Р.ОЮУН
Сүүлийн үед эмнэлэгт үзүүлнэ гэдэг тун хэцүү ажил болжээ. Учир нь та эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахыг хүсвэл үүрийн гэгээтэй уралдан босч очихгүй л бол цаг авч, хүссэн эмчдээ үзүүлж чадахгүй дахин маргаашийг хүлээж хугацаа алдана. Өвчиндөө шаналсан хүмүүс эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахын тулд өглөө эрт нойроо хугаслан ирж дугаарласан ч хоосон буцах нь хэвийн үзэгдэл болсон талаар иргэд их ярих болсон. Тиймээс энэ талаар сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийг зорьсон юм. Өглөөний 07:40 цагт эмнэлгийн хаалгаар ороход цахим бүртгэлийн цонхноос эхлэн үргэлжлэх урт цуваа хонгилын үзүүрт хүрч, хөгшин, залуу, жирэмсэн эхчүүд нийлсэн 70 гаруй хүн дугаарлан зогссон байв. Харин үүдэнд зогсох жижүүр сувилагч үйлчлүүлэгчдийг гадуур хувцсаа өлгүүрт өгөхийг анхааруулна. Тус эмнэлгийн цахим бүртгэл өглөөний 07:30-09:00 цагийн хооронд үйлчлүүлэгчдээ бүртгэдэг. Гэвч 08:30 цагийн үед зүрх судас, мэдрэлийн эмчид үзүүлэх өнөөдрийн дугаар дууссан. Та маргааш өглөө ир хэмээн цахим бүртгэлийн хүн хариулав. Гэтэл үйлчлүүлэгч “Шөнө унтаж чадахгүй зүрх хаагдчих гээд хэцүү байна. Өрхийн эмчдээ үзүүлэхээр дүүргийн зүрхний эмчид үзүүл гэсэн. Ингээд зүрх, мэдрэлийн эмчид үзүүлэх гэтэл номер нь дууссан гэх юм. Ямар учиртай юм бэ. Ер нь үхэхэд ойрхон болжээ. Цахим картан дээр байдаг утас руу нь өнгөрсөн даваа гаригт өдөр 08:00-11:00 цагийн орчим залгахад авахгүй байсан. 11 цагт авахад нь номер захиалъя гэхэд дууссан гэсэн. Тэгээд маргаашийн дугаарыг авъя гэхэд өдөр өдөрт нь өгдөг болсон. Та заавал өөрийн биеэр ирж номероо ав гэх юм. Маргааш өглөө эрт ирэхээс... гэсээр гарч одлоо.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн мэдрэлийн эмчид 38 хүн үзүүлэхээр цаг авсан байв. Нэг эмч өдөрт хэдэн хүнийг ямар хугацаагаар үзэх ёстой байдаг талаар тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Жаргалсайханаас лавлав.
-09:00 цаг болоогүй байхад зүрх судас, мэдрэлийн эмчид үзүүлэх цаг дууссан нь иргэдийг бухимдууллаа. Нэг эмч өдөрт хэдэн хүн үзэх нормтой байдаг юм бэ?
-Тухайн эмч нэг хүнийг 15 минут үздэг. Харин нэг цагт дөрвөн хүнийг үздэг гэж бодохоор ажлын найман цагт 32 хүн үзэх ёстой. Гэтэл энэ эмч дээр нэмэлт цагаар зургаан хүнийг үзэхээр бүртгүүлсэн байна. Харин зүрх судасны эмчид үзүүлэхээр 28, нэмэлтээр хоёр хүн цаг авчээ. Тухайн эмч дээр ямар цаг өгөгдөж байна, хэдэн хүнтэй байгааг компьютерээс харж болно. Эмнэлгийн ачаалал их байна. Нэг эмч өдөрт 28-32 хүн үзэх ёстой.
-Хүмүүс цахим картаар захиалгаа өгөх гэхээр заавал өөрийн биеэр ирж цагаа ав гэдэг. Энэ талаар тодруулахгүй юу?
-Иргэд утсаар цаг авахдаа өрхийн эмчийн анхан шатны үзлэг хийлгэчих байтал дүүргийн эмнэлэгт ирж ачаалал нэмдэг. Эсвэл хүүхдүүдийн амралт эхлэх үеэр жаахан ядраад байгаа юм, зөвлөгөө авъя гэдэг. Цахим цагийн бүртгэлд эмч сууж байгаа учраас яг ямар зовиур байна. өрхийн эмчдээ үзүүлсэн үү гэдгийг асууж лавлаж байгаад ялган ангилаад зөвлөгөө өгч байгаа” гэв. Уг нь эмнэлгийн үйл ажиллагаа, үйлчилгээ хурдан шуурхай байх ёстой. Гэтэл манайд эмчид үзүүлэх номер дууссан шалтгаанаар эмнэлгийн анхан шатны үйлчилгээг авч чадахгүй иргэдийн гомдлыг яах вэ...