Р.ОЮУН
Дэлхий дээр жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас бардаг бөгөөд үүний дөрвөн сая нь цагаасаа эрт 30-69 насандаа хорвоог орхидог аж. Хорт хавдрын өвчлөл, нас баралтын талаас илүү хувь нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдэж байна. Судлаачдын үзэж буйгаар 2025 он гэхэд хорт хавдрын шинэ тохиолдол 19.3 сая, шалтгаант нас баралт 16 сая, хүн амын өсөлт болон насжилттай холбоотой хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Харин Монголд хорт хавдраар жил бүр 5000 гаруй хүн өвдөж, 3000 гаруй нь нас бардаг аж. Хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үедээ эмнэлэгт ханддаг ба манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна хэмээн Хавдар судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, сургалтын албаны дарга Ц.Бадамсүрэн ярьж байсан.
Манай улсын хувьд 45 наснаас хойш хавдрын өвчлөл нэмэгдэж, нийт хорт хавдрын өвчлөлийн 87 хувийг энэ насны хүмүүс эзэлж байна. Өнгөрсөн оны зонхилон тохиолдох хорт өвчлөлийг газар нутгийн байршлаар нь авч үзвэл элэгний хорт хавдар Говь-Алтай, Увс, Завхан аймагт, ходоодны хорт хавдар Увс, Архангай, Орхон аймагт, уушгины хорт хавдар Булган, Дархан-Уул, Өмнөговь аймагт, умайн хүзүүний хорт хавдар Сэлэнгэ, Хэнтий, Булган аймагт, улаанхоолойн хорт хавдрын өвчлөл Увс, Баян-Өлгий, Ховд аймагт өндөр байна.
ХҮҮХДИЙН ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТ
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 87 хүүхэд хорт хавдраар өвчилсний 50 нь хөвгүүд, 37 нь охид байжээ. 0-14 насны хүүхдийн өвчлөл нийт хорт хавдрын өвчлөлийн нэг хувийг эзэлж байна.
[caption id="attachment_34257" align="alignnone" width="702"]
900 ГАРУЙ ХҮЧИН ЗҮЙЛ ХҮНД ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ
Хорт хавдар үүсгэгч нь хүний биед хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг хүрээлэн буй орчны хүчин зүйлс юм. Энэ хүчин зүйлс нь эсийн геном болон эсийн үржил, хуваагдлын үйл ажиллагааг гэмтээдэг байна. Олон улсын хавдар судлалын агентлагаас хүрээлэн байгаа орчны 900 гаруй хүчин зүйл хүнд хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоож, химийн хүчин зүйл, холимог бүрдлийн буюу агаарын бохирдол, мэргэжлийн /кокс, нүүрсний орчин/, физикийн /нарны хэт ягаан туяа, радио идэвхт цацраг туяа/, биологийн /элэгний В, С вирус, умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг хүний хөхөнцөр вирус, хеликобактери/, хувь хүний буруу дадал, зан үйл /архи, тамхи, хөдөлгөөний хомсдол/ гэсэн бүлэгт хуваажээ.
ХОРТ ХАВДРЫН 30 ХУВИАС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ
Хорт хавдрын 30 хувиас сэргийлэх боломжтой байдаг. Хорт хавдраас сэргийлэхийн тулд нийгмийн бүх салбар, иргэн бүрийн оролцоо, хүчин чармайлт чухал. Иргэн та өөрийгөө хорт хавдраас сэргийлэхийн тулд дараах энгийн зөв дадлыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх нь зүйтэй.
Үүнд архи, тамхинаас татгалзах, эрүүл зохистой хооллох, илүүдэл жингээс сэргийлж биеийн жингээ хадгалах, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх, жирэмслэлтээс сэргийлэх эм, бэлдмэлийг зөв хэрэглэх, эмх замбараагүй бэлгийн хавьтлаас сэргийлэх зэрэг зөв дадлыг амьдралдаа хэвшүүлэх нь хамгаас чухал.
ТӨРӨЛ БҮРИЙН БОДИС АГУУЛСАН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ
Зохистой хооллох гэдэг нь идэж буй хоол, ундны халуун, хүйтэн нь тохирсон, амны хөндий, залгиур, улаанхоолойг түлэхгүй, цочроохгүй байхын зэрэгцээ өдөрт дор хаяж 3-4 удаа тогтмол хооллохыг хэлнэ. Мөн хэрэглэж буй хоол, хүнсний уураг, өөх тос, нүүрс усны хэмжээ нь тэнцвэртэй, хоол хүнс нь хангалттай аминдэм агуулсан, тохиромжтой илчлэгтэй байх шаардлагатай. Гормон, антибиотик, төрөл бүрийн будагч бодис, консервант болон хорт хавдар үүсгэдэг төрөл бүрийн бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх. Түүнчлэн шарсан, хуурсан, утаж боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээг багасгах, хүнсний ногоо, жимсийг аль болох түлхүү хэрэглэх нь хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг.
АРХИ НЬ ТАМХИТАЙ ИЖИЛ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ
Архийг аль болох бага хэрэглэх. Этилийн спирт эсийг шууд гэмтээх үйлчилгээтэйгээс гадна архинд олон төрлийн хортой бодис агуулж байдаг. Архи нь тамхитай ижил хорт хавдар үүсгэх чадвартай. Архийг хэтрүүлэн хэрэглэдэг дээр нь тамхи татдаг бол хорт хавдар үүсэх магадлал хоёр дахин нэмэгддэг. Үүнээс татгалзсанаар ходоод, улаанхоолой, элэгний хорт хавдраар өвдөх эрсдэлийг бууруулдаг. Тамхи татахад хорт хавдар үүсгэдэг олон төрлийн бодис хүний биед ордог. Тамхидалт нь уушги, уруул, амны хөндий, залгиур, ходоод, улаанхоолой, давсагны хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болдог. Судалгаагаар уушгины хорт хавдраар өвчилсөн 10 хүний ес нь тамхи татдаг болохыг тогтоожээ.
ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ ХҮМҮҮС ХАВДРААР ӨВДӨХ МАГАДЛАЛТАЙ
Зохисгүй хооллох, хөдөлгөөний хомсдол нь таргалах үндсэн шалтгаан болдог. Өөхөн эд нь гормоны бодисын солилцоог алдагдуулж гормон хамааралтай олон төрлийн хавдар үүсэх хүчин зүйл болдог. Илүүдэл жинтэй хүмүүс умайн, хөхний, өндгөвчний, бөөрний, улаанхоолойн, нойр булчирхай болон бүдүүн гэдэсний хорт хавдраар өвдөх өндөр эрсдэлтэй байдаг.
ӨДӨРТ 30 МИНУТ ДАСГАЛ ХИЙГЭЭРЭЙ
Өдөрт багадаа 30 минут ямар нэг дасгал хөдөлгөөн хийснээр бодисын солилцоог хэвийн байлгах улмаар стресс, сэтгэл гутралаас сэргийлэх, сэтгэл санааг өөдрөг болгох, цусны эргэлтийг сайжруулах, дархлааг дээшлүүлэх сайн нөлөөтэй. Та идэвхтэй хөдөлгөөнтэй байснаар бүдүүн гэдэс, умайн болон хөхний хорт хавдрын эрсдэлийг бууруулж чадна. Үр хөндөлт нь эмэгтэйн биед ялангуяа, дотоод шүүрлийн болон дархлааны тогтолцоонд нөлөөлөхөөс гадна хүнд сэтгэл санааны гэмтэл учруулдаг. Үр хөндөлтөөс сэргийлж чадсанаар умай, хөхний болон бамбайн хорт хавдраас сэргийлж чадна.
НАРНЫ ХЭТ ЯГААН ТУЯА ХОРТ ХАВДАР ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ
Сэтгэл санааны гүн хямрал, стресс, депресс нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Хорт хавдраас сэргийлэхэд сэтгэл санаа өөдрөг байх, мөн эерэг, сөрөг сэтгэлийн хөдлөлөө зөв удирдаж чаддаг байх нь чухал сэргийлэлт болдог. Мөн нарны хэт ягаан туяа нь хорт хавдар үүсгэх хүчин зүйл бөгөөд наранд хэт шарах, төрөл бүрийн арьс шарах төхөөрөмжүүдэд орох хэрэггүй.
ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДАХ НЬ ЧУХАЛ
В гепатит нь элэгний хорт хавдар үүсэх эрсдэлийг бий болгодог. Хүүхэд төрснөөс хойш 24 цагийн дотор элэгний В вирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулдаг. Хэрэв та В вирусийн халдваргүй бол сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж болно. Хүний хөхөнцөр вирус нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг бэлгийн замаар халдварладаг вирус юм. Энэ вирусээс сэргийлэх вакцинд 10-14 насны охидыг хамруулснаар умайн хүзүүний хорт хавдраас сэргийлнэ.
ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ НАС АХИХ ТУСАМ НЭМЭГДДЭГ
Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах нь эрт үед нь илрүүлж, бүрэн эмчлэгдэх боломжтой. Эмэгтэйчүүд 30 наснаас дээш умайн хүзүү, хөхний хорт хавдрын үзлэг шинжилгээнд өрх, сумын эмнэлэгт хандаж хамрагдана. Хорт хавдрын өвчлөл нас ахих тусам нэмэгддэг тул 40 наснаас дээш үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаж байгаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин