Р.ОЮУН
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос өрнүүлж буй “Хавдаргүй Монголын төлөө” хөдөлгөөнийг “Зууны мэдээ” сонин дэмжин ажиллаж байгаа юм. Иймд уншигч та бүхэндээ хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар шинж тэмдэг илэрдэг, юунаас болж үүсдэг талаарх мэдээллийг цувралаар хүргэж ирсэн билээ. Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээгээр өнгөрсөн оны байдлаар 5777 хүн хавдраар өвчилснөөс 3999 нь нас барсан бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна.
Олон улсын хорт хавдартай тэмцэх холбоо 2005 онд санаачлан хорт хавдраар нас барж буй сая, сая хүний амь насыг аварч, аюулт өвчнөөс сэргийлэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийг жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд тэмдэглэж байгаа билээ. Манай улс 2007 оноос энэ өдрийг тэмдэглэдэг болжээ. 2016-2018 онд “Би чадна, бид чадна, та ч бас чадна” уриан дор хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Хорт хавдрын нас баралт өндөр байгаа нь 76 хувь нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үедээ оношлогдож байна. Шинэ тохиолдлын 61.4 хувь нь хөдөө орон нутагт, 38.5 нь Улаанбаатарт бүртгэгдсэн аж. Мөн 2011 оноос хойш орон даяар “Хавдрын эсрэг аян” хэрэгжүүлсэн нь сүүлийн таван жилийн хугацаанд эрсдэлт бүлгийн 90922 хүнд үзлэг, шинжилгээ хийж, аймгуудад 403 хорт хавдрын мэс засал хийсэн нь хөдөөгийн хүн амд хорт хавдрын тусламж, үйлчилгээг ойртуулсан ажил болж чаджээ.
Хавдрыг үүсгэдэг гадаад, дотоод шалтгаан байдаг аж. Дотоод шалтгаан нь хүний өөрийн зохицуулж болохгүй хүчин зүйлийг хэлдэг байна. Нас ахих тусам хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг. Үүнийг бид өөрчилж чадахгүй. Хоёрдугаарт, хүйс. Умайн хүзүүний хавдар эмэгтэй хүнд л тохиолдоно. Гуравдугаарт, удамшил. Тухайн гэр бүлд төрсөн ах, эгч, ээж аав, удамд нь хорт хавдраар өвчилсөн хүн байвал өвдөх эрсдэлтэй байна.
Гадаад хүчин зүйлд хавдрын шалтгаант вирус, хеликобактери, элэгний В, С вирус байдаг. Хавдрын бус хүчин зүйлд бидний эрүүл аж төрөх хэв маягтай холбоотой үүсдэг. Тухайлбал, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, таргалалт гэх мэт аж. Дэлхий нийтэд тохиолдож байгаа хорт хавдрын 19 хувь нь дангаараа хүрээлэн буй орчноос буюу ажлын байрнаас болсныг ДЭМБ-ын олон улсын хавдар судлалын агентлагаас судалж гаргасан байна.
Олон улсад хийсэн судалгаагаар гадаад орчны агаарын бохирдол хүний биед хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг байна. ДЭМБ-ын төрөлжсөн агентлаг болох олон улсын хавдар судлалын агентлаг агаарыг бохирдуулагч автомашины түлш, уусгагч, металл, тоосыг судалсан ба агаарын бохирдол хавдар үүсгэдгийг тогтоож 2013 оны аравдугаар сарын 17-нд гадаад орчны агаарын бохирдлыг хүнд хавдар үүсгэдэг бодисын ангилалд багтаан зарлажээ.
Хорт бодис үүсгэж байгаа хүчин зүйлийг зургаан бүлэгт хуваасан байна. Тухайлбал, химийн, холимог бүрдлийн хүчин зүйлс. Дангаараа химийн бодис бусад химийн элементтэй нэгдэж холимог нэгдэл буюу агаарын бохирдлыг үүсгэдэг. Гуравдугаарт, мэргэжил. Тухайн хүний ажиллаж байгаа онцлогоос хамаарч үүсдэг ажил, мэргэжилтэй холбоотой хүчин зүйл байна. Тухайлбал, кокс нүүрстэй ажилладаг хүмүүс. Дөрөвдүгээрт, физикийн хүчин зүйл. Үүнд нарны хэт ягаан туяаны нөлөө, радио идэвхт цацраг туяа орно. Тавдугаарт, биологийн хүчин зүйл. Өөрөөр хэлбэл, хүний биед өвчин эмгэг үүсгэж буй бактери, нян вирус. Элэгний хорт хавдрыг В, С вирус үүсгэдэг бол хүний хөхөнцөр вирус умайн хүзүүний, хеликобактери ходоодны хорт хавдрыг үүсгэдэг байна. Хамгийн сүүлд нь биднээс хамааралтай буруу дадал, зан үйлтэй холбоотой хүчин зүйлүүд аж. Үүнд тамхи татах, архи уух, хөдөлгөөний хомсдол, таргалалт нь хорт хавдрыг үүсгэдэг шалтгаан болж байна хэмээн Хавдар судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Алтанзаяа онцлов.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин