-Эрүүл мэндийн даатгалд хамрагдахын ач холбогдол-

  ЯМАШИТА МАМО /Төслийн ахлах зөвлөх/РУ
Өмнөх нийтлэлдээ өвчтөнд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний талаар танилцуулсан бол энэ удаа эрүүл мэндийн даатгалын хамрагдалт ямар түүхэн замналаар өргөжин тэлж нийт ард иргэдэд хүрсэн талаар өгүүлье.
Анх эрүүл мэндийн даатгалд зөвхөн аж ахуйн нэгжүүдэд ажилладаг албан хаагчид хамрагдаж байлаа. Компани өндөр ур чадвартай хүнийг ажилд авах сонирхолтойгоос гадна ажилд авсан хүнээ улам чадваржуулж, тогтвор суурьшилтай ажиллуулахыг илүүд үзэх тул томоохон аж ахуйн нэгжүүд анх Германы даатгалын тогтолцооноос жишээ авч ажилчидаа эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг эхлүүлжээ. Ингэхдээ ажилтан өвдсөн бол эмчилгээний зардлыг компани хариуцах, мөн эмнэлэгт хэвтэж, ажиллах боломжгүй болсон бол цалингийн тодорхой хувийг олгох гэх мэт үйл ажиллагааг явуулсаны үр дүнд томоохон компани бүр хувьдаа эрүүл мэндийн даатгалыг бий болгосон юм. Гэвч ажилчдын тоо цөөтэй жижиг дунд аж ахуйн нэгжүүд энэ ажлыг хийх боломжгүй учир Япон улсын засгийн газар “Улсын эрүүл мэндийн даатгал”-ыг хэрэгжүүлэх болж, үүнд жижиг дунд аж ахуй нэгжийн ажилчид, тэдгээрийн гэр бүлийг албан журмаар даатгалд хамруулж, ажил олгогч шимтгэлийн тал хувийг төлж байхаар хуульчилжээ. Эдгээр хүмүүс даатгалд хамрагдах боломж бүрдсэн ч ард нь хувиараа хөлдөлмөр эрхлэгч, тариаланч, ажилгүй иргэд, оюутан, гадаад иргэдүүд гээд даатгалд хамрагдах боломжгүй хүмүүс олон байлаа. Тиймээс 1961 он буюу одоогоос 65 жилийн өмнө Япон улс оршин сууж буй бүх иргэдээ албан журмаар нийгмийн даатгалд хамруулж, “Бүх иргэдийн нийгмийн даатгалын тогтолцоо”-г бий болгожээ. Гэвч үүнтэй зэрэгцэн гарч ирсэн нэг асуудал нь шимтгэлээ төлөх боломжгүй иргэд ч албан журмаар даатгуулах болсноор шимтгэлийн орлогод муугаар нөлөөлөх болов. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ даатгалын байгууллага буюу тухайн иргэний оршин суух аймаг, дүүрэг нь орлого багатай иргэдийнхээ шимтгэлийн хэмжээг бууруулж, орлого багатай өрхүүд олноор оршин суудаг газруудад улсаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх болжээ. Бас нэг асуудал нь тэтгэвэртээ гар­сан компанийн ажил­тан улсын эрүүл мэндийн даатгалд үргэлж­лүүлэн хамрагддаг тул эмчилгээний зардал гэх мэт зардал их байлаа. Энэ асуудлыг маш удаан хугацааг зарж зохи­цуулалт хийсээр иржээ. Хүн нас нэмэх тусам өвчин эмгэг тусах нь ихсэж, тэр хэрээр эмчилгээнд их мөнгө зарцуулдаг учир өндөр настнууд олноор хамрагдсан улсын эрүүл мэндийн даатгал жил бүр алдагдалтай байв. Харин томоохон компани тус бүрийн эрүүл мэндийн даатгалд залуучууд олноор хамрагдаж тэр хэрээр шимтгэлийн орлого бүрддэгээс гадна, тэтгэвэрт гарвал улсын даатгал руу шилждэг тул эмчилгээний зардал харьцангуй бага, орлого нь зарлагаа давж байсан юм. Даатгалын байгууллагуудын энэ мэт зөрүүг арилгах үүднээс авч хэрэгжүүлсэн зүйл нь байгууллага хоорондын “санхүүгийн зохицуулалт”, мөн 75-с дээш насны иргэдийг өндөр настны эрүүл мэндийн даатгал гэсэн тусгай даатгалд хамруулсан явдал байлаа. Энэ бие даасан даатгалын хувьд эмчилгээний зардлын 10 хувийг өвчтөн, 50 хувийг улс, үлдсэн 40 хувийг улсын эрүүл мэндийн даатгалын байгууллага, аж ахуй нэгжийн даатгалын байгууллагаас төлж байх системийг бий болгосон байдаг. Эх сурвалж: “Зууны мэдээ сонин”