Б.ТУУЛ

Хүйтэн, сэрүүний улиралд бид хүүхэд багачуудаасаа эхлээд  ханиад, томуугаа үзүүлэх гэж өрхийн эмнэлэг дээрээ цугладаг. Гэтэл мэдлэггүй, сэтгэлгүй, дээр нь дадлага туршлага муутай эмч нар сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлдэггүй нь нууц биш. Тиймээс салбарын яамнаас нь төсөв мөнгөө  голдог хэрнээ хариуцлагаа сайжруулдаггүй өрхийн эмнэлгүүдэд  ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай ярилцлаа.

 

-Нийслэлийн хэмжээнд  120 гаруй өрхийн эмнэлэг байдаг.  Эдгээр эмнэлэгт 500 гаруй эмч нар ажиллаж, нийслэлийн нэг сая гаруй  хүнд   эрүүл мэндийн тусламж  үйлчилгээг үзүүлдэг. Гэсэн ч өрхийн эмнэлэгт “малын эмч” нар ажиллаж байна гэсэн гомдол шүүмжлэл  тасардаггүй. Салбар хариуцсан сайдын хувьд та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Өрхийн эмнэлэгт  ажиллаж байгаа эмч нарын 50 гаруй хувь нь дадлагажигч эмч буюу дадлага, туршлага муутай хүмүүс ажиллаж  байгаа учраас ийм асуудал үүсээд байгаа юм. Үүнийг  хэн нэгний буруу гэхээс илүүтэй бидний эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлогын алдаа гэж үзэж байна. Учир нь, дадлагажигч эмч эхлээд заавал хоёр жил сум, өрхийн эмнэлэгт ажилласан байх ёстой гээд заачихсан байгаа юм. Үүнээс болоод өрхийн эмнэлгийн чанар муудсан гэж үзэж байна.  Бидний үед  хамгийн чадварлаг, туршлагатай эмч нарыг өрхийн эмчээр ажиллуулдаг байсан. Тэдгээр эмч нар нь мэдлэг, мэргэжилдээ гаршсан  байдаг учраас өвчнөө мэддэг, ялгаж салгаж оношлодог,  тохирох заавар зөвлөгөөгөө өгөөд явдаг байсан. Тиймээс анхны оношийг зөв гаргадаг хамгийн туршлагатай боловсон хүчинг өрхийн эмнэлэгт ажилладаг болгоно. Энэ асуудал дээр бодлого жаахан алдагдчихжээ гэж харж байна.  Иргэдээс ирж буй  санал гомдол ч  үүнтэй холбоотой байна.

-Өрхийн эмч нар  “Мухар олгой нь дотроо хагарчихсаныг мэддэггүй”, “Харшлын эмийг ханиадны эмтэй андуурдаг” гээд муулах, шүүмжлэх хүн цөөнгүй байдаг. Хэдийгээр дадлагажигч эмч нар  туршлагагүй ч гэсэн хариуцлагатай байх хэрэгтэй. Эмч, сувилагч нарын хариуцлагыг сайжруулах талаар хийж байгаа ажил юу байна вэ?

-Эрүүл мэндийн яам хариуцлагын тухай цоо шинэ хууль дүрэм бий болгож угтах, эргэх, зөвлөх гэх мэт үйл ажиллагаануудыг нэвтрүүлж эмчийн буруутай үйлдлээс болсон тодорхой алдаа гаргасан тохиолдолд иргэдийн гомдол саналыг нь барагдуулдаг механизмийг тогтоож байгаа.

-Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулахын тулд нийслэлд загвар бүхий өрхийн эмнэлэг байгуулахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл дуулгаач?

 -Азийн хөгжлийн банкны  “Хөгжил” хөтөлбөрийн гурав дахь төслийн хүрээнд  нийслэлийн хоёр эмнэлгийг загвар эмнэлэг болгохоор сонгон авсан.  Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны өрхийн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар өрхийн эрүүл мэндийн төвийг сонгоод дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.  Саяхан бид нар сайдын  зөвлөлийн хурлаар энэ асуудлыг нэлээд дэлгэрэнгүй авч хэлэлцсэн. Ерөнхий загвар нь ямар байх вэ. Мөн барилга байшин, хүний нөөц, үйл ажиллагаа нь ямар байх вэ гэдгийг хэлэлцсэн. Одоогийн байдлаар дээрх хоёр эмнэлгийг  физик эмчилгээний болон лабораторийн  тоног төхөөрөмжөөр хангасан байгаа. Ингэснээр хоёр дахь шатлалын эмнэлгийн ачааллыг хэрхэн  бууруулах вэ, мөн тэнд гарч байгаа  зардал өрхийн эмнэлэгт хэр зэрэг ачаалал үүсгэж байна вэ гэдгийг судалж байна.

Тодорхой судалгаа хийсний дараа  бид энэ лабораторийн шинжилгээ, үйлчилгээг өрхийн эмнэлэг дээр цаашид  явуулах эсэхээ шийдэх юм.  Мөн загвар өрхийн эмнэлгээ цаашид яаж өргөжүүлж, хөгжүүлэх вэ гэдгийг холбогдох газруудтай нь хамт хэлэлцэж, шийдвэрлэх болно.

-Удахгүй сэрүүн орлоо. Агаарын бохирдлоос эхлээд хальтиргаа гулгаа гээд иргэдийн эрүүл мэндийг хохироосон асуудал  цөөнгүй гарна. Энэ тал дээр анхаарч байгаа мөн хийж хэрэгжүүлж байгаа доривтой ажил юу байна вэ?

-Иргэдийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарах зүйл олон бий. Үүний нэг нь эрүүл орчинг бүрдүүлэх. Ялангуяа, нийслэл хотод хүйт ороод ирэхээр цас, мөс нь тагтаршаад хальтиргаа гулгаа үүсч, осол гэмтэл ихээр гардаг. Тиймээс Эрүүл мэндийн сайдын багцад байдаг  “Эрүүл мэндийг дэмжих сан”-гаас нийслэлийн Эрүүл мэндийн газарт энэ жил нэг иргэнд ногдох мөнгийг нь жаахан нэмээд 446 сая төгрөгийг өгсөн байгаа.  Үүгээр эрүүл мэндийн анхан шатны сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн үндсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиг үүрэг  өгсөн байгаа. Цаашид энэ зардлыг нэмэх шаардлагатай гэж үзэж байна. 

-Нийслэлд сүүлийн үед эх, нярайн эндэгдэл өсөх хандлагатай байна гэж ярьж байсан.  Энэ нь сүүлийн жилүүдэд төрөлт ихэссэнтэй холбоотой юм болов уу, эсвэл эмч нар болон эмнэлгийн хариуцлагаас болж байна уу. Ер нь он гарсаар хэдэн эх, хүүхэд эндсэн талаар тодорхой тоо баримт дурьдах боломжтой юу?

-Эрүүл мэндийн зарим үзүүлэлт эхний найман сарын байдлаар гарчихсан байгаа. Улсын хэмжээнд  энэ жил эхний найман сарын байдлаар төрсөн эхчүүдийн тоо 3518-аар нэмэгдсэн. Эх, нялхасын эндэгдэл болон  тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл,  нас баралт  буурсан үзүүлэлттэй байгаа. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдсэн.

Гэхдээ улсын хэмжээнд нийт  20 эх эндсэний 15  нь Улаанбаатар хотынх  байна. Үүнээс харахад нийслэлд эх, хүүхдийн эндэгдэл, хоног болоогүй нас баралт нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.  Иймд хотын захиргаа болон нийслэлийн удирдлагууд  энэ асуудалд анхаараасай, хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Нийслэлд өнөөдөр төрөх эмнэлгийн асуудал үнэхээр хүнд байна. Нэг болон гуравдугаар амаржих газрын аль алинд нярайн халдвар гарах нөхцөл үүсчихсэн байна. Тиймээс энэ асуудал дээр тавих анхаарал, хяналтыг сайжруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайжруулах, ариутгал хийх зэрэг асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй байна.