Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн урилгаар “Эмч радио” шууд нэвтрүүлэгт ярилцлага өгч, сонсогчдын сонирхсон асуултад хариулав. Сайд ярилцлагын эхэнд радио сонсогч нийт Монголын ард түмэнд мэнд дэвшүүлээд, эрүүл мэндийн асуудлаар санал бодлоо солилцох болсондоо талархаж байгаагаа илэрхийллээ.
Эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх талаар ЭМЯ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх хөтлөгчийн асуултад сайд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн шинэчлэлийн талаар -Монгол хүн эх орондоо чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл бололцоог бүрдүүлэх, -эм болон хүнсний аюулгүй байдлыг хангах, -эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалган нэг худалдан авагчийн зарчимд шилжүүлэх, -хүн амын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, -бага дунд орлоготой иргэдийн эрүүл мэндийн эрхийг хамгаална гэсэн 5 үндсэн зорилтоор тодорхой тусган ажиллах болсноо нийт радио сонсогчдод хүргэлээ. Өөрөөр хэлбэл эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, эмнэлгийн үйл ажиллагаа үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжаар тодорхойлно гэсэн үг юм.
Эрүүл мэндийн салбарыг хамгийн ээлтэй, элчтэй салбар болгон өөрчлөхийн тулд аймаг, нийслэлийн бүх эрүүл мэндийн байгууллагуудын дүр төрхийг өөрчлөх, ур чадварыг нь сайжруулах нээлттэй төсөл хөтөлбөрийг зарлаж, бусад орны чадварлаг баг хамт олныг шалгаруулах ажлаа эхлүүлээр төлөвлөөд байгаа, эрүүл мэндийн салбарыг ард түмэнд итгэлтэй, нэр хүндтэй, хэнийг ч гомдоохгүй, инээмсэглэн угтсан, эрч хүч өгсөн, зовлонг нимгэлсэн газар болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм.
Мөн ярилцлагын үеэр шууд утсаар асуусан иргэдийн асуултад сайд хариуллаа. Эхний холбогдогч болох 80 настай буурай улсын хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлээд бие нь сайжирсан гэдгээ хэлээд эмнэлэгт хэвтэх үед хийлгэсэн үнэтэй тарианы төлбөрийг төсвөөс гаргах боломж бий эсэх талаар асуув. Үүнд сайд эрүүл мэндийн даатгалаа төлсөн тохиолдолд хэвтэн эмчлүүлсэн эмнэлэгтээ өргөдөл бичээд авах боломтой гэдгийг хэллээ.
Түүнчлэн элэгний хорт хавдраа эмчлүүлж бие нь сайжирч буй иргэд холбогдож хорт хавдартай бусад хүмүүст сэтгэлийн дэм өгөхөөр хамтран клуб байгуулж, уулзаж байхыг хүссэнд сайд хаана эмнэлгийн тусламж үйлчилгээ муу, хаана эрүүл мэндийн үйлчилгээний чанар доголдож байгааг сайд, дарга нараас илүү иргэд харж чаддаг учир эрүүл мэндийн сайдын дэргэд иргэдийн төлөөллөөс бүрдсэн “Иргэний хяналтын зөвлөл” гэж байгуулахаар болсон тухай хэлж энэхүү холбогдсон иргэдийг тус зөвлөлийн гишүүн болохыг урив.
Тэрбээр 10 000 хүнд ноогдох эмнэлгийн ор, эмчийн тоогоор Монгол улс дэлхийд дээгүүрт ордог ч эмчлүүлэгчид сэтгэл дундуур байгаа нь манай эмнэлгүүдийн үйлчилгээний доголдолтой холбоотой, гэхдээ үүнийг засаж болно гэдгийг сайд хэллээ. Мөн эрүүл мэндийн салбарын дунд улс төрийн хүсэл зориг, манлайлагч байх ёстой, эмнэлэг үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, хамгийн гол нь боловсон хүчний бодлого алдагдсан байна гэв.
Гадаад оронд явж эмчлүүлэх иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа талаар асуухад тэрбээр үүнийг даяаршилтай холбоотой, мэдээллийн эрин зуунд илүү чанартай, илүү дэвшилтэт технологтой гадаадын эмнэлгүүдийн тухай мэдээллийг янз бүрийн сурталчилгаагаар авснаар гадагшаа эмчлүүлэгчдийн тоо олширч байгаа хэдий ч иргэн хүн эх орондоо эмчлэгдэх боломжийг бүрдүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үндсэн зорилтод тусгасан байгааг сайд дахин хэлсэн юм.