Б.ЭНХЗАЯА

Шастины нэрэм­жит Улсын III төв эмнэл­гийн­хэн үлдсэн жаахан эзэм­шил газраа алдахад хүр­чээ. Эмнэлгийнхэн гэхээс илүү үйлчлүүлэгч иргэдэд энэ байдал төвөг  учруулж буй юм. Тус эмнэлгийн үүд хэсэгт гурав хоногийн өмнөөс хашаа хатгаж газар шорооны ажил эхлүүлжээ. Үүнээс болж үйлчлүүлэгчдийнх нь автомашины зогсоол хумигдаж, түргэн тусламж болон гал усны аюулын үед эмнэлэг рүү нэвтрэхэд хүндрэлтэй болсон  байна. Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг Монголын томоохон эмнэлгүүдийн нүүр царай. Гэвч сүүлийн жилүүдэд эргэн тойронд нь өндөр барилгууд сүндэрлэсээр эмнэлгийн нүүрэн хэсэг харагдах төдий үлджээ. Хамгийн сүүлчийнх нь нийтийн эзэмшлийн талбайг н.Цогхүү хэмээх эрхэм 2010 оноос хойш шүүхдэлцсээр өөрийн болгож, барилгаа сүндэрлүүлэхээр газар шорооныхоо ажлыг эхлүүлээд байгаа аж.

Нийтийн эзэмшлийн талбай хамгийн ихээр шаарддаг үйлчилгээний байгууллагуудын нэг бол эмнэлэг. Ялангуяа гарын таван хуруунд тоологдох төдий улсын эмнэлгүүдийг хот хөдөөний олон мянган иргэн зорьж ирдэг. Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгээр гэхэд л өдөрт 5000-7000 мянган хүн үйлчлүүлдэг гэсэн судалгаа байна. Төрийн эмнэлгүүд эдгээр үйлчлүүлэгчдээ хүлээж авахын тулд наад зах нь автомашины зогсоол, амарч тухлах зай талбайтай байх ёстой. Хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа болохоор цаашлаад эмнэлгээ өргөтгөх зэргээр газрын хэрэгцээ мундахгүй. Гэтэл сүүлийн жилүүдэд улсын эмнэлгүүдийн эзэмшлийн талбай улам хумигдах боллоо. Үүний тод жишээ бол Улсын I төв эмнэлэг. Газрын асуудлаас болж тус эмнэлгийн шарил хадгалах байр нь асуудалтай болсон тохиолдол бий. Тодруулбал, тус эмнэлгийн ард Шүүх эмнэлэг баригдсанаар шарилаа давхар хадгалж бурхан болоочдын ар гэрийнхэнд багагүй хүндрэл учруулсан гэдэг. Одоо ч тус эмнэлгээр үйлчлүүлэхэд үүднийх нь замаас эхлээд бөөн түгжрээ үүсдгийг олон нийт мэднэ. Түүнчлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эзэмшлийн газар ч бусдын мэдэлд шилжсээр уджээ.  2002 онд тус эмнэлгийн эзэмшлийн талбай 40442 ам метр байсан бол одоо 10 мянган ам метр талбайгаар хасагдаж 30574 болжээ. Зарим хэвлэлд онцолсноор тус эмнэлгийн газраас нэг дор 1400 ам метр талбайг манай томоохон барилгын компани авсан гэдэг. Нийтийн эзэмшлийн талбайгүй болсоор байгаа нь газрын зөвшөөрөл олгосон эрх  мэдэлтнүүдийн  буруу боловч нөгөө талаар улсын эмнэлгүүдийн үе үеийн удирдлагууд орчин  тойрныхоо газрын наймаанд гар бие оролцсон жишээнүүд  айдаг.  Энэ байдлаараа цааш  явбал төрийн эмнэлгүүдийн гадна төө  зай ч үлдэхгүй бололтой.