Б.ЭНХТУУЛ

 

Томчууд “Амьдрал сайхан байна. Эх орон хөгжиж байна” гэж ярьдаг.  Магадгүй,  боломжийн амьдралтай хүмүүст тэгж санагддаг ч байж болох. Харин борчууд бол арай өөр зүйлийг хэлж, ярьж байна.  Тэд өдөр ирэх тусам  амьдрал ахуй уруудаж, доройтож байна. Бараа бүтээгдэхүүн, хоол хүнсний үнэ өдрөөс өдөрт өсч байна. Өвдөж зовсон хүмүүс  дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр, хаана хэнд хандаж, амь гуйхаа мэдэхгүй байна  гэж байх юм.  Яагаад ингэж ярих болов гэвэл,  улсын эмнэлгийн оочер дугаар нь дууссан, ор байхгүй гэдэг үгийг олон хүн залхталаа сонсчээ. Хүн цөөтэй, хурдан шуурхай юм гээд хувийн эмнэлэг рүү гүйдэг гэнэ. Гэтэл өмнөөс нь  алган дээр нь байхгүй, амьтан хүнээс ч гуйгаад олдохооргүй их мөнгө нэхдэг гэж байна.

Хөгшин залуу алинд нь ч өнөөх эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, эмчилгээ үйлчилгээний хөнгөлөлт гэж  олддоггүй гэдгийг эмнэлгийн хаалга татсан хүн бүр хэлж байна.

  Энгийн нэг жишээг дурьдая даа.  Ээж, аав хоёр маань тэтгэврийн насны хүмүүс байдаг. Үе үе бие нь тавгүйрхлээ гээд эмнэлэгт хэвтдэг. Зүрх судас, бөөрний өвчин л гэдэг. Хөдөө сумын эмнэлэгт ор хоног царайчлан байж хаа нэг хэвтэнэ. Ихэндээ л эм тариагаа өөрсдөө авлаа гэдэг юм. Аль эсвэл бидэн рүү захидаг. Хэдэн өдөр дэргэдээ харж явахын тулд  хэрэгтэй гэсэн эм тариаг нь аав, ээждээ авч өгчихөөд,  бие нь хурдан тэнхрээсэй гэж хүлээхээс өөр арга байдаггүй.  Угтаа бол аав, ээж хоёр минь улсад олон жил ажилласан,  хоёулаа 30 гаруй жил ажил хөдөлмөр эрхэлсэн, саяхан тэтгэвэртээ гарсан хүмүүс.  Өөрөөр  хэлбэл, энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ тогтмол төлж ирсэн, тэр тусмаа  эрүүл мэндийн даатгалд цалингийнхаа дөрвөн хувийн шимтгэлд төлдөг байсан гэсэн үг.  Харин одоо хэдэн сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалд тушаасан  бэ гэдгээ тооцоолж бараг мэддэггүй. Эргээд хэдэн төгрөгийг нь өөртөө, эрүүл мэнддээ зарцуулсан бэ гэдгээ бүр ч  мэдэхгүй сууна. Мэдээж, улсад тушаасан мөнгө нь хэтэрхий их, өөртөө зарцуулсан нь хэтэрхий бага санагдаж байгаа байх.  Бидэнтэй өдөр бүр ийм жишээ таардаг. Захын хүнээс эрүүл мэндийн даатгалын тогтолцооны тухай асуухад “Ийм үйлчилгээг их ховорхон авч байсан” , зарим нь бүр “Огт мэдэхгүй” гэсэн хариултыг хэлнэ.

Олон хүн  иргэдийн эрүүл мэндийн баталгаа болсон даатгалын мөнгө чухам хаана юунд зарцуулагдаж байна вэ гэдгийг мэддэггүй.  Уг нь бол  иргэдийн төлж байгаа даатгалын мөнгө улсын даатгалын санд төвлөрч эргээд бидэнд тус дэмээ өгөх учиртай. Гэтэл даатгалын мөнгөө  тогтмол төлдөг ч  ажил ихтэй, зав муутай явдагаас болоод эмнэлгийн үйлчилгээ авдаггүй хүмүүс багагүй байдаг.  Угтаа бол иргэн бүр даатгалд хэдэн төгрөг төлдгөөс үл шалтгаалан жилдээ 1,2 сая төгрөгийн эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй байдаг.  Үүнд, ажилчин, оюутан, малчин, тэтгэвэрийн насныхан  гээд бүгд ижил хувь хүртэнэ. Харин төлдөг мөнгө нь тэнгэр газар шиг ялгаатай байдаг.  Өнгөрсөн  онд л гэхэд эрүүл мэндийн даатгалын санд 112 тэрбум төгрөгийн орлого орсноос 94 тэрбумыг нь буцаан зарцуулсан гэх мэдээлэл байдаг. Үүний дийлэнх хувийг ажил олгогч болон хөдөлмөр эрхлэгчдийн мөнгө эзэлж байна. Үлдсэнийг нь төрөөс болон хувиараа сайн дурын үндсэн дээрээс төлдөг хүмүүс эзэлнэ. Тэгэхээр шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгийг нь хэн нэгний эмчилгээний зардалд өгчихдөг тогтолцоог халах шаардага гарч байгаа юм.

 

ГЕРМАНД ЭРҮҮЛ ХҮН ДААТГАЛЫН МӨНГӨӨ БУЦААЖ АВДАГ ТОГТОЛЦОО ҮЙЛЧИЛДЭГ ГЭНЭ

 

Эрүүл мэндийн даатгалын энэ утгагүй тогтолцоог бид хэдэн жил л шүүмжилж ирсэн. Эрх мэдэл бүхий хүмүүс нь  энэ асуудалд анхаарлаа хандуулдаг ч дорвитой өөрчлөлт хийгээд, иргэдэд ээлтэй бодлого явуулсан нь  тун ховор.  Гэтэл саяхан эрүүл мэндийн  салбарын 140 гаруй төлөөлөл энэ тухай бас дахиад  ярьж, зөвлөлдөв. Уг зөвлөгөөнөөр олон сайхан санал, санаачлага гарч ирсэн. Гэхдээ тэдгээрээс Эрүүл мэндийн даатгалыг бие даалгах, тусламж үйлчилгээний чанарыг даатгалын системтэй холбох гэсэн бодлого нь  иргэдэд, даатгалын талаар тааруухан бодолтой явдаг олон хүнд эерэг сэтгэгдлийг төрүүлэв.

Энэ ажлыг  ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг онцлон тэмдэглэхийн ялдамд  иргэн хүний хувьд бас нэгэн санал хэлье гэж бодов.  Германд эрүүл мэндийн даатгалаа төлчихөөд эмнэлгээс ямар нэгэн үйлчилгээ аваагүй бол даатгалд төлсөн мөнгөө тухайн иргэн буцаагаад авдаг тогтолцоо үйлчилдэг гэсэн. Гэтэл Монголд эрүүл мэндийн даатгалын мөнгө юунд зарцуулагдаж байгаа нь учир битүүлэг хэвээр байгаа нь  олон хүнийг бухимдуулж байна.

Даатгалынхаа тогтолцоог бие даалгах, тусламж үйлчилгээний чанарыг даатгалын системтэй холбож чадвал төлснийхөө хэрээр үйлчилгээ авдаг ардчилсан орны иргэн баймаар байна.