Э.БЭРЦЭЦЭГ
МҮЭХ-ныхон эрүүл мэндийн салбарт ажиллагсдын ажиллах нөхцөл хүнд, цалин нь хангалтгүй байгаа учраас цалинг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа билээ. Тиймээс Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас энэ талаарх зарим зүйлсийг асууж тодруулсан юм.
-Жил бүрийн наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар” болгон зарласан. Аяны хүрээнд мөн “Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн баталгаа” улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, ажилчдын цалин хөлс, урамшуулал, орон сууц зэрэг олон асуудлыг хэлэлцсэн. Ер нь энэ салбарт ажиллаж байгаа иргэдийн нийгмийн баталгаа өнөөдөр ямар байна вэ?
-Өнөөдөр эрүүл мэндийн салбарт 40 гаруй мянган хүн ажиллаж байна. Тэдний 80 гаруй нь эмэгтэйчүүд байдаг. Эдгээр эмэгтэй ажилчдын дийлэнх хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байна гэсэн судалгаа бий. Мөн 40 гаруй хувь нь амжиргааны баталгаажих төвшинөөс доогуур орлоготой, харин 60 гаруй хувь нь түрээсийн орон сууц, гэр хороололд амжиргаагаа залгуулдаг гэсэн тоо баримт байна. Тэгэхээр өнөөдөр энэ хүмүүсийн бодит өртөг зарлагыг тооцож үзэх хэрэгтэй байгаа юм. Нэг эмч цагт таван хүн үзэх ёстой байтал 20 хүн үзэж байна. Нэг амбулаторын эмч өдөртөө хамгийн доод тал нь 40 хүн хүлээн авч байгаа. Иймэрхүү асуудлаас болж ажлын байрны стресс ихтэй, ихэвчлэн илүү цагаар ажилладаг. Ялангуяа эх барих эмэгтэйчүүдийн эмч, мэс засал, хүүхдийн эмч нар өдөр бүр илүү цагаар ажилладаг. Дээрээс нь цалин хөлсний хүртээмж муугаас давхар ажил эрхэлдэг хүмүүс ч бий. Тиймээс энэ хүмүүсийн эрүүл мэнд давхар мууддаг. Ялангуяа өвчтэй хүмүүсээс элэгний В, С, Д вирус болон дархлалын хомсдлын вирүсээр халдварлах тохиолдол байгаа учраас ажиллах нөхцөл маш хүнд гэж болно.
-Эмч, сувилагчид одоо ойролцоогоор хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
-Эмч 610 мянга, сувилагч 550 мянга, эмнэлгийн туслах ажилчид 400 гаруй мянган төгрөгийн цалин авдаг.
-МҮЭХ-ноос эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалинг нэмэх шаардлагатай гэсэн мэдээллийг хийгээд байгаа. Цалин нэмэх тал дээр салбарын яамнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-2010 онд цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн. Харамсалтай нь цалин нь нэмэгдсэн хэдий ч өнөөдөр амьдралд нь хүрэлцэхгүй байна. Нэг үгээр бол нэмэгдсэн цалин амьдралд бодитойгоор мэдэгдэхгүй байгаа гэсэн үг. Хариуцлагын даатгалын хууль гэдэг цоо шинэ хуулийг Эрүүл мэндийн яам нэвтрүүлсэн. Тийм учраас цалинг шинжлэх ухааны үндэслэлтэй нэмэх тал дээр Эрүүл мэндийн яам хоёр арга хэмжээ авч байна.
Нэгдүгээрт, , эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эмчилгээг төрөл бүрээр нь ангилан, нэгжийнх нь үнийг олон улсын жишгээр тогтооно. Хоёрдугаарт, чанарын асуудал чухал байна. Чанартай тусламж үзүүлье гэвэл үйлчлүүлэгчддээ сайн анхаарч цаг хугацаа зарцуулах хэрэгтэй. Хийсэн ажлынх нь чанар, үр дүнгээр нь цалинг тогтоох механизмыг тогтоож ажиллах юм. Одоогоор энэ талын бүх судалгаагаа аваад дуусах шатандаа явж байна. Тиймээс уг асуудлыг энэ ондоо багтааж шийдвэрлэх боломжтой.