Б.ТУУЛ
Сүүлийн үеийн судалгаагаар монголчуудын 15 хүртэлх хувь нь С вирустэй гэж оношлогджээ. Энэхүү үзүүлэлт нь монголчуудыг элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүр байр эзлэхэд хүргээд буй юм. Тиймээс энэ удаа бид элэгний өвчлөлийн талаар уншигчдаас ирсэн зарим асуултад ХӨСҮТ-ийн их эмч, анагаах ухааны доктор Б.Цацралт-Одоос дараах хариултыг авлаа.
-Элэг нь өвддөггүй хэрнээ С вирустэй гэж оношлогдсон хүн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах вэ. Энэ вирусын халдварыг эдгэрэхгүй гэж ярих юм, бүрэн эмчлэгддэггүй хэрэг үү?
-Элэгний эсэд вирус орсон тохиолдолд бүрэн эдгэрэхгүй. Харин идэвхжил нь алга болно. Нэг вирус 30 жил амьдрах чадвартай байдаг. Тэр хүн 40 настайдаа вирусын халдвар авсан бол 70 нас хүрэхэд байж л байна гэсэн үг. Тиймээс вирусын идэвхжилийг бууруулах арга бий. Идэвхжээд ирнэ гэхээр тухайн вирусын тоон хэмжээ нэмэгдэж, өсч үржинэ. Хүмүүс гам сахихгүй, дархлаа сулрах тусам вирус идэвхжинэ. Түүнчлэн вирусын тоо нэмэгдсэн тохиолдолд элэгний эсийг хурдан задалдаг.
Гурван вирус агуулсан монгол хүний 63 хувьд нь элэгний хавдар үүсэх магадлал өндөр байна гэдгийг бид Японы эрдэмтэдтэй хамтраад судалж тогтоосон. Ер нь нэг вирусын бус хавсарсан вирусын халдвар хамгийн аюултай байдаг.
-Тэгвэл элдэв вирусын халдвар аваагүй хэрнээ элэгний өвчтэй хүмүүс байдаг шүү дээ. Энэ юунаас болж байна вэ. Архи тамхины хэрэглээ, буруу хооллолтоос үл хамааран элэг өвчлөх шалтгаан байдаг уу?
-Вирусгүй хэрнээ элэг нь өөхлөх тохиолдол бий. Элэгний бусад төрлийн өвчин ч байдаг. Бодисын солилцооны хямралаас болж элэгний өвчтэй болж болно. Мөн элэг өөхөлж хямарна. Цөсөнд өөрчлөлт орсноор элэг өвдөх нь ч бий. Гэхдээ эдгээр нь ялгаагүй элэгний эсийн үйл ажиллагааг алдагдуулна. Элэг бол хамгийн түрүүнд стресст өртөмтгий эрхтэн. Тиймээс сэтгэлзүйн хувьд стрессийн хүчин зүйлийг зайлуулах хэрэгтэй.
-Сүүлийн үед вирус тоолно гэж ярьдаг болсон. Энэ ямар ач холбогдолтой юм бэ. Ер нь вирусын тоо хэд байвал их байна гэж үзэх вэ?
-Тоолсны үндсэн дээр тухайн вирусын хэмжээ хэд байна, идэвхжил хэр зэрэг байна вэ гэдгийг тоон үзүүлэлтээр гаргадаг. Дэлхий нийтээр 800 мянгаас дээш байвал их байна гэж үздэг. Тоолсны үндсэн дээр эмчилгээгээ хянах ёстой. Тоолчихоод хаяж болохгүй. С вирусын үндсэн эмчилгээ хийгээд, 1-3 сар, нэг жилийн дараа вирусын тоо хэд болсон байна вэ гэдгийг тоолох, тооцож үзэх ёстой. Гурван сарын дараа үр дүнгүй байвал эмчилгээгээ зогсооно. Вирус тоолдог хэд хэдэн лаборатори манайд бий. Тэгэхээр эмчилгээний асуудлыг цогцоор нь шийдвэрлэж өгдөг болох хэрэгтэй. Манай улс Засгийн газрынхаа мэдэлд Элэгний оношлогооны орчин үеийн төв байгуулчихвал болох гээд байгаа юм. Вирусээ тоолчихдог, эмчилдэг баймаар байна. Хүн болгон гадагшаа явж чадахгүй шүү дээ. Тиймээс эх оронд нь эмчлэх тогтолцоо нэвтрэх юм бол их хэмжээний хөрөнгийг гадагшаа урсгахгүй байж болно.
-Манай улсад хэдэн хүн элэгний вирус тээж байна вэ. Энэ талаар хийсэн дорвитой судалгаа бий юү?
-2.7 сая хүний 10 хувь В вирусын халдвартай байна. Үүнээс үзэхэд арван хүний нэг нь вирусын халдвартай байна гэсэн үг. Мөн нийт хүн амын 15 хувь нь С вирустэй байна. С, В вирустэй хүн 10 хувь байгаагийн 80-н хувьд нь Д вирус хавсарсан байна. Энэ мэтчилэн манайд дандаа хоёр оронтой тоон дээр яваад байгаа юм. Элэгний архаг өвчтэй хүмүүст В,С вирусын халдвар 80-аас дээш хувьтай байна. Вирус нь элэгний хавдар үүсгэдэг гол хүчин зүйл. Дээр нь архи, тамхи гэх мэт хорт зуршил орно. Мөн монголчуудын биеэ гаргуунд нь хаядаг байдал үүнд бас нөлөөлж байна. Хүмүүс эрүүл аж төрөх ёсыг дагаж чаддаггүй, амьдралын хэв маягаа өөрчилж чадахгүй байгаа учраас өвчлөх нь элбэг байна.
-Элэгний вирусыг бүрэн устгах боломжгүй гэсэн. Тэгвэл нэгэнт В, С вирусын халдвартай гээд оношлогдсон тохиолдолд яах ёстой вэ?
-Элэгний вирус бие махбодид орчихсон л бол ханиадны вирустэй адил эм угаад дарагдана гэж байхгүй. Тэгэхээр элэгний вирусын хамгийн аюултай нь үүнд байгаа юм. Нэгэнт орчихвол насан туршид нь байж байгаад тэр хүнийг элэгний хавдартай, эсвэл хатууралтай болгоно. Тиймээс вирус орсон тохиолдолд идэвхжүүлэхгүй, тогтоож барих нь чухал. Мөн урьдчилан сэргийлдэг байх хэрэгтэй. Өөрийгөө байнга мэдээллээр ханга. Өрх гэр дотроо ч өөрийгөө хамгаал. Эмчилгээ хийж байна гэдэг нь вирусын идэвхжилийг дарж байна гэсэн үг. Төгс эмчлэгдэхгүй ч эмчилгээн дээр тодорхой ахиц гарна Орчин үед энэ өвчнийг “Чимээгүй үхэл” гэж нэрлээд байгаа. Вирусын халдвартай боллоо гэхэд хүчтэй өвдөлт мэдрэгддэггүй. Энэ нь аюулд хүргэдэг. Гэхдээ эмчилгээ нь хувь хүндээ сайн зохивол вирусын идэвхжил багасна.
-Манайд сүүлийн үед ямар эмчилгээнүүдийг хийж байна?
-Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт арга гэвэл элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж байна. Үүнээс өмнө стандарт эмчилгээг хийдэг. Тэр нь үндсэн гурван шатлалаар эмчилдэг. Хордлогыг нь бууруулах, элэгний эсийг аль болох задлуулахгүй байх гэх мэт эмчилгээ хийнэ.
-Элэгний өвчлөл, вирусын халдвар залуужих хандлагатай байна гэж яриад байгаа. В, С вирусын халдварыг аваад үзвэл аль насныханд элбэг байна вэ. Мөн үүний шалтгаан нь юутай холбоотой байна?
-Бидний судалгаагаар 18-25 насныханд В вирусын халдвар илрэх нь элбэг байна. Мөн 30-аас дээш насны эмэгтэйчүүд С вирусын халдвараар өвдөх нь элбэг байна гэж тогтоогдсон. Эмэгтэйчүүдийн дунд С вирусын халдварын тархалт өндөр байгаа нь төрөх болон бусад мэс ажилбарууд, чихээ цоолуулах, гоо сайхны мэс ажилбарт орох гэх мэт эрсдэлт хүчин зүйлд эмэгтэйчүүд илүү өртдөгтэй холбоотой гэж үзэж байгаа юм.
-Тэгвэл вирусын халдварт өртөхгүйн тулд, мөн гэр бүлийн бусад гишүүддээ В, С вирусын халдвар тараахгүйн тулд яах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд цусны аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарах ёстой. Мөн аль болох хэрэггүй хатгалт олон хийлгэхгүй байх нь чухал. Нэг удаагийн зүү, тариур заавал хэрэглэ. Мөн ээж аав нь хүүхдээ С вирусын халдварт өртүүлэхгүй байхын тулд хумсны хутга, шүдний сойз, сахлын хутга зэргийг тусдаа хэрэглэж занших нь чухал. Мэс ажилбараас С вирусын халдвар авах нь ч бий. Гоо сайхны мэс ажилбаруудыг эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хийлгэвэл С вирусын халдвар авах магадлал өндөр. Сүүлийн үед бэлгийн замаар С вирусын халдвар авах байдал нэмэгдэж байгаа. Энэ вирусын эсрэг вакцин байдаггүй. Тиймээс вирус авсны дараа биш, урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал болоод байна. Хүний амьдралын туйлын зорилго бол амьд явах. Амьдрахын тулд эрүүл элэгтэй байх хэрэгтэй.