Э.ОРХОНСҮРЭН

 

Тэртээ 1975 он. Тухайн үеийн Анагаах ухааны дээд сургуулийг анхны зургаан жилээр төгссөн хамт олон өдгөө ард түмнийхээ эрүүл энхийн манаанд 40 шахам жил зүтгэсэн ахмад үе болжээ. Б.Энхравдан, Ч.Лхамсүрэн, Б.Надмид нар эх хүүхдийн эрүүл энхийн төлөө зүтгэж яваа, хийж бүтээсэн үйлстэй ачтанууд. Энэ жилийг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Мөн удахгүй олон улсын эмч нарын баяр тохионо. Тиймээс бид энэ удаагийн сурвалжлагаа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бэлтгэлээ. Б.Энхравдан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн бөөрний мэс заслын тасагт олон жил ажиллаж байгаа хүний гавьяат эмч. Тэрээр 1975 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсч тухайн үеийн эвлэлийн төв хорооны илгээлтээр Дорноговь аймгийн Их хэт сумаас ажлын гараагаа эхэлж байв. Ингээд тус суманд хоёр жил гаруй ажиллаад тэр үеийн Хүүхдийн төв эмнэлэгт хүүхдийн мэс заслын эмчээр ажиллаж эхэлсэн юм. Харин 1990 онд хүүхдийн бөөрний мэс заслын 40 ортой шинэ тасгийг анх байгуулалцаж тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр өнөөг хүртэл ажиллаж байна.

Ч.Лхамсүрэн эмчийн хувьд тус төвийн Хүүхдийн эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасгийн эрхлэгчээр, Б.Надмид эмчийн хувьд тус төвийн Хүүхдийн эмнэлгийн мэс заслын тасгийн чанарын менежерээр ажиллаж байгаа юм. Б.Надмид эмч мөн л 1975 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүүхдийн эмчээр төгсч Дархан хотын Хүүхдийн эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн байна. Ингээд 1981 оноос тухайн үеийн Хүүхдийн төв эмнэлэг буюу одоогийн ЭХЭМҮТ-д ажиллаж байгаа ажээ. Тухайн үеийн ажлын шаардлага өндөр, ахмад эмч нарын үг жинтэй, залуу эмч нар сурч мэдэх гэсэн чин сэтгэлээр ажиллаж байсан хэмээн тэд дурсав. Эмчийн тангараг өргөнө гэдэг үнэмшилтэй, ажиллаж суралцахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа ахмад үе хэмээн ярьцгаасан юм. Ингээд тэдэнтэй цөөн хором ярилцлаа.

 

Б.Энхравдан:

СУРГУУЛИУД ХҮҮХДИЙН ТЭНХИМТЭЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

 

 -Бид хуучин Зөвлөлт холбоот улсын анагаах ухааны сургалтаар сурч боловсорсон. Анхны зургаан жилийн төгсөлтийг 216 хүүхэд төгсч байсан. Манай төгсөлтөөс эмэгтэйчүүдийн мэс заслын Х.Нацагдорж гэж мундаг эмч байлаа.Мөн  Р.Чойдорж, С.Бямбажав, Б.Надмид, С.Лхамсүрэн, Б.Содном нар  хамт ажиллаж зарим нь гавьяаныхаа амралтад гарсан. Тухайн үед сургалт сайн байсан. Тоног төхөөрөмж эзэмшилт, дагалдан сургах асуудалд түлхүү анхаардаг байж. Гэтэл техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед багаж хэрэгсэлтэйгээ танилцахын тулд доод тал нь зургаан сараас нэг  жил дагалдан суралцах хэрэгтэй болсон. Гэтэл бидний үед практик сургалт их байсан. Багш нарыгаа дагаж дадлагат гарна. Үүний хажуугаар өөрийгөө дайчилж уншиж мэдэх хүсэл ихтэй байсан. Өнөө цагт бүх зүйл нь бэлэн учраас ном унших асуудал байхгүй болжээ. Би зарим нэг сургуульд цагаар хичээл заадаг. Гэтэл сургуулиудад хүүхдийн чиглэлийн танхим байдаггүй. Одоо эмч нар ерөнхий мэргэжлээр төгсөн гарч байна  Уг нь хүүхдийн тэнхимтэй байвал боловсон хүчин болоод хүүхдийн өвчлөлтэй холбоотой асуудал харьцангуй сайжрах боломжтой. Бага насны хүүхдэд хагалгаа хийх хэцүү ч гэлээ биологийн идэвхжил, бодисын солилцоо, нөхөн төлжилт сайтай учир хагалгааны дараа сэргэхдээ хялбар. Ер нь хагалгаа хийснээс 2-3 хоногийн дараа босоод ирдэг. Гэтэл том хүн бол тийм биш. Том хүн хүүхэд хоёр олгойн хагалгаанд ороход хүүхэд нь түрүүлж эдгэрдэг. Учир нь бодисын солилцоо сайтай, нөхөн төлжилт сайтай учраас шарх нь хүртэл хурьдан аньдаг. Үүгээрээ хүүхдийн мэс засал онцлог. Бидний үед хариуцлага өндөр байсан. Эмч хүн гэдэг өөрийн үүрэг даалгавраа биелүүлдэг. Хагалгааныхаа үр дүнд дүгнэлт хийж дандаа эргэж хардаг байсан. Одоогийн залуучуудыг хараад байхад сэтгэл дутмаг, аливаад хайнга хандаад байна уу гэж боддог. Бас нийгмийн байдлаас үүдэлтэй сэтгэл санаа тогтворгүй байх зэрэг нь алдаа гарахад нөлөөлнө. Түүнээс биш мэс заслын алдаа бол тийм их гардаггүй. Хүн өвчтөнтэйгаа зөв харьцаж мэс заслын үйл явцыг ар гэрт нь зөв ойлгуулж харьцааг нягт болговол алдаа гардаггүй. Мөн бидний үед Ардын хянан шалгах хорооноос  хяналт шалгалт их, шаардлага өндөртэй байсан. Хэрэв ямар нэг алдаа гарвал тэр доор нь арга хэмжээ авч алдааг залруулдаг байсан. Одоо шалгалт муу байна. Хяналт шалгалт хийдэг ч зай нь хол, шалгалтын үнэлгээ сул байна. Нэг эмч алдаа гаргахад нийтээрээ гаргасан юм шиг хүлээж авдаг болж.

 

Ч.Лхамсүрэн:

ХЭСГИЙН ЭМЧИЙН ҮҮРЭГ ИХ БАЙЖЭЭ 

 

-Би сургуулиа төгсөөд тухайн үеийн Сүхбаатар дүүргийн эмнэлэгт ажиллаж эхэлсэн. ЭХЭМҮТ-д 1987 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Дүүргийн эмнэлэгт ажиллаж байх үед амьсгалын замын өвчин, ходоод, гэдэсний хурц хямрал, суулгалттай хүүхэд их байсан. Мөн тэр үед уушгины хатгалгаа хүнд хэлбэрээр явагддаг байж. Стафилоккокт буюу уушгийг идээлүүлж үрэвсүүлдэг өвчин их байсан. Үүнээс үүдэлтэй менингитийг дүүрэг авч эмчилдэг байсан. Хааяа нэг мэдрэлийн эмчээс зөвлөгөө авч ажилладаг байсан. Тэр үед ор дэрний хүрэлцээ муу хүүхдүүдийг зөрөлдүүлээд хэвтүүлдэг, өвчлөл их байсан. Хэсгийн системтэй байсан учраас нэг хэсгийн эмчид мянга гаруй хүүхэд ногдоно. Үүнээс 0-1 насны хүүхэд нь 120 орчим байх жишээтэй. Хэсгийн эмч өөрийн хариуцаж байгаа хүүхдүүдээ ямар өвчлөлтэй, хэзээ вакцинаа хийлгэх зэрэг бүгдийг нь мэддэг байжээ. Сүүлийн үед өрхийн системд шилжиж хүүхдийн эмч байхаа больсон. Хүүхдийн эмч том хүний эмч хоёр хоорондоо ялгаатай. Хүүхэд гэдэг жижигрүүлсэн том хүн биш учраас зайлшгүй мэргэжлийн эмч байх ёстой. Бидний үед хүүхдийн эмч өөрийнхөө хэсэгтээ шинээр төрсөн нярайг төрөхөд очиж хүлээж авдаг байсан. Ингээд сард дөрвөн удаа заавал үздэг байлаа. Тиймээс хүүхдийн өвчлөл гарлаа гэхэд хяналт сайтай байсан юм.Одоо өрхөд хүүхдийн эмч байдаггүй учраас үзээд мэдэхгүй. Түүнээс нь болоод өрхөд үзүүлэх иргэд байдаггүй. Шууд шатлал алгач ирдэг байх. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд элэгний өвчлөл буурч хеликобактерын үүдэлтэй ходоодны ханын үрэвсэл нэмэгдэх хандлагатай байна. Тэр дундаа өсвөр насны хүүхдэд. Мөн эм эмийн бодисын хордлогоор ирж байгаа хүүхдийн тоо буурдахгүй байна. Жилд 120-140 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Яаралтай тусламжийн тасгаар хордлогоо тайлуулж тусламжаа аваад гарч байгаа хүүхдийн тоо буурахгүй байна. Өвлийн улиралд угаарын хийн хордлого, зуны улиралд химийн хордлого их байдаг. Учир нь ахуйн зориулалттай химийн бодис буюу будаг шингэлэг зэргийг ундааны шил, саванд хийчихдэг. Түүнийг нь бага насны хүүхэд ууж хордох тохиолдол их байна. Өнөөдрийн байдлаар манай сэхээний тасагт тосол уугаад ирсэн нэг хүүхэд бий. Үүнээсээ болоод бөөрний дутагдалд орсон. Элэг, нойр булчирхайд нь өөрчлөлт орсон гэсэн оноштойгоор эмчлүүлж байх жишээтэй. Тосолноос 60 мл-ийг уухад амь насанд аюултай гэж үздэг. Гэтэл энэ хүүхэд бараг хагас литр уусан байгаа юм. Тосол нь чихэрлэг амттай учир ууж байх явцад элдэв амтгүй их хэмжээгээр уусан байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд анхаарал бологоомжтой байж бага насны хүүхдээ хараа хяналтнаасаа гаргахгүй байх хэрэгтэй. Ингэж чадвал энэ төрлийн өвчлөл буурах, ийм байдлаар хүүхдүүд өвчлөл явдал буурах боломжтой.

 

Б.Надмид:

ХҮҮХДИЙН  САЙН ЭМЧ БОЛОХОД СУУРЬ ХҮМҮҮЖИЛ ЧУХАЛ

 

-Биднийг төгсч байхад ганцхан Анагаах ухааны дээд сургууль байсан. Одоо хувийн сургууль олон болж. Сургуулийн сургалтын чанарыг бишгүй л ярьдаг. Гэтэл хувийн сургуулиудад хичээл зааж байгаа багшид тавих шалгуур үзүүлэлт учир дутагдалтай байна гэж боддог. Биднийг сурч байх үед багшилж байсан багш нарыг өнөөгийн багш нартай харьцуулахад тэмээ ямаа хоёр шиг зөрүү байна. Хүний эрүүл мэндийн чиглэлээр ажил үйлчилгээ эрхлэх гэж байгаа хүнд багшлах хүн бол өндөр хэмжээний мэдлэг ур чадвартай байх ёстой. Мэдээллийн технологи хөгжсөн үед хаанаас ч ямар ч мэдээллийг авч байна. Бидний үед номноос өөр зүйл байгаагүй. Ном нь олон хэл дээр биш. Зөвхөн орос хэлээр байх жишээтэй. Багш нарын шаардлага өндөр орос хэлээр лекцээ уншдаг байсан. Гэтэл одоо эмчээр төгсч байгаа зарим хүүхдүүд эмчийн бичсэн жорыг уншиж чадахгүй байгаа нь хойч ирээдүйдээ санаа зовох, шүүмжлэх асуудал болоод байна. Сургалт муу учраас аргацаах байдлаар хичээлдээ хандаж мэдсэн сурсан зүйл дутмаг байна. Ингээд ажлын байранд алдаа эндэгдэл гаргах асуудал ихсээд байх шиг санагдаад байгаа юм. Биднийг эмч болоод ажлын байранд гарахад яам хариуцаж хаана ажиллахыг нь шийдэж хувиарладаг байсан. Гэтэл одоо төгсч байгаа оюутан ямар төвшний мэдлэгтэй хаана ажиллах ёстой нь тодорхойгүй хариуцах эзэнгүй болжээ. Ажилд орохоор ярилцлагад орж байгаа залуусыг харахад аливаад хандах хандлага, сэтгэл дутмаг, нийгмээс хоцроод байх шиг. Бидний үеэс хоцроод байна уу даа. Мэдээлэл муутай байсан бидний үед эмч нарыг сайн бэлддэг байж гэж боддог. Залуу үеэ чамлах гэсэндээ бус тэдэнд аливааг бодогдуулах, санаа авч тусгаж ажиллах болов уу гэсэндээ шүүмжилж байгаа юм. Мэдээлэл хөгжсөн энэ үед хаанаас ч ямар ч мэдээллээр өөрийгөө хөгжүүлэх боломж нээлттэй байгаа гэдгийг сануулах гэсэн юм.

 

Бидний ажилдаа сэтгэл хангалуун байсан ажлаас өөр зүйлд сатаарахгүй, улс төр сонирхож үймэхгүй, хүний төлөө үйлчилж байжээ. Залуу үеийхэн маань эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хурдан хийх байхаа. Гол нь эмч бүр л оногдсон ажлаа хийгээд, ном их уншдаг эмчлэх, судлах, суралцах, заахт тасралтгүй суралцах хэрэгтэй. Хүүхэд эмчлэх гэгээлэг ажил. Тиймээс хүүхдийн эмчийг улс бодлогоор дэмжиж бэлдэх хэрэгтэй. Хүүхдийн сайн эмч болох нь эмчээс сэтгэл зүтгэл, хүүхэд үзэж оношлох их эв эе, ур ухаан бас энэрэнгүй байхыг шаарддаг. Ер нь эмч хүнд хүний мөс чанар юу юунаас чухал. Манай төв “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жилийн хүрээнд эх үрсийнхээ төлөө амжилт гарган ажиллах болно. Ингээд удахгүй болох олон улсын эмч нарын баяр өдрийг тохиолдуулан үе үеийн эмч нартаа эрүүл энх байж хүн ардынхаа төлөө гэсэн сэтгэл тань үргэлж цагаан байх болтугай гэж ерөөе. Монголын үрс маш олон болтугай.