Д.ЧАНЦАЛДУЛАМ

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Баяржаргалтай ярилцлаа. -Өмнөговь аймаг хамгийн их шилжилт хөдөлгөөнтэй аймгийн тоонд ордог. Хүн амын хувьд? -Сүүлийн жилүүдэд манай аймагт ирэх шилжилт хөдөлгөөн ихэссэн. Одоогийн байдлаар хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 90 мянга болсон гэсэн судалгаа бий. Өнгөрсөн онд Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарт орон нутгийн зөвхөн өөрийн хөрөнгө оруулалт зургаан тэрбумд хүрсэн ийм жил байлаа. Бид бүсийн оношилгооны төвийнхөө оношилгоо болон эмчилгээнд шинэ технологи, багаж хэрэгсэл нэвтрүүлсэн.
" Шинэ технологи нэвтрүүлээд зогсохгүй түүнийгээ дагуулаад эмч, мэргэжилтнээ сургах асуудлууд байсан."
Бид 10 гаруй мэргэжилтнээ орон нутгийн төсвөөр мэргэжил дээшлүүлсэн. Мөн гадаад руу аймгийн Засаг даргын Тамгын газар гэрээ байгуулсны дагуу эмч, мэргэжилтнүүдээ сургасан.
Өнгөрсөн онд Ханбогд, Цогтцэций суманд 50 ортой шинэ эмнэлгийг улсын төсвөөр бариулж одоо хүлээж авах гэж байна. Аймгийн төвд бүсийн оношлогоо, эмчилгээний харьяанд 50 ортой амаржих газрыг мөн улсын төсвөөр бариулж ашиглалтад оруулсан. -Монгол Улсын гурван сая дахь иргэн танай аймгаас төрсөн. Өнгөрсөн жил эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах жил байлаа. Энэ тал дээр танай байгууллага яаж ажиллав? -Манай аймгийн хувьд судалгаа хийж үзэхэд аймгийн хэмжээнд дутуу төрөлт их байсан. Тиймээс энэ чиглэлээр эмч, мэргэжилтнээ сургах хэрэгтэй байна. Мөн ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний сантай хамтарч сургалт семинаруудыг зохион байгуулсан. Орон нутгаасаа нярайн төвд яаралтай түргэн тусламжийн багаж хэрэгслээр хангаж, түүн дээр ажиллах мэргэжилтнээ Эх, хүүхдийн үндэсний төв болон орон нутагтаа сургасан. Гурван сая дахь иргэн Өмнөговь аймгаас төрсөнд бид их олзуурхаж хүлээж авсан. Аймгийн төв болон Номгон, Баяндалай, Гурвантэс, Булган сумаас таван үе чацуутангууд мэндэлсэн. -2015 оны хийх ажлын төлөвлөгөө, орон нутгийн хөрөнгө оруулалт ямар байна вэ? -Эрүүл иргэнтэй байна. Өмнөговьдоо үзүүлж оношлуулах боломжийг бүрдүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна. Сумын Засаг дарга нар маань суманд хийж байгаа ажлуудыг сайн дэмжин ажиллаж байна. Үүнээс гадна сум орон нутагтаа малчин хөтөлбөрийг явуулж малчдын эрүүл мэндийг анхаарч явуулын үзлэг үйлчилгээг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. -Өнгөрсөн онд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн дотрын тасагт хөнгөвчлөх эмчилгээний өрөөтэй болсон гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу? -Тэргүүн хатагтайн удирддаг “Итгэл” хавдаргүй Монгол үндэсний сангийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн дотрын тасагт хөнгөвчлөх эмчилгээний дөрвөн ортой хоёр өрөөг иж бүрэн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр тохижуулж, ашиглалтад оруулсан. Тоног төхөөрөмжийн хувьд БНСУ-д үйлдвэрлэсэн, тус бүрдээ 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслээр хангагдаж байна. Тус өрөөнд өвчтөний эмчилгээнд шаардлагатай ор, дуслын тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн аппарат зэрэг шаардлагатай бүх эмнэлгийн хэрэгслийг байршуулсан байгаа.