Б.ТУУЛ
Ургийн гажиг үүсгэдэг Зика вирусын халдвар хөрш ОХУ-д нэг, Хятадад хоёр хүнд илрээд байна. Доминикан улсад амраад ирсэн эмэгтэйгээс Зика вирус илэрснээр Орост анхны тохиолдол бүртгэгдсэн юм. Харин Хятадад эхний халдвартай хүн эдгэрч эмнэлгээс гармагц өөр нэг хүнд Зика вирус илэрсэн аж. Венесуэл улсад аялаад ирсэн 34 настай эрэгтэй Шинийн нэгэнд халуурч, толгой нь өвдсөн шинж тэмдгээр эмнэлэгт хандсан нь Зика вирус болох нь оношлогджээ. Түүнийг Жянси мужийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсны маргааш нь /II.15/ хоёр дахь тохиолдол илэрсэн аж. Одоогоор Хятадад Зика вирусын халдвар авсан хоёр дахь хүний талаарх мэдээлэл байхгүй байна.
[caption id="attachment_28285" align="alignright" width="750"]
Зика вирус өнгөрсөн аравдугаар сард Бразильд гарснаас хойш Латин Америк, Карибын 20 гаруй оронд тархаж, 1.5 сая хүн халдвар авснаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онц байдал зарласан билээ. Зика вирус нь жирэмсэн эмэгтэйд халдварласнаар ургийн тархины хөгжлийг зогсоож, оюуны хомсдолтой, жижиг тархитай хүүхэд төрдөг юм. Ийм хүүхдүүд насан туршдаа асаргаа, сувилгаанд амьдрах шаардлагатай болдог. Колумб улсад л гэхэд 4000 жирэмсэн эмэгтэйд Зика вирусын халдвар илэрснээр үр хөндүүлэх зөвшөөрлийг Засгийн газраасаа шаардаж байна.
[caption id="attachment_28286" align="alignright" width="359"]
Зика вирус нь шумуулаар тардаг боловч АНУ-д үрийн шингэнээр дамжин халдсан тохиолдол бүртгэгдсэн юм. Мөн донорын цусаар дамжин Зика вирус халдах магадлалтайг эрдэмтэд анхааруулжээ. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд шумуулаар дамжин тархах Зика вирусын аюул тун бага. Гэхдээ өвчтэй хүнийг шумуул хазсанаар цааш олон хүнд халдвар тархаах магадлалтай. Ялангуяа өдгөө урин дулаан зуны улиралд шумуул элбэгших үеэр халдвар тархаж болно. Түүнчлэн Бразильд ирэх зун Олимпын наадам зохион байгуулагдах үеэр халдвар илүү олон оронд тархах магадлал их байна. АНУ-ын зүгээс Зика вирусын халдвар гарсан орнууд руу иргэдийг тэр тусмаа жирэмсэн эмэгтэйчүүдийг аялахгүй байх зөвлөмж гаргасан билээ.
[caption id="attachment_28287" align="aligncenter" width="535"]
Зика вирусын халдвар зарим хүмүүст илрэхгүй уддаг бөгөөд ханиадтай төстэй шинж тэмдгээр илэрдэг юм. Ихэвчлэн халдвар авсан хүнд толгой өвдөх, халуурах, тууралт гарах, нүд улайх зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. Уг вирус анх 1947 онд Уганда улсын Зика нэрт ойд амьдардаг сармагчнаас илэрсэн тул ийн нэрлэжээ. Зика вирусын эсрэг вакциныг гаргаж авахаар олон улс ажиллаж байна.
Зика вирус Монголд тархах магадлалтай юу?
Дэлхийн гурван тивийн 23 улсад бүртгэгдээд байгаа Зика вирусийн халдвар нь Aedes aegypti зүйлийн шумуул, Aedes төрлийн шумуулаар дамжин хүнд халдварладаг бөгөөд тухайн өвчнийг дамжуулагч дээрх шумуул нь Монгол орны ихэнх нутгаар тархалттай гэдгийг МХЕГ-аас сэрэмжлүүлж байна. Иймд Зика вирусийн халдвар манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэлийг үнэлэх, тандалт хийх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжүүд хонгил, өрөө тасалгаанд шумуул үржиж, үүрлэж байгаа талаарх мэдээллээ Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 70282853, 70282859 дугаарын утсаар яаралтай мэдээлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: www.zms.mn