Д.ОЮУНЧИМЭГ

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхантай ярилцлаа.

-Зам засварын ажлыг эрчимжүүлсэн байна. Одоогоор энэ ажил ямар төвшинд явж байна вэ?

-Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114 км замыг барих асуудал 2014 онд Засгийн газрын тогтоолоор хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэсэн. Үүнийг барих хөрөнгийг Хятадын хөнгөлөлттэй зээлээс санхүүжүүлэхээр болсон. Энэ онд болсон АСЕМ-ийн хуралдааны үеэр гэрээгээ байгуулан өнгөрсөн наймдугаар сарын 5-наас зам барих ажил эхэлсэн. Энэ замыг 12-18 сарын дотор хийж дуусах учиртай. Мэдээж үүнд байгаль, цаг уурын нөхцөл нөлөөлнө. Мөн дээрх замтай залгаа Загастайн давааг дамнасан 64 км зам бий. Үүнийг барихад хүндрэл бий гэж мэргэжилтнүүд хэлсэн. Уг замыг барих хөрөнгийн асуудлыг энэ оны наймдугаар сарын 31-ний Засгийн газрын тогтоолоор шийдэгдсэн.

Ингэхдээ Хятадын хөнгөлөлттэй зээлээс хэмнэгдсэн 24.8 сая ам.долларын хөрөнгөөр барих шийдвэр гаргасан юм. Тиймээс Хятадын тал болон Экзим банктай гэрээ байгуулах ажил явна. Ирэх хавраас ажил эхэлнэ. Гэхдээ өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд энэ 64 км замыг зайлшгүй сайжруулах шаардлагатай байсан. Тэгэхээр бид хүчээ дайчлан дээрх замыг сайжруулах 7-10 хоногийн төлөвлөгөө гарган нутгийн иргэд болон салбарын яамны дэмжлэгтэйгээр Загастайн давааны замыг сайжруулж чадлаа. Үүгээрээ илүү зардлыг хэмнэж байна. Нутгийн иргэдийн хувьд ч хэмнэлт болж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн жилд төсвийн байгууллагын халаалтад төлөх нэг тэрбум төгрөгийн өртэй гарсан байгаа. Үүний шалтгаан нь замын нөхцөл байдлаас үүдэлтэй тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор төсвийн өр нэмэгдэж байна гэж болно.

-Зам сайжруулснаар хэмнэгдсэн зардлыг тодорхой баримтаар хэлж өгөөч?

-Нутгийн иргэд Идэр сумаас модоо татдаг. Ингэхдээ өдөрт нэг удаа явж ирдэг байсан. Замаа засч, сайжруулснаар хоёр удаа явах боломжтой болсон нь эдийн засгийн бодит хэмнэлтийг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, чиргүүлтэйЗил-130” машинаар мод татахад 250 литр шатахуун зарцуулдаг байсан бол 100 литрийг нь хэмнэх боломжтой болсон. Энэ нь худалдан авагчдад арай хямд үнээр мод авах боломжийг бүрдүүлнэ. Мөн нэг машин модыг 240 мянган төгрөгөөр борлуулдаг байсан бол 180 мянгаар борлуулж байгаа нь худалдан авагчдад 60 мянган төгрөгийн хэмнэлт болж үлдэнэ. Харин өдөрт нэг удаа явдаг байсан мод тээвэрлэгч хоёр удаа явснаараа 80 мянган төгрөгийн илүү орлого олох бөгөөд борлуулалт нь ч сайжрах юм. Энэ нь төсөвт байгууллагад ч мөн адил хэмнэлт болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс наймдугаар сарын 16-аас төсөвт байгууллагын мод, нүүрсийг татаж эхэлсэн. Түүгээр ч үл барам машины техникийн элэг­дэл зэрэг бусад хэмнэлтийг тооцвол илүү үр дүн харагдах болов уу.

-Танай аймгийн тухайд үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй гэдгийг хүмүүс хэлдэг. Тэгэхээр нэн тэргүүнд хийх шаардлагатай ямар ажил байна вэ?

-Манай аймагХэрэглэдэг аймагбол­сон гэдгийг хүлээн зөв­шөөрнө. Өөрөөр хэлбэл, өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас хэрэглэдэг болчихсон хэрэг. Төсөв болон бусад хэлбэрээр орж ирсэн мөнгө төвлөрсөн зах зээл рүүгээ орох урсгалтай. Тиймээс үйлдвэрлэдэг аймаг болж хувирах учиртай. Үүний тулд нэн тэргүүнд хүнээ хөгжүүлэх ёстой гэж харж байна. Ингэснээр үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Миний мөрийн хөтөлбөрт хүний хөгжлийг дэмжихийн тулдОюунлаг Завхан­чуудхөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийх вэ гэдгийг аймаг даяараа хэлэлцүүлэг зохион байгуулна. Нэгдүгээрт, хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх ёстой. Хоёр­дугаарт, мэдлэг чадварыг нь өсгөх учиртай гэж бодож байна. Үйлд­вэрлэл, бизнесийг авч явах чадвартай оюуны чадамжийг хөгжүүлэхийн төлөө ажиллана. Энэ нь Завхан аймагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх чадамжийг бий болгоно гэсэн үг. Манай аймагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц бололцоо бий. Завхан аймаг хөдөө аж ахуй, мал аж ахуйн орон. Тиймээс энэ төрлийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх, хөгжүүлэх бүрэн боломж байгаа юм. Тухайлбал, мах, арьс шир, ноос ноолуур, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг хөгжүүлж болно. Түүнээс гадна аялал жуулчлалын түшиц аймаг учраас эдгээр нөхцөл байдлыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Үүнийг хийхийн тулд менежмент дутагдалтай байгаа учраас сургалтуудыг идэвхтэй, шат дараатайгаар зохион байгуулах нь зүйтэй. Тийм бололцоо бий. Манай аймагт байгалиараа ургадаг чацаргана байгаа. Үүн дээр тулгуурлан жимс жимсгэний үйлд­вэр­лэл хөгжүүлэх бо­ломж бас бий. Энэ мэтчилэн дурдаад байвал олон боломж бий. Ганцхан мэдлэг чад­вар, технологийн дэвшлийг нутагшуулах шаардлагатай байна.

-Танай аймгийн хувьд татаастай аймгийн нэг. Гэхдээ аймгийн дотоод нөөц бололцоогоо шавхан орлого төвлөрүүлэх ямар бололцоо байна вэ?

-Хэрэв бодоод сэтгээд хийвэл маш олон боломж бий. Тиймээс хүн бүхэнд хүртээлтэй мэдлэг түгээснээр энэ боломжийг ашиглан хөгжиж болно. Хамгийн гол нь мөнгө гэхээс илүүтэйгээр мэдлэг, мэдээллийг түгээх нь зүйтэй. Үйлдвэрлэлийн салбарыг өргөжүүлэхээс гадна тодорхой чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж болох юм. Тухайлбал, хонины ноос их хэмжээгээр гардаг. Тэгэхээр ноосоо түшиглэн эсгийний үйлдвэр байгуулж болно. Цагаан эсгийг монгол уламжлалт аргаар бэлтгэн ширмэл ширдэг хийн иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх санаачлага өрнүүлж болно. Хэрэв үүнийг дорвитой ажил хэрэг болговол эдийн засагт нэлээдгүй хувь нэмэр болноГазар тариалангийн хувьд хөгжих бололцоо бий. Мөн оёдлын үйлдвэрлэл, мал аж ахуйд суурилсан тэжээлийн үйлдвэр хөгжүүлж болно. Ер нь гаднаас хэрэглэж байгаа дотооддоо үйлдвэрлэж болохуйц эд зүйлсийг аймгаасаа худалдаж авах хэрэгтэй. Үүний тулд хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг ойлгох нь зүйтэй болов уу.

-Танай аймаг гадаад харилцааны чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Манай аймгийн тухайд гадаад харилцаа сулхан хөгжсөн. Өмнө нь Солонгостой харилцаж байсан түүх бий, өөр харилцаа байгаагүй гэж болно. Тува улстай хиллэдэг Арц суурийн боомтыг эс тооцвол өөр хилийн боомтгүй. Газар нутгийн хувьд өвөрмөц тогтоцтой. Нийслэлээс 1000 гаруй км-ын зайтай. Баруун хилээсээ 1000 гаруй, Говь-Алтайгаар орж ирэх Хятадын хилийн боомтоос мөн л 600 орчим км-ын зайтай байдаг. Энэ нь гадаад харилцааг хөгжүүлэхэд сул тал болдог юм. Тийм учраас гадаад харилцааны чиглэлээр гуравдагч орнуудтай харилцаа тогтоох шаардлага бий. Аймгийн хувьд гадаад харилцааг идэвхжүүлэхийн тулд Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох учиртай. Үүний тулд салбарын яамтай харилцан ойлголцож, гадны төсөл хөтөлбөрүүдтэй холбоо тогтоох нь зүйтэй гэж бодож байна. Миний хувьд ажлаа авснаасаа хойш БНХАУ-ын элчин сайд манай аймагт зочилсон. Энэ үеэр хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ ярилцсан байгаа. Мөн Японы ЖАЙКА байгууллагынхан ирж уулзсан. Ингэхдээ Японоос жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн хөтөлбөрийг хөгжүүлэх боломж байгааг дуулгасан. Мөн л яриа хэлэлцээрийн төвшинд байна. Түүнчлэн ХБНГУ-ын Элчин сайд манай аймагт зочлоод буцлаа. Элчин сайдтай хийсэн уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Энэ мэтчилэн гадаад харилцаагаа өргөжүүлэх, сайжруулах талд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Үүгээрээ гадны хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэлийг хөгжүүлэх, баялаг бүтээхийг зорьж байна.

-Аймгийнхаа дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр ямар ажил хийх вэ?

-Манай аймгийн хувьд газар нутгийн байршил, бүтцээсээ хамааран инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудал тулгамдаж байгаа нь үнэн. Тухайлбал, уул хад элбэгтэй, аймгийн төвийн дундуур хоёр гол урсаж байгаа юм шүү дээ. Одоогоор аймгийн төвд 36 уурын зуух ажиллаж байна. Тиймээс энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй юм. Үүнийг хийхийн тулд нэн тэргүүнд инженерийн шугам сүлжээг шинэчлэн, нэгдсэн шугамд холбох. Мөн дулааны станц байгуулах нь зайлшгүй шаардлагатай ажлын нэг. Тийм учраас аймгийн Засаг даргын хувьд Засгийн газарт дулааны станц байгуулж өгөөч гэдэг саналыг тавьсан байгаа. Ирэх дөрвөн жилд баруун дөрвөн аймагт дулааны станц бари­хаар төлөвлөсөн бай­гаагийн нэг нь манай аймаг. Тэгэхээр дулааны станцыг барьж ашиглалтад оруулснаар хэрэг­лээний халуун устай болохын зэрэгцээ олон уурын зуухыг халах бо­ломж бүрдэх юм. Мэдээж нэгдсэн халуун усны сис­темтэй болсноор өрхийн өртөг, зардал ч буурна.

-Аймгийн хөгжлийг хэрхэн тодорхойлох вэ?

-Аймаг орон нутгийг хөгжүүлнэ гэдэг ганц хүнээс хамаарах зүйл биш. Үүнд хүн бүрийн оролцоо чухал. Тийм учраас “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа хэлсэн. Ингэснээр завханчууд бүгд хөгжлийг нэгэн зүгт харснаараа үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих боломж бүрдэх юм. Энэ нь эргээд айл өрх бүр, хувь хүнд, эдийн засагт үр өгөөжийг бий болгоно. Аливаа зүйлийг болохгүй гэвэл бүтэх зүйл нэгээхэн ч үгүй. Харин болгохын төлөө гарц хайвал бүхий л зүйл бүтнэ шүү дээ. Тиймээс хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Нөгөөтэйгүүр менежментийг нь зөв хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, харилцан хоорондын уялдааг зөв тогтоох нь чухал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин