Д.МЯГМАР

Монголчууд цус харвасны дараа, саа саажилттай хүнийг нөхөн сэргээх эмчилгээнд хангалттай оруулдаггүй гэрт нь үлдээдэг. Ийм хүмүүсийн биеийг эрүүлжүүлж, нөхөн сэргээх болон хөдөлгөөн заслаар эмчлэх кабинет манай улсад төдийлөн хангалтгүйгээс тэд гэрийнхнийхээ асаргаанд орж, хөдөлмөрийн чадвараа алдахаас өөр зам үлддэггүй байна. Монгол, Солонгосын Дорнын анагаах ухааны төвд  дээрх хүмүүст зориулсан нөхөн сэргээх болон хөдөлгөөн заслын кабинетийг шинээр байгуулжээ. Энэ талаар тус төвийн захирал Ч.Батмөнхтэй ярилцлаа.

-Танай төвийг нөхөн сэргээх болон хөдөлгөөн заслын шинэ кабинеттэй болж байгаа гэж дууллаа. Шинэ кабинетийн талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Манай эмнэлэг Монгол, Солонгос хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулагдсаныг хүмүүс мэдэх байх. 2001 оноос өнөөдрийг хүртэл манай төвд Солонгосын талаас хөрөнгө оруулалтыг үе шаттай хийж ирлээ. Солонгосын Засгийн газраас БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /КОЙКА/ -аар дамжуулан манай эмнэлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэн юм. 

Мөн Медипис олон улсын байгууллага, Дэгү хотын Ханнүгийн их сургууль төслийг хэрэгжүүлж нөхөн сэр­гээлтийн болон хөдөл­гөөн заслын кабинетийг шинээр байгуулж, тохижуулаад ажил нь үндсэндээ дуусч байна.

Өнгөрсөн гуравдугаар сараас хойш судалгааны ажил болоод эмнэлгийн байрны дотоод засвар үйлчилгээг хийж, тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь суурилууллаа. Нөхөн сэргээх болон хөдөлгөөн заслын кабинет манай төвийн үйлчлүүлэгч, өвчтөнүүдэд  хамгийн чухал, хамгийн хэрэгцээтэй байсан. Үйлчлүүлэгчид маань ч бидэнд байнга хүсэлт тавьдаг байсан. Эрүүл мэндийн салбарын өнөөгийн гол зорилт бол нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг цогц байдлаар хөгжүүлэх явдал юм. Яагаад гэвэл, цус харвасан хүн түргэн сайжирч, эдгэрэхийн тулд зайлшгүй нөхөн сэргээх эмчилгээнд орох ёстой. Мөн нурууны болон тулгуур эрхтэний гэмтэл, үений гэмтлийн дараа ялангуяа өвдөгний үений хагалгааны дараа зайлшгүй нөхөн сэргээх эмчилгээнд орох ёстой. Ингэснээр тухайн өвчтөн маань эдгэрэх боломжтой. Хөдөлмөрийн чадвар дээшилж, амьдралын баяр баясгалан ирдэг.  Манай кабинетийн онцлог энэ.

-Нөхөн сэргээх шинэ тоног төхөөрөмжөө хүлээгээд авсан уу?

-Эмнэлгийн тоног, төхөөрөмжийг шинэчлэн суурилуулах ажлыг үе шаттайгаар хийлээ. Энэ төслийн дүнд манай эмнэлэг өнгө төрхөө нэлээн сайжруулж заслаа. Эмч, мэргэжилтнүүдийн маань ч ажиллах нөхцөл улам дээшиллээ.

-Нөхөн сэргээх эмчилгээг харж байхад голдуу хөдөлгөөнтэй холбоотой харагдах юм. Үүнийг заавал танай төвд ирж, тусгай тоноглол дээр хийх ёстой юу?

-Цус харвалтын дараа эмийн эмчилгээ хийлгээд үргэлжлүүлэн сэтгэл заслын, нөхөн сэргээх хөдөлгөөн заслын эмчилгээнд оруулах зайлшгүй шаардлагатай. Өнөө үед эрүүл хүнд хүртэл хөдөлгөөн чухал байгаа биз дээ. Тархины цус харвалт гэдэг бол нэгдүгээрт, хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу түр алддаг. Хоёрдугаарт амьдралын баяр баясгалангаа алддаг. Гуравдугаарт, хүний хараат байдалд шууд ордог. Ингэхгүйн тулд эмийн эмчилгээний дараа өөрт тохирсон мэргэжлийн эмнэлэг, эмчээ сонгон нөхөн сэргээх хөдөлгөөнт эмчилгээнд цаг алдалгүй орох нь амьдралын баяр баясгаланг олох чухал зүйл юм. Манай эмнэлэгт нөхөн сэргээх хөдөлгөөнт заслаар мэргэшсэн мэргэжлийн эмч ажиллаж байгаагаараа онцлогтой юм.

-Цус харвасан хүнийг нөхөн сэргээх эмчилгээнд оруулаад хөдөлмөрийн чадвараа эргэн олж авах боломжтой юу?

-Боломжтой байлгүй яах вэ. Тухайн хүн өөрөө эдгэнэ гэсэн эрмэлзлэлтэй, эмчилж байгаа эмчтэй бүрэн төгс итгэсэн, зоригтой хүчтэй байхад амьдралын хэдийн байдалд орж, баяр баясгалантай болдог.

-Шинэ кабинетдаа хэчнээн төрлийн тоног, төхөөрөмж, техник хэрэгсэл суурилуулсан бэ?

-Манай эмнэлгийн нөхцөл байдалд тохируулан нэг өрөөг тохижуулсан. Саа саажилттай болон үений хөдөлгөөн хязгаарлагдсан өвчтэй хүмүүст хөдөлгөөн засал эмчилгээ хийхээс гадна аппарат тоног төхөөрөмжөөр эмчилж байна. Энэ эмчилгээгээр хөдөлгөөн гэдэг бол ямар ч эм тарианаас чухал гэдгийг харуулж байгаа юм.   

-Солонгосуудыг эмчилгээ, ононшлогооны тал дээр илүү гэж үзэн монголчууд сүүлийн жилүүдэд Сөүлийг зорих нь ихэссэн. Одоо танай төвийг зориход болох юм байна. Төслийн шугамаар танайд Солонгосоос олон мэргэжилтэн ирсэн үү?

-БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /КОЙКА/ -аас хоёр эмч мөн манайд төсөл хэрэгжүүлэгч Медиписи ОУБ-ын шугамаар хоёр мэргэжилтэн ирсэн. Рентгений эмч, хөдөлгөөн засал, уламжлалт, нөхөн сэргээлтийн эмч нар ажиллаж байна.

-Танай эмнэлгийг хамгийн сүүлийн үеийн дижиталь рентген аппараттай болсон гэж сонссон. Ямархуу ид, шидтэй аппарат вэ?

-Энэ төслөөр сүүлийн дижиталь рентгений аппарат суурилагдсан. Мөн 3D ЭХО аппарат суурилагдсан. CD-ээр болон хальсан дээр тухайн хүний зургийг гаргаж өгнө. Шаардлагатай тохиолдолд тухайн хүний зургийг Солонгос руу сүлжээгээр явуулж оношийг тодруулна.

-Гадаадад эмчилгээ, оношлогоо хийлгэхэд төлбөр өндөр гардаг. Танай төвд өгсөн шинжилгээний зургаа Солонгосын тал руу илгээж оношлуулсан тохиолдолд үнэ, өртөг хэр гарах вэ?

-Манай эмчилгээний төлбөр харьцангуй хямд. Солонгос Монгол эмч нар хамтран эмчилгээний тал дээр сургалт хийж хамтран ажилладгаараа давуу талтай.

-Нөхөн сэргээх шинэ кабинет хэзээ иргэдэд үйлчилгээ үзүүлж эхлэх вэ?

-Манай төслийн хоёр дахь шатны нээлтийн ажиллагаа энэ сарын 31-ний 11.00 цагт болно. Манайх хоёр улсын Засгийн газрын гэрээний дагуу байгуулагдсан учир зочид төлөөлөгчид өргөнөөр ирэх байх аа. Энэ төслийн өртөг 450 ам.доллар болно. Энэ мөнгө засвар  үйлчилгээ, тоног төхөөрөмж, мэргэжилтнүүд ирэх, сургалт зохион байгуулах зэрэгт зарцуулагдаж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлж байгаа Солонгосын Засгийн газар, КОИКА, Meдипис ОУБ, Тэгү, Ханну их сургуулийн хамт олонд Монголын ард түмний өмнөөс талархаж байна. Манай үйл ажиллагааг дэмжиж цаашид хөгжих нөхцлийг бүрдүүлж өгсөн Монголын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон манай байгууллагатай хамтран ажиллаж биднийг дэмждэг бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлж ирээдүйн зам мөрт чинь ариун цагаан, ажил үйлсэд чинь амжилт хүсье.

-Танай төвөөр үйлчлүүлэхийн тулд ямар хаягаар очих вэ?

-Манай төв Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт  “Оргил” рашаан сувиллын байрны зүүн жигүүрт байрладаг. Та 11-345374 дугаарын утсаар холбоо барьж болно.