Р.ОЮУН

Хавдар судлалын үндэсний төвийн дугуй заал хөл хөдөлгөөн ихтэй байв. Учир нь  Энэтхэгийн “JAVPEE” эмнэлгийн элэгний мэс заслын эмч Абидид Чаудхари, ХСҮТ-ийн Элэг, цөс, ходоод, нойр булчирхайн тасгийн эмч нартай хамтран иргэдэд үнэгүй төлбөргүй үзлэг хийж, лекц уншиж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм. “Сүүлийн 20 жилийн дотор элэгний хатуурал болон элэгний хорт хавдраар дэлхий дээр нас барж байгаа хүний тоо 50 сая болж өссөн. Мөн 100 сая хүн элэгний хатуурлаар өвчилж, 480-540 сая хүн элэгний архаг вирустай. Энэ архаг вирус нь нэг сая хүнийг үхэлд хүргэж байгаа. Элэгний хатуурал нь 2020 он гэхэд хамгийн их үхэлд хүргэдэг 12 өвчний нэг болно. Ихэнх хорт хавдрын шалт­гаан тодорхой бус байдаг” хэмээн Абидид Чаудхари эмч ярьж байсан.

Тэрээр “Монголд элэгний өвчлөл их байна. Ялангуяа, хүмүүс хожуу үедээ оношлогдож байна. Олон хүнд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байх юм. Гэтэл донорын асуудал хүнд байна. Тухайлбал, гэр бүл олуулаа ч тухайн айлд элэгний өвчтэй хүн их байна. Ганцаараа биш гэр бүл, төрөл төрөгсөд нь өвчтэй байгаа болохоор донор гэдэг том асуудал болоод байна. Хоёр дахь том асуудал нь санхүү. Монголдоо бараг хийхгүй байгаа учраас хүмүүс гадаг­шаа хамаг мөнгөө бариад явж хийлгэх шаардлагатай болдог. Элэг шилжүүлэн суулгах нь өртөг, зардал ихтэй эмчилгээний арга. Тиймээс Энэтхэгийн “JAVPEE” эмнэлэг, ХСҮТ-тэй хамтраад Монголд элэг шилжүүлэн суулгах хөтөлбөрийг дэмжих гэж оролдож байна. Ингэснээр Монголын иргэд хамаг юмаа зарж гадагшаа явахгүй байх боломжийг олгохын төлөө бид хамтарч ажиллаж байгаа” гэв.

Монголд төдийгүй дэлхийд өвчлөлөөрөө тэргүүлж буй элэгний болон умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан нь тодорхой байдаг. Нийт тохиолдож буй элэгний хорт хавдрын 46 хувь нь элэгний С, 35 нь В вирус, 14 хувь нь хавсарсан В, С вирусын халдвар байна. Монгол Улсад элэгний хорт хавдрын өвчлөл 2013 онд шинэ тохиолдол 1967, хяналтад 2792, нас баралт 1578, хожуу оношлогдсон 81.2 хувь, оношлогдсоноос хойш өвчлөгсдийн таваас дээш жил амьдрах хувь 19.5 байжээ. Тиймээс элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, оношлоход эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний анхдагч, хоёрдогч шатлалд хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлэх хүний нөөц, лабораторийн урвалж, оношлуур, дүрс оношлогооны багаж, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах хэрэгтэй. Мөн өрх, сумын эрүүл мэндийн төвд В, С вирус илрүүлэх түргэвчилсэн оношлуураар хангах, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд элэгний хорт хавдрын маркер илрүүлэх оношлуур, дижитал эхо аппаратаар хангах, ХСҮТ-ийн оношлогооны тоног төхөөрөмж /СТ, MRI/-өөр хангах, ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга буюу элэгний мэс заслын төв байгуулах шаардлагатай байгаа талаар хоёр улсын эмч нар ярьж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин