Э.ОРХОНСҮРЭН
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд чуулж, суурь шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн үр дүн хийгээд 2014-2015 онд хэрэгжүүлэх салбарын эрчимтэй шинэчлэлийн ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцэж байна. Өнгөрсөн оныг “Эрүүл мэндийн салбарын хариуцлага, хяналтыг сайжруулах жил” болгон зарласан бол энэ жилийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан юм.
Тиймээс энэ удаагийн удирдах ажилтны зөвлөгөөнөөр эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдалд чиглэжээ. Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эрдэмтэн, судлаачид, олон улсын болон төрийн бус байгууллагууд, салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын 200 гаруй төлөөлөгч оролцож, санал бодлоо солилцож байна. Зөвлөгөөнийг Эрүүл мэндийн сайд нээж эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийх ажлыг дэмжиж, санаачлагатай ажиллахыг удирдах ажилтнуудад уриаллаа. Мөн эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрчимтэй шинэчлэлийн бодлогыг таван зорилтын дагуу хэрэгжүүлэх болно гэлээ. Мөн тэрээр “Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийг эхлүүлье” илтгэлийг тавьсан юм. Өнгөрсөн онд хүн амын нийт нас баралт 5.9, эхийн нас баралт 5.9, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0.9 хувиар буурсан нь манай улс мянганы хөгжлийн 4.5 дахь зорилтын 2015 онд хүрэх төвшинд хүрсэн амжилтыг үзүүллээ хэмээн сайд онцолж байв. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 79371 эх амаржиж 79780 хүүхэд мэндэлсэн нь төрөлтийг 6.9 хувиар нэмэгдүүлсэн байна. Энэ нь сүүлийн 23 жилийн хамгийн өндөр төрөлттэй жил байсан бөгөөд Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оныг хүн амын өсөлтийн “Оргил үе” гэж нэрлэсэн байна.
Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо хамтран ажиллах гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ үеэр эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар “Өмнө нь бид хоёр талт хэлэлцээр хийдэг байсан. Энэ удаад хувийн хэвшлийн ажил олгогч нарыг төлөөлсөн нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр байгууллаа. Ингэснээр үндэсний хэмжээнд төр хувийн хэвшлийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн хэлэлцээр байгуулж байна. Энэ хэлэлцээр нь байгууллага бүр ажилтны эрх ашиг, цалин, нийгмийн хамгаалал зэрэг олон шинэ заалттай. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу үндэсний хэмжээнд мөрдөж байгаа 192 мянган төгрөгийг 288 мянга болгож нэмсэн. Мөн салбарын ажилтнуудын хөдөлмөр нийгмийн хамгаалал, ажлын байрны нөхцөл, ажилчдыг амралт сувилалд амраах шинэ шатанд гаргана. Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нэлээд хэдэн шинэ заалтыг тусгасан. Тиймээс салбарын сайд болон хувийн хэвшлийн ажил олгогчид оролцсон энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд та бүгдийн дэмжлэг туслалцаа чухал. 2014-2016 онд хэрэгжүүлэх хэлэлцээрийг шинэ шатанд гаргахад бүгд хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсье” гэлээ.
Эх, хүүхдийг дэмжих жилийн хүрээнд үндсэн найман зорилтыг дэвшүүлсэн бол нийт салбарын хэмжээнд үндсэн 12 зорилт дэвшүүлэн ажиллах гэнэ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчнийг эрт илрүүлж, эрүүлжүүлэх, эмэгтэйчүүдийг жирэмсэлтэд бэлтгэх зарчмыг хэрэгжүүлэх, жирэмсний дараа хяналтад орох бус жирэмслэхээс өмнө үзлэг, шинжилгээнд орох, архаг өвчнийг эмчлэх, ялангуяа бэлгийн замаар дамжих халдвар, нөхөн үржихүйн үрэвсэлт өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажээ. Мөн эрт нярай үеийн болон дутуу нярайн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдал, асаргаа сувилгааг сайжруулснаар эндэгдлийг бууруулах ач холбогдолтой гэв. Түүнчлэн бага насны хүүхдийн осол гэмтлийг бууруулах, өсвөр үеийнхний өвөрмөц хэрэгцээнд тохирсон, ээлтэй тусламж үйлчилгээг өргөжүүлэх, охидын жирэмсэлтээс сэргийлэх, эх, хүүхдийн хоол тэжээлийн дутагдлыг бууруулах ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн аргын хэрэглээг нэмэгдүүлснээр аюултай үр хөндөлтийн шалтгаантай эхийн эндэгдлээс сэргийлэх боломжтой гэж үзэв. Дээрх ажлыг хэрэгжүүлснээр эх, нярай, хүүхдийн тусламж, үйлчилгээний тэгш бус байдал буурч, эх барихын шууд шалтгаантай эхийн эндэгдэл буурах гэнэ. Мөн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд сайжирч, охидын жирэмслэлт буурах аж. Харин салбарын хэмжээнд өсвөр үеийн клиникийг байгуулах, бүх нийтийг цусны даралтын талаарх мэдлэг, боловсролтой болгох, элэгний хорт хавдрын эрт илрүүлгийг орон даяар зохион байгуулах ажээ. Өндөр өртөг бүхий тусламж, үйлчилгээг даатгалаас санхүүжүүлдэг болох, эх орондоо эмчлүүлж, оношлуулдаг тогтолцоог бүрдүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангаж, завсар үйлчилгээний нэгжтэй болохоор төлөвлөжээ. Түүнчлэн зүү, тариур, тарилгын шингэнийг эх орондоо үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох зорилт дэвшүүлсэн байна.
Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлого нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж хүлээгдэл, чирэгдлийг бууруулах байв. Мөн байгууллагын удирдлагын хөгжлийг хангах, үйлчилгээний соёлыг сайжруулах, сэтгэлд нийцсэн найман үйлчилгээг нэвтрүүлэх бүрэлдэхүүн хэсгийг багтааж байсан. Энэ хүрээнд эмч, мэргэжилтнүүд гаргасан алдаа бүрээ бүртгэж, хариуцлагажуулдаг болжээ. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байгаа аж. Хууль батлагдсанаар эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанаас үүдсэн санхүүгийн эрсдэлээс хамгаалах, эрсдэл учирсан тохиолдолд хохирлыг даатгалын байгууллагаар нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах харилцааг зохицуулах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгал нь эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор худалдан авч байгаа үйлчилгээ бөгөөд нэхэмжлэл гаргасан хохирогчид нөхөн төлбөр авдаг болох гэнэ. Зөвлөгөөний үеэр зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонирхлоо.