Э.ОРХОН 

Cүүлийн жилүүдэд уламжлалт эмчилгээ эрчимтэй сэргэж байгаа. Тиймээс энэ удаад “Сумади” уламжлалт эмнэлгийн их эмч Р.Цолмонг дугаарын зочноор урилаа.

-Эмнэлгийнхээ талаар товч танилцуу­лна уу. Ямар эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Манай “Сумади” эмнэлэг уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 1995 онд С.Раднаабазар эмчийн санаачлагаар үүсэн байгуулагдсан цагаасаа уламжлалт бариа засал, судас оношлогоо, эмчилгээ, хануур эмчилгээг голчлон хийж ирсэн. Одоо ч гэсэн эдгээр эмчилгээг голчлон хийдэг. Гэхдээ уламжлалт анагаах ухааны бүх эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Манай эмнэлэгт тэргүүлэх зэрэгтэй нэг, уламжлалт эмчилгээний ахлах зэрэгтэй эмч хоёр, бакалавр зэрэгтэй хоёр эмч ажиллаж байна. Саяхнаас жирэмсэн эхчүүдэд зориулсан суудлын бариа засал эмчилгээний аргыг нэвтрүүлээд байна. 

-Хүмүүс уламжлалт эмчилгээг зүү төөнө, бариа заслаар төсөөлдөг. Харин танай эмнэлэг ямар төрлийн эмчилгээ, оношлогоог хийдэг вэ?

-Манай улсад уламжлалт анагаах ухаан олон жил тасарсан ч 1991 оноос сэргэсэн. Хүмүүс уламжлалт анагаах ухааныг бариа, бумба, массаж хийх, тан өгч, эмч нь судас барьдаг гэсэн ойлголттой байсан. Гэтэл уламжлалт анагаах ухаан гэдэг өөрийн гэсэн онолтой, оношлох, эмчлэх зарчимтай. Хүмүүс зөвхөн бариа заслаар ойлгоод байдаг нь өрөөсгөл. Магадгүй олон нийтэд хамгийн их түгсэн нь байх.

Уламжлалт анагаах ухаанд таван засал, таван үйл, анагаах ухааны оношлогооны аргууд, эм тангийн эмчилгээнүүд, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, эрэгтэйчүүд, дотор өвчинд тохируулсан эмчилгээ үйлчилгээ байдаг. Тиймээс эдгээр эмчилгээг хүмүүст илүү ойлгуулах, ойлгомжтой болгох шаардлагатай байна. Хүмүүсийн мэддэг эмчилгээний аргууд нь уламжлалт анагаах ухааны нэг хэсэг нь. Тиймээс уламжлалт анагаах ухаан ямар том ухаан бэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Манай эмнэлэг зөвхөн хүнээ үзээд тан өгч бариулаад гаргахаас илүү таны өвчин ийм үе шатандаа явж байна. Таны амьдарлын хэв маяг, хоол хүнс ийм байна гэдгийг сайн тайлбарлаж ойлгуулна. Үүний үндсэн дээр тан уухаас гадна хануур хийлгэх, ходоодоо цэвэрлүүлэх зэрэг зөвлөгөөг давхар өгдөг.

-Танайхаар үйлчлүүлж байгаа иргэд ямар эмчилгээ, үйлчилгээг авах гэж зорьж ирж байна вэ?

-Хамгийн түрүүнд бариа засал хийлгэмээр байна, бумба тавиулмаар байна гэдэг. Гэхдээ бид энэ хүмүүст хандаж “Бид таныг үзнэ, оношлоно. Юунаас болж өвдсөн, яагаад хөөрөөд байгаа ч оношлосны дараа бариа засалтай давхар ямар эмчилгээ хийх ёстой гэдгийг тайлбарлаж өгнө” гэж хэлдэг. Манай эмнэлгийн эмч нар С.Раднаабазар эмчийн заасан дамжлагаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс манай эмнэлгээр үйлчлүүлдэг хүмүүс нэг хоёр удаагийн барианы дараа бусад газраас өөр эмчилгээ хийдэг гэдгийг мэдрүүлж чаддаг. Ингээд эмчилгээтэйгээ хамт тан эмчилгээг хавсруулж хийлгэе гэдэг хүсэлтэй болсон.

-Амьдралын хэвшлээс хамааралтай суудлын өвчлөл их байна гэдэг. Бас бөөрний өвчлөл их байгаа гэж эмч нар ярьдаг. Гэхдээ бид нуруу өвдөөд байна уу, бөөр өвдөөд байна уу гэдгээ ялгадаггүй. Энэ хоёрын өвдөлтийг яаж ялгах ёстой вэ. Танайх энэ өвчнийг хэрхэн эмчилдэг вэ?

-Нуруу, бөөрийг уламжлалт эмчилгээнд салгаж үздэггүй. Нурууны эзэн нь бөөр гэж үздэг. Бөөр өвдвөл нуруу өвдөнө, нуруу өвдвөл бөөр өвдөнө. Гэхдээ бөөрнөөс болж нуруу өвдөөд байна уу, нуруунаасаа болоод бөөр өвдөөд байна уу гэдгийг судас барьж оношлодог. Үүнээс гадна нурууг нь шалгана. Нурууг нь шалгахад булчингийн чангарал, ясны өөрчлөлт, уян хатан байдал нь алдагдаж уу, суулт өгч үү гэдэг нь мэдэгддэг. Ингээд үнэхээр өөрчлөлттэй байвал тухайн хүндээ баталгаажуулж өгөхийн тулд таны нурууны тэр үед өөрчлөлттэй байна. Тиймээс зургийг нь авахуулаад ир гэдэг. Хүмүүс ганц судас бариад бөөр өвдсөнийг мэдэх боломжгүй гэж боддог. Тиймээс бид судас ба­риад үнэхээр бөөрөнд нь өөрч­лөлт гарсан бол шээсний шинжилгээ өгөөд ир гэж ев­роп эмчилгээтэй хавсруулдаг. Хүмүүс нэг зүйлд итгэхгүй дахин бататгахыг хүсдэг. Харин бид­ний тавьсан онош зөв байгаа эсэхийг орчин үеийн оношлогоогоор ба­тат­гуулдаг. Хүмүүс уламжлалтын эмчийг ид шидтэн шиг боддог. Судас бариад рентген зураг харж байгаа юм шиг хүний биеийг хардаг гэж ойлгодог. Оношлоод тан өгөөд, бариа хийгээд эдгээчихнэ гэж бодохоос биш өөрийнхөө өвчнийг мэдэрдэггүй. Тиймээс таны өвчин ийм үе шаттай явж одоо ийм байна гэдгийг нь ойлгуулах нь чухал.

-Уламжлалт эмчилгээ европ эмчилгээнээс ялгарах давуу тал нь юу байдаг вэ?

-Уламжлалт анагаах ухаанд оношлогооны гурван арга бий. Асуух, судас барих, нүдээр харах гэсэн оношлогооны аргыг хэрэглэж оношлодог. Үүнээс гадна хүмүүст баталгаажуулахын тулд европ оношлогооны аргуудыг давхар хэрэглэдэг. Ер нь уламжлалт анагаах ухаан хий, шар, бадгана гэсэн гурван өвчний ойлголт байдаг. Эдгээр нь бүтцийн өөрчлөлттэй үед европ оношлогоогоор илэрдэг. Тухайлбал, хий өвчин ямар  ч оношлогоогоор илрэхгүй. Ямар ч компьютер, томографт хараад цусны шинжилгээ оношлож чадахгүй. Зүрх, гэдэс, сав, ясны хий өвчин нь европ оношлогоогоор илэрдэггүй. Өвчний шинж тэмдэг илрээд байдаг. Үзүүлэхээр хариу нь зүгээр гардаг. Харин уламжлалт анагаах ухаанд судсыг нь барьж, хэл, шээсийг нь харж, биед нь хүрч оношлох боломжтой. Энэ бол уламжлалтын давуу тал. Хүний гэдэс дүүрээд зангираад байдаг ч дурандуулахаар зүгээр байдаг. гэтэл энэ нь бүдүүн гэдэс хийгээр зангирсан өвчин байдаг.

-Хий өвчин яагаад бий болдог юм бэ. Хий өвчин тус­сан тохиолдолд хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?  

-Уламжлалтад хүнийг хөгшин, залуу, балчир гэж ангилдаг. Хүн нас ахих тусам хүний ясан дахь шим нь барагдаж хий үүсдэг. Харин залуу хүмүүст биеийн хүчний ажил хийх, оюуны ачаалал авах, ядрах, нойргүйдэх, их ярих, дэмий зүйлд санаа зовох, эмэгтэйчүүдийн өвчин, даарах, үр хөндөлт, цус алдах, хүнд мэс заслын дараа хий өвчин үүсдэг. Сүүлийн үед эмэгтэйчүүд хоолны буруу дэглэм барьснаас үүдэлтэй хийрхэх тохиолдол ихэсч байгаа. Балчир насны хүүхэд хүртэл хий өвчин тусч байна. Хийрхсэн тохиолдолд хамгийн түрүүнд нойргүйддэг. Эвшээнэ, амарч чадахгүй болно, арьс хуурайшина, царай харлаж, үс, хумс хугарамтгай болж сэтгэл санаа тогтворгүй болох, өтгөн хатах, бүх бие янгинаж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хий өвчин хүндрэхээрээ сэтгэцэд нөлөөлдөг. Хий юм харах, сэтгэл хэт түгших, дэмий зүйлд санаа зовох, уур уцаар ихтэй болох, мартаж санах нь ихэсдэг. Хий өвчин хүний биед байгаа шингэнийг хатаадаг. Ингээд судасны хатуурал, нарийсал зэрэг өвчний шалтгаан болох жишээтэй. Хий өвчинг ямар ч насны хүн тусч болно. Тиймээс амралт, хоолоо зохицуулах хэрэгтэй.  

-Дээрх шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс уламжлалт эмчилгээний эмнэлэгт хандвал оношлогдох магадлал өндөр гэж ойлгож болох уу?

-Уламжлалт эмнэлэгт түрүүлж хандсанаар оношоо бүрэн тодорхойлж, эмчилгээ бүрэн авах боломжтой. Хүмүүс зүрх өвдлөө гээд зүрхний эмч рүү гүйж очоод л, гэдэс нь дүүрэнгүүт бүдүүн гэдсээ дурандуулж цусны шинжилгээ өгдөг. Гэтэл бүх шинжилгээ нь зүгээр гарахаар айж эхэлдэг. Би юу тусчихваа. Хавдар нь юм биш байгаа гэх айдастай болдог. Гэтэл энэ айдас нь хий өвчнөө сэдрээх нөхцөл нь болдог. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрч байгаа бол тайвнаар уламжлалтад хандах уу, европ эмнэлэгт хандах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Миний хувьд аль алинд нь очих хэрэгтэй гэж зөвлөнө. Европ эмчилгээгээр онош нь гарахгүй байгаа бол уламжлалтад хандах хэрэгтэй. Тэртээ тэргүй өнөө цагт европ, уламжлалт эмчилгээ хосолж хөгжиж байгаа. Хамгийн гол айж сандрахгүй ямар өвчний үед уламжлалтаа хэрэглэх үү, ямар өвчний үед европоо хэрэглэх үү гэдгээ ойлгох хэрэгтэй. Хурц өвдөлт, үрэвсэлтэй үед бариа, тангаар эмчилнэ гэж хэлж чадахгүй. Тиймээс иргэд маань энэ хоёрыг ялгаж салгаж ойлгодог болох хэрэгтэй. Тан европ эмчилгээ тохирдоггүй гэж хүмүүс ярьдаг. Энэ буруу. Ямар үед тохирох, ямар үед тохирохгүй ч эмч үзэж байж шийднэ.

-Танай эмнэлэгтэй яаж холбогдох вэ?

-Манай “Сумади” эм­нэлэг Сүхбаатар дүүрэгт байрлах “Хатагтай” эмнэл­гийн гуравдугаар давхарт байрлаж байна. Хэрэв бидэнтэй холбогдохыг хүсвэл 99149133, 91313199, 99277638 утсаар зөвлөгөө авч шаардлагатай бол ирж үзүүлж болно.