Н.МӨНХЖИН

ДОХ-ын халдвар авсан 18 сая гаруй хүн дэлхий даяар энэ өвчний эсрэг эмчилгээнд хамрагдаж байна хэмээн НҮБ-ын дэргэдэх ДОХ-ын эсрэг нэгдсэн хөтөлбөрөөс мэ­дэгд­лээ. Энэ оны эх­ний зургаан сарын байд­лаар эмчилгээнд хамраг­даж буй ДОХ-ын халдвартай хүмүүсийн тоо нэг саяар нэмэгджээ. Таван жилийн өмнө энэ үзүүлэлт хоёр дахин бага байсан юм. Зургадугаар сард гаргасан мэдээллээр, XX зууны аймшигт тахлын эсрэг эмчилгээг 910 мянган хүүхэд авч байв. Хүүхдүүдийн дун­дах халдвар багасч байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Эхээсээ дамжуулан халдвар авч буй хүүх­дийн тоо 2010 оноос хойш 51 хувиар багасчээ.

НҮБ-аас анхааруулж буйгаар, ДОХ-ын халдвар авах хамгийн их магад­лалтай хүмүүс нь 15-24 насны охид ажээ. Ийм насныхан эмнэлэгт хандаж, шинжилгээ өгөхдөө хойрго, мөн эмчийн заавар, жорыг дагаж мөрдөхгүй нь их байдаг тул халдвар авах өндөр эрсдэлтэй. 2015 онд долоо хоног тутамд 7500 орчим охин ДОХ-ын халдвар авч байжээ. Өнөөдөр дэлхий даяар 36.7 сая хүн ДОХ-оор шаналж байна. Эмчилгээнд хам­рагдсанаар өвчтөнүүдийн амьдрал уртасч байгааг НҮБ онцоллоо. 2015 онд 50-аас дээш настай 5.8 сая өвчтөн эмчилгээнд хамрагдсаны ачаар эрүүл саруул амьдарсаар байгаа нь түүхэн дээд амжилт юм. 2020 гэхэд энэ тоо 8.5 саяд хүрнэ хэмээн тооцоолж байна. Гэвч эдгээр өвчтөн ДОХ-ын халдваргүй хүмүүсийг бодвол архаг, хууч өвчин тусах магадлал ихтэй байдаг аж. ДОХ-ын халдвартай хүмүүс сүрьеэ, элэгний С вирусээр өвчлөх нь их. 2015 онд ДОХ-ын эмчилгээний улмаас хавсарч туссан өвчний улмаас 1.1 сая хүн хорвоог орхижээ. Тэдний 440 мянга нь сүрьеэгээр нас баржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин