Э.ОРХОН
ХДХВ, ДОХ-ын үндэсний VI чуулган энэ жил “Халдварын тархалтыг тэглэе” уриан дор болж өнгөрлөө. Уг чуулганаар Монгол Улс дахь ДОХ/ХДХВ-ын халдварын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт, үндэсний хэмжээнд халдвараас сэргийлэх стратеги төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэж зөвлөмж, уриалгыг гаргасан юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 148 хүн уг өвчний халдвар авсан гэдгийг албаныхан хэлж байна.
Мөн манай улс ДОХ-ын халдвар багатай улсын тоонд ордог ч уг халдварыг зогсоож чадахгүй байна. Тиймээс одоо хэрэгжүүлж байгаа бодлогоо өөрчлөх цаг ирснийг чуулганд оролцогчид онцолж байв. Мөн ХДХВ/ДОХ-ын асуудал зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш бусад салбарын оролцоо чухал гэдгийг олон улсын байгууллагын төлөөлөгч нар илтгэлдээ онцолсон юм. Чуулганы үеэр албаны зарим хүмүүсийн сэтгэгдлийг нь сонирхлоо.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа:
ХӨРӨНГӨ САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ ЭХ ҮҮСВЭРТЭЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
ХДХВ, ДОХ-той тэмцэх илүү үр ашигтай, тогтвортой хөтөлбөрийг зорилтот хүн амд чиглүүлэх хэрэгтэй. Мөн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг сайжруулж, олон салбарын оролцоог нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах, санхүүгийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлж, хөрөнгө санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудалд анхаарах нь чухал байна.
НҮБ-ийн ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн Монгол дахь зохицуулагч Д.Алтанчимэг:
ДОХ АЙДАС БАЙХАА БОЛЬСОН
-ХДХВ/ДОХ туссан бол үхнэ гэж ойлгодог байсан. Гэтэл өнөөдөр энэ асуудал өөрчлөгдсөн байна. ДОХ-той хүн 20, 30, 40 жил амьдарч болох юм байна гэдгийг ойлгож эхэлж байна. ДОХ-той боловч ажлаа хийгээд энгийн амьдарч байгаа олон хүн бий. Тэгэхээр ДОХ бол гепатит В, С зэрэг архаг өвчний нэг болсон байна. ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүн эмчилгээгээ зааврын дагуу хийлгээд эхэлчихвэл энэ өвчнөөр өнөөдөр хүн үхэхгүй. Энэ бол сүүлийн гурван жил дэлхий нийтэд гарч байгаа дэвшил. Өөрөөр хэлбэл үр дүнтэй эмчилгээнүүд бий болж байна. Өдөрт гурван янзын нэг эм уудаг болсон байх жишээтэй. Энэ эмийг уусан хүн өөр хүнд өвчнөө халдаахгүй. Өөрөөр хэлбэл халдвартай хүн эрт оношлуулаад эмээ уусан тохиолдолд хүнд халдаах нөхцөлгүй болсон. Вирусийг таслан зогсоох шинжлэх ухааны арга бий болсон байна. Мөн вакцины туршилт хийгдэж байна. Эмчилгээг урьдчилсан сэргийлэлтээр хэрэглэе гэсэн дэлхий нийтийн бодлого, чиглэл явж байна. Тиймээс манай улс илрүүлэлтийг сайн хийх хэрэгтэй байна. Хүмүүс энэ төрлийн шинжилгээг өгөхдөө айдаг, ичдэг. ДЭМБ болон олон улсын байгууллагаас хүн бүр гэртээ эсвэл нууц байдлаар шинжилгээ хийх боломжийг олгох хэрэгтэй гэдэг санааг дэвшүүлсэн. Тухайлбал, энэ төрлийн түргэвчилсэн тест байх жишээтэй. Тиймээс ДОХ гэдэг одоо айдас байхаа больж байна. Та шинжилгээ өг, эрт илрүүл, эмчилгээгээ хийлгэ, халдвар тараахгүй урт удаан амьдрах боломж бүрдэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, сэргийлэлт хариуцсан дэд захирал Г.Сүрэнханд:
ХДХВ/ДОХ/БЗДХ-ЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨГ ЭМЧ ДАНГААРАА ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙНА
-Ер нь чуулган бүр өөрийн зорилго, зорилттой байдаг. Энэ жилийн чуулганы гол зорилго бол “Халдварыг тархалтыг тэглэе” гэдэг уриатай. Халдварыг тэглэнэ гэдэг хэтэрхий том зорилго боловч энэ зорилгодоо хүрэхийн тулд хэд хэдэн дэд зорилтуудыг дэвшүүлээд байна. Тухайлбал, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах талаар энэ үеэр ярьж байна. Шатлалын эмнэлгүүдэд тусламж, үйлчилгээ хэрхэн яаж хүрч байна вэ, үйлчилгээ нь чанартай, хүртээмжтэй байна уу, хүндээ хүрч үйлчлэх нөөц бололцоо нь байна уу үгүй юу гэдэг асуудалд нэлээд төвлөрлөө. Мөн хөдөө орон нутагт БЗДХ/ХДХВ/ДОХ-ын деспансирийг байгуулах сайдын тушаал 2009 онд гарсан боловч өнөөдрийн байдлаар зарим аймагт энэ нь байгуулагдаагүй байна. Тиймээс деспансирийг байгуулаагүй байгаа аймагт үүнийг байгуулах нь хамгийн гол ажил болоод байна. БЗДХ гэдэг тухайн орон нутгийн залуучуудын дунд гол их байдаг. Бид Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлээр үйлчлүүлж байгаа иргэдийн дунд судалгаа хийсэн. Гэтэл 20-иос дээш насны залуучуудын дунд өвчлөл зонхилж байна. Эдгээр хүмүүст тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, энэ өвчнөөр өвдөхгүй байх ямар боломжууд байдаг гэдэг ухуулга сурталчилгаа, мэдээлэл, зөвлөгөөг тэр бүр эмч нар өгч чадахгүй байна. Энэ нь орон тооны нөөцтэй холбоотой гэдгийг харуулж байна. Эмнэлгүүдэд деспансирийг орон тоогоор нь ажиллуулах шаардлагатай байна.
“Глобаль” сангийн ДОХ, Сүрьеэгийн төслийн менежер М.Сэргэлэн:
30 ГАРУЙ САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ХИЙСЭН
-Монгол Улс 2003 оноос эхлэн ДОХ, Сүрьеэгийн чиглэлээр буцалтгүй тусламж авч эхэлсэн. Энэ хугацаанд ДОХ, Сүрьеэгийн тогтолцоог бэхжүүлэхийн тулд 30 гаруй сая ам.долларын буцалтгүй тусамжийг үзүүлсэн. Үүний 10 гаруй сая ам.доллар нь ДОХ-ын төслүүдэд зарцуулагдсан. Бид өнөөдрийг хүртэл ДОХ-ын эсрэг стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор ажиллаж эхэлсэн. Стратеги төлөвлөгөөний хувьд долоон зорилттой. Үүнд, эрсдэлт бүлэгт чиглэсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хяналт, шинжилгээ, үнэлгээ, стратегийн мэдээлэл, нийт хүн амьд чиглсэн сургалт сурталчилгаа зэрэг чиглэлд дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. Одоо хэрэгжиж байгаа төслийн хувьд дөрвөн үндсэн зорилттой. Тухайлбал, өндөр эрсдэлт бүлгийнхэнд чилгэсэн үйл ажиллагааг зохион байгуулах. Мөн урьдчилан сэргийлэх. Энэ нь бэлгийн цөөнх, биеэ үнэлэгч, хөдөлгөөнт хүн амд чиглэнэ. Түүнчлэн нийт хүн амийг ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үүднээс дунд сургуулийн эрүүл мэндийн багш нарыг энэ чиглэлд сургаж, үүгээр дамжуулан өсвөр үеийнхэнд мэдлэг мэдээлэл өгөх юм. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж бий. Энэ нь дотроо БЗДХ/ХДХВ/ДОХ-ын эмчилгээ үйлчилгээ, ДОХ-ын халдвартай хүмүүст чиглэсэн үйлчилгээ багтана. Хамгийн сүүлчийнх нь байгууллагуудын уялдаа холбоог хэрхэн сайжруулах, хүний нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх зэрэгт энэ удаагийн төсөл чиглэж байна.
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн:
ОРОН НУТАГТ ЭНЭ АСУУДАЛД ХӨРӨНГӨ ТӨСӨВЛӨХ НЬ ЧУХАЛ
-Манай аймаг хүн ам ихтэй, аялал жуулчлал хөгжсөн бүс нутаг. Үүнтэй холбоотойгоор БЗДХ буурахгүй байна. Нийт халдварт өвчний 60 гаруй хувийг БЗДХ/ХДХВ/ДОХ, Сүрьеэ эзэлж байна. Тиймээс дунд хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлж байна. Энэ ажилд бусад салбарын оролцоог нэмэгдүүлж хамтарч ажиллах нь чухал байна. Энэ удаагийн Үндэсний чуулганаар “Халдварын тархалтыг тэглэе” уриаг дэвшүүлж байгаа нь нэн чухал. Үүний тулд хэд хэдэн зорилт дэвшүүлэх ёстой. Тухайлбал, урьдчилан сэргийлэлтийг эрчимжүүлэх юм. Мөн хуульд өөрчлөлт оруулж орон нутгийн бүх шатны хуралд энэ асуудлыг хэлэлцэж жил бүр хөрөнгө төсөвлөх хэрэгтэй. Үүнээс гадна эмч мэргэжилтнүүдийн хангамжийг сайжруулах, иргэдийн энэ чиглэлийг мэдээллийг нэмэгдүүлэх, зан үйлийн өөрчлөлтийг зөв төлөвшүүлэх нь чухал байна. Манай аймгийн хувьд энэ ажлын хүрээнд “Таны эрүүл мэнд таны гарт” сонинг гаргадаг. Ерөөсөө БЗДХ гэдэг хувь хүнээс шалтгаалах зүйл юм. Манай аймагт ХДХВ-ын халдвартай нэг гэр бүлийн хоёр хүн бий. Тухайн хоёр хүний хувьд ажил төрлөө хийгээд, байнгын эмчийн хяналтанд хэвийн амьдарч байгаа.
Залуус эрүүл мэнд төв ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж:
БЭЛГИЙН ЦӨНХИЙН 20-30 ХУВЬД НЬ ХҮРЧ АЖИЛЛАЖ БАЙНА
-ХДХВ-ын халдвар бэлгийн цөөнхөд байна гэдэг олон нийтэд ил болсон. Бэлгийн цөөнхтэй ажилладаг ТББ 2003 онд байгуулагдсан. Түүнээс хойш олон төрлийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Ингэснээр ХДХВ-ын халдвар бэлгийн цөөнхөд байна гэдэг мэдээллийг гаргаж ирсэн. Бидэнд ганц бэрхшээл байгаа нь бэлгийн цөөнхдөө үндэсний хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байна. Зөвхөн нийслэлд байгаа бэлгийн цөөнхөө судалгаанд оролцуулахаас биш хөдөө орон нутагт байгаа хүмүүсийг хамруулж чадахгүй байна. Мөн үндэсний хэмжээний үйл ажиллагаа явуулахад хөрөнгө мөнгө нэлээд шаарддаг учир дан ганц ТББ бүгдэд хүрч ажиллана гэдэг хүндрэлтэй. Тиймээс энэ асуудалд төр засгийн зүгээс дэмжиж өгвөл хүрч ажиллах хүрээ өргөжих боломжтой. Өнөөдрийн байдлаар нийт бэлгийн цөөнхийн 20-30 хувьд л хүрч ажиллаж байна.