайн үз” гэдэг ажээ.  Б.Бямбадаш эмчийн энэ салбарт орж ирсэн замнал ихэд сонирхолтой юм. Малчин болгохын даваан дээр уйлж байж сургуульд орсон, дурлаж байж эмч болсон гээд яривал Б.Бямбадашийн эмч болсон зам багагүй бартаатай байжээ. Элсэлтийн шалгалтаар оноо нь дарагдаж, орон нутагт анагаахын дундын хуваарь авсан ч шарандаа онц сурч, дөрвөн жилийн хичээлийг гурван жилд сурч төгсөөд, анагаахын дээдэд урилгаар оржээ. Ингэж тэмцэж эмч болсны хариуд хувь заяа түүнд том шагнал хайрлажээ. Учир нь I эмнэлэгт ажилд орсон жил аав нь харвасан тухай мэдээ ирж. “Аав минь дөнгөж 50 гарч байсан. Өвчин ярьдаггүй, архи уудаггүй, тамхи татдаггүй, намайг бодвол том биетэй хүн. Би ч айлаа. Эмнэлгийн дарга болоод яам руу хэлэхэд тэр үеийн III эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Дондог эмчийг хагалгааны багтай нь гаргаж өгөөд, надад чөлөө өгч хамт явуулсан. Суманд очоод үзэхэд тархинд нь цус харвасан, гэхдээ хагалгаа хийх шаардлагагүй юм байна гээд нөгөөдүүл маань буцаж, би үлдсэн. Аав минь гурав хоногийн дараа ухаан ороод, бие нь тэнхэрсэн. Эмч болсондоо, энэ эмнэлэгт орсондоо, энэ сайхан буянтай эмч нар тусалсанд маш их баярлаж явдаг” гэж тэрээр ярьж байна.  Дараа нь түүнийг Солонгост бөөр шилжүүлэн суулгах чиглэлээр курст сурч байхад ээж нь хүнд гэмтэхэд бас л мэргэжил нэгтнүүдийн тусламжаар амийг нь аварсан байна. Б.Бямбадаш эмч болсноор өөрт нь өгсөн шагнал аав, ээжийнх нь урт нас байсан бол өөрийнх нь бусдад өгсөн амь хэдэн зуугаар тоологдох биз ээ.   Тэрээр дөрвөн хүү, таван охинтой айлын том нь. Айлын том хүүхдүүд эмээ, өвөөгийнх байдаг шиг  Б.Бямбадаш эмч ч өвөө эмээ дээрээ өсчээ. Тэрээр “Өвөөгийн найз сумын бага эмч Лхамаа гэж буянтай хүн байсан. Лхамаа эмчид л үзүүлж, эмчилгээ заал­гаад авсан байхад алзахгүй гэдэг байлаа. Цагаан морьтой, ширэн богцтой, түүн дотроо эмээ хийчихсэн тохоод дуудлагаар явж байхдаа өвөөгийнд маань ирж хонодог. Хүн эмчилсэн, аварч байсан тухайгаа их сайхан юм ярьдаг байлаа. Ухаан орсноосоо хойш л тэр хүнийг мэддэг, биширдэг байсан. Эмч хүний чагнуур их сайхан санагдаж, том болохоороо Лхамаа эмч шиг буянтай эмч болно гэсэн бодол хар багаас төрсөн. Ер нь айлын том учраас найман дүүгээ өсгөх гэж үүрч дүүрээд, хоол ундаа хувааж идээд, гэр орныхоо бүх ажлыг хийнэ. Ялангуяа хаврын тарчиг цагаар гэртээ хононо гэж байхгүй. Тиймээс хэдэн дүү нараа би л харж хандана. Тав, зургаан настайгаасаа хоол хийгээд сурчихсан, бүх гэрийн ажлаа зохицуулдаг байсан зэрэг нь тэсвэр тэвчээр суулгахад хэрэг болсон юм болов уу” хэмээн тэр бага насаа дурсаж байв. Ийнхүү биднийг ярих зуурт түүнтэй уулзах, түүнд үзүүлэх гэсэн хүмүүс өрөөнийх нь үүдэнд урт дараалал үүсгэсэн байв.  Түүнээс “Сүүлийн үед бөөр их өвдөхөөр даралт ихэсдэг талаар хүмүүс их ярих болж. Энэ үнэн үү” хэмээн асуухад тэрээр “Хүний бөөрөнд хоёр сая орчим нэгж байдаг бөгөөд  бие организмд арваад чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, хордлого тайлна. Шээсээр органик болон органик бус гаралтай олон төрлийн хор цэвэрлэгддэг. Гэтэл бөөрний үйл ажиллагаа муудаж, шүүдэг цэвэр­лэдэг ажлаа хийж чадахаа болихоор шээс нь цус руугаа эргэж ороод хордлогод ордог. Хоёрдугаарт, шингэний балансыг зохицуулдаг. Бөөр үрэвсэхээр хүн хавагнадаг, дотуур ус гүйдэг, цусны даралт ихэсдэг. Бөөр бас  дотоод шүүрлийн үйл ажиллагааг зохицуулдаг. Дээр нь бөөр хүний ус, элитролитийн солил­цоонд маш чухал үүрэгтэй. Кальц, фос­форын дутагдал гээд яриад байдаг. Бөөрний ду­таг­далд орохоор яс сийрэг­жиж, хугарамтгай болох шинж тэмдэг илэрнэ. Өөр нэг чухал зүйл бол нөхөн үржихүйд чухал нөлөөтэй” гэж байлаа.  Б.Бямбадаш эмчтэй энгийн яриа өрнүүлбэл ихэд сонирхолтой ажээ.  Гэхдээ ярьж явсаар нэг л мэдэхэд бөөрний өвчлөлийн тухай ярианд орчихоод байв. Тэрээр ар­гагүй л бөөрний эмч, бөөрний Б.Бямбадаш ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин