Б.ЭНХЗАЯА

 

  Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Анхтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Аймгийн эрүүл мэн­дийн салбарынхны ажил үйлчилгээнд иргэд ам сайтай байна. Ялангуяа орон нутаг гэхэд нарийн мэргэжлийн эмч нар хүрэл­цээтэй байгааг онцолж байсан. Энэ талаар ярилц­лагаа эхэлье?

-Манай байгууллага эмнэл­гийн салбартаа нарийн мэргэжлийн эмч нарын хүрэлцээг хангахад ихээхэн анхаардаг. Энэ ч утгаараа бүсийн онош­логоо, эмчилгээний төвөө эх барих эмэгтэйчүүдийн эмч, мэдээгүйжүүлэгч, яаралтай тусламжийн эмч зэрэг шаардлагатай нарийн мэргэжлийн эмчээр ханган ажиллаж байна. Эмч мэр­гэжилтнүүдээ тогтвор суурь­шилтай ажиллуул­лахын тулд тэдний нийг­мийн асуудлыг шийдэх нь чухал байдаг. Тийм боло­хоор тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч нартаа тэтгэмж олгож байна. Орон сууцны квотод манай 22 эмч багтсан. Бүх сумын эрүүл мэндийн төвд эмчийн байр барьсан. Энэ ажлын дүнд бүх сумын эрүүл мэндийн төв хоёр ба түүнээс дээш эмчтэйгээр ажил, үйлчилгээгээ хүн арддаа хүргэж байна.

-Оношлогоо, эмчилгээ хийхэд тоног төхөөрөмж нэн чухал. Үүнд хэр анхаарав?

-Мэдээж сүүлийн үеийн тоног төхөөрөмж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хийж байгаа. Манайх эм­нэл­гийн тусламж үйлчилгээнд сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи, онош­логооны тоног төхөө­рөм­жийг ашиглаж байна. Тухайлбал, манайд улсад цөөн байгаа 4D эхо аппа­ратыг ашиглаж байна, дурангийн хагалгааг ч хийдэг боллоо. Мөн оношлогоо эмчилгээтэй холбоотой өндөр хөг­жилтэй гадаадын орнууд болох Итали, Францын эмч нартай хамтарч, хүүх­дийн мэс заслын чиглэ­лээр хамтарч байна. Үүнээс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр алсын зайн оношлогооны аппараттай болж, эх нярайн болон зүрх судасны чиглэлээр алсын зайн оношлогоогоор нарийн мэргэжлийн эмч нартай холбогдож зөв­лөгөө авч ажиллах болсон бидний үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдийн сэтгэлд ч нийцэх болсон.

-Эх нярайн эндэгдэл танай аймагт өсөлттэй байдаг юм билээ. Үүнд юу нөлөөлөөд байна вэ. Бууруулах боломж бий юу?

-Манай аймгийн хувьд анхаарал татаж байгаа асуудал эх хүүх­дийн эндэгдэл. Хүүхдийн эндэгдэл дотроо нярайн эндэгдэл 2008 оноос хойш буурсан. Гэхдээ улсын дунджаас өндөр байна. Үүнд манайхан онцгой анхаарч 2009 онд аймгийн хэмжээнд зөвлөгөөн хийсэн. Учир нь энэ асуудалд эрүүл мэндийн салбарынхан дангаараа шийдэх биш, төрийн байгууллага, иргэдийн оролцоо чухал гэсэн сана­лаар нээлттэй хэлэлцүүлэг явуулсан юм. Үүний дүнд хүүхдийн эндэгдэл буур­сан. Гэвч хүүхдийн эндэг­дэл буурч байгаа ч гэсэн нярайн эндэгдэл өндөр байгаад байна. Нярайн эндэгдэл дотроо 0-6 хо­ногтой хүүхдийн эндэгдэл. Энэ нь шууд эхийн эрүүл мэндтэй холбоотой. Тиймээс төрөх насны эмэгтэйчүүдийг эрүүл­жүү­лэх ажил чухал. Манайх мэргэ­жилт­нүүдээ хүүхдийн эндэгдэл бага гурван аймгаас туршлага судлуулсан. Өөрөөр хэл­бэл, Дорноговь, Сэлэнгэ, Баянхонгор аймагт хэрэг­жиж байгаа зарим төслийг хэрэгжүүлж байна. Эдгээр аймгууд “Дэлхийн зөн” олон улсын байгуул­лагатай хамтран “Гал го­ломт” төсөл хэрэгжүүлдэг юм билээ. Энэ талаар “Дэл­хийн зөн”-д санал тавьсаар энэ жилээс манай аймагт хэрэгжиж эхэлсэн. Үүнд эх хүүхдийн хоол тэжээлийг шийдэх асуудал ихээхэн үр дүнгээ өгч байна. Ээжүүдийг бүл болгоод хүүхдийн хоол тэжээлийн аргазүйд сургах нь үр дүнтэй юм билээ. Харин мэргэ­жилтнүүдийн зүгээс нярайн эмч нар дутаг­далтай байсан хөдөө орон нутгийг нарийн мэргэж­лийн эмчээр хангасан.

-Жирэмсэн эхчүүдийн төрөхийн өмнөх тасаг байдаг байсан. Сүүлийн үед энэ тасаг байхгүй болсон гэж эхчүүд шүүмж­лэх болсон. Өвөрхангай аймгийн сумдад төрөхийн өмнөх тасаг хэр байна вэ?

-Манай аймгийн бүх сум төрөхийн өмнөх байртай. Жирэмсэн эхчүүд тэндээ амарч байгаад төр­дөг. Гэхдээ эрсдэлтэй тө­рөх ээжүүдийг бүсийн оношлогоо эмчилгээний төвд төрүүлж байгаа ч орны хүрэлцээ хомс бай­даг. Эрсдэлтэй ээжүүдийг авчирж байгаа тохиолдолд орны тоог нэмэх зайлшгүй хэрэгтэй байна.

-Эмнэлгийн хүрэл­цээний асуудал аль ч нутагт хөндөгдөх болжээ. Бас эмч, мэргэжилт­нүү­дийн зан харилцааг шүүмж­л­эх хүн ч байдаг?

-Дээр хэлсэнчлэн тө­рөх тасгийн орны хү­рэлцээ муу байгаагаас гадна бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн хүлээлт, дараалал их үүс­дэг нь иргэдийг бухим­дуулж байна. Жилээс жилд хүн ам өсч байгаа. Шилжилт хөдөлгөөн их байна. Тэгэхээр хувийн хэвшлийн эмнэлгийг хөгжүүлмээр санагддаг юм. Тэгвэл улсын эм­нэлгийн ачаалал багасна. Манай аймаг 30 орчим мянган хүн амтай, хүмүү­сийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөн байна. Тэд хүүхдүүдээ сургуульд сур­гана гээд аймгийн төвд нэг гэрээрээ, хөдөө малтайгаа нэг хэсэг нь байна. Тэд бүртгэлгүй хүн амд ор­чихдог болохоор аймгйин төвд байгаа өрхийн эм­нэл­гүүдэд ачаалал нэмж байгаа юм. Үүнийг бид бодлогоор зохицуулах зайлшгүй шаардлага бий болоод байна. Мөн ажилчдынхаа өвчтө­нүүдтэй хандах харилцааг сайжруулах тал дээр анхаарах ёстой. Учир нь иргэдээс ирсэн санал гомд­лын ихэнх нь мэр­гэж­лийн алдаа гарга­чихлаа гэхээс илүү тэдний зан харьцааг шүүмжилсэн байдаг. Арга ч үгүй юм. Эмнэлэгт хандаж байгаа хүн өөрөө сэтгэлзүйн хувьд маш хүнд байдаг. Тийм хүнтэй эмч зөв харьцах нь чухал. Энэ асуудлыг шийдвэрлэх зо­рил­гоор манайх өнгөрсөн тавдугаар сард ажилч­дадаа Lady төвийн сур­галтыг зохион байгууллаа.

-Эмч нарын ур чад­варыг сайжруулах талд ихээхэн анхаардаг юм байна. Гадаадад сургалтад явуулах боломж хэр байна?

-Бид сумын Засаг дарга нартай хамтарч ажил­ладаг. Тиймээс залуу эмч нартай сумаас нь дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Хүний нөөцийн хувьд ажилчдыгаа урт богино хугацааны сургал­тад хамруулж байгаа. Жил­дээ ажилчдын 30 орчим хувь нь ямар нэг сургалтад хамрагдаж байгаа гэж хэлж болно. Энэ хугацаанд 40 гаруй эмчид мэргэжил олгох чиглэлээр сургасан бол мэргэжил дээшлүүлэх  чиглэлээр 50 гаруй эмчийг сургалаа. Хамгийн сүүлийн ээлжийн эмч нар гадаадад гурван сарын сургалтад хамрагдсан. Салбар доторх хамтын нэгдмэл байдлыг хангахад бид анхаарч уулзалт семинар, сургалт зохион байгуулдаг. Саяхан спортын бага наадмыг зохион бай­гууллаа. Бэсрэг наадам зохиолоо. Эмч нарын ажил мэргэжлийн уралдаан бас зохион бай­гуулдаг. Энэ жил багийн бага эмч нар, эх баригч нарын дунд уралдаан зохион байгуулсан. Ажил мэргэжлийн уралдаан зо­хион байгуулахаар онолын болон дадлагын талаар маш ихийг уншиж байгаа. Нэгдүгээрт тэднийг чад­вар­жуулах, нэгдмэл ажил­лагааг бий болгоход үр дүнгээ өгч байна. Ингэснээр манайх 2009 онд “Ёсзүйг дээдлэгч хамт олон”-оор шалгарч байсан.

-Танай аймгийн эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж хангалттай байна гэлээ. Орон нутгийн хувьд түргэний машин хүндрэлтэй байдаг шүү дээ?

-Манай салбарт хөрөнгө оруулалтын ажил нэлээд хийгдсэн. Тийм болохоор бүх эмнэлгээ түргэний машинаар хангалаа. Өрхийн эмнэлгийн төвүүд ч машинтай болж, 41 багийн эмчийг унаагаар хангалаа. Хөрөнгө оруу­лалтын хувьд “Эрүүл мэн­дийн салбарын хөгжил-II” төсөл амжилттай хэрэгж­сэн. Зарим сумын хэмжээнд цэвэр бохирын асуудлыг шийдэж барилга байгууламжид оруулж өглөө. Тоног төхөө­рөмжийн хувьд дутаад байх зүйлгүй болсон. Хоёроос бусад бүх сумын эмнэлэг эхо аппараттай болчихлоо. Нярайн тус­ламж үйлчилгээнд нэн шаардлагатай дулаацуу­лах ширээ гэх мэт тоног төхөөрөмжөөр хангаад өгчихсөн.

-Цаашид хийх ажил юу байна. Шийдвэрлэх шаардлагатай асуудлаа хэрхэн дүгнэж байна вэ?

-Эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрхийг бий болгох нь хамгийн зөв алхам юм. Яагаад гэвэл эрүүл мэндийг дэмжигч айл өрх олон байх юм бол хүн өвчлөх нь бага шүү дээ. Тиймээс аймгийн хэжмээнд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. Манай аймагт хоол боловсруулах замын өвчин тэргүүн эгнээнд байдаг. Харин нас баралтыг зүрх судасны өвчин тэргүүлж байна. Үүнд хүмүүсийн амьдралын хэв маяг, зан үйл ихээхэн нөлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  халдварт бус өвчний чиглэлээр зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, архи тамхи мэтийн хорт зуршлыг хэрэглэхгүй байх талаар иргэдэд ойлголт өгөх хэрэгтэй юм.  Тиймдээ ч  манайх архи, тамхигүй хамт олон болох байгууллагыг аймгийн хэмжээнд шалгаруулах болсон. Өнгөрсөн жил гурван эрүүл мэндийн төв тамхигүй хамт олон болж шалгарсан. Хархорин сум баяр ёслолыг архигүйгээр тэмдэглээд хэвшчихсэн.